Дэлхий нийт сошиал медиаг нэвтрүүлсэн ч Европын улс орнуудад мэргэжлийн редакцийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, тодруулбал уламжлалт хэвлэлдээ итгэх итгэл өндөр үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь цахим ертөнцийг огт тоодоггүй гэсэн үг бас биш. Тэд сошиалыг өөр зорилгоор ашигладаг. Тухайлбал, мэдээлэл авах гол хэрэгсэл болгодоггүй. Хүн амын 36-37 хувь нь цахимаас мэдээлэл хардаг ч, төрийн мэдлийн 1-2 телевиз, өдөр тутмын сонины мэдээлэлд ач холбогдол өгдөг аж.
Жишээлбэл, Дани улс 5.5 сая хүн амтай. Тэнд өдөр тутмын 5-7 сонин бий. Хүмүүс уламжлалт мэдээллийн хэрэгсэлд илүү ач холбогдол өгдөг, судалгаагаар тэр нь телевиз, сонин гэж гарчээ.Тус улсад өдөрт 100 мянга гаруй сонин борлуулагддаг. Сонины нэг дугаар нь таван доллараар худалдаалагддаг. Гэхдээ сониныг ширхэгээр худалдаж авах нь харьцангуй цөөн гэнэ. Зөвхөн сар, улирлаар нь захиалсан захиалагчдад сонин нь хүрдэг. Бусад хүмүүсийн тухайд дөрвөн хувь нь л сониноос мэдээлэл авдаг байна.
Гэсэн атал тухайн өдөр тутмын сонинуудын пэйж хуудаснуудаас 20 мянган хүн мэдээлэл авдаг аж. Учир нь сонин нь үнэтэй, пэйж хуудсуудаас мэдээлэл авахад үнэгүй. Данид хүн амын 67 хувь нь уламжлалт хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бэлтгэсэн мэдээлэлд итгэж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь ч мэдээнийхээ чанар, хариуцлагатай байдалд анхаардаг.
Монголд 13-аас дээш насны таван сая шахам ухаалаг утас хэрэглэгч бүртгэгджээ. Нэг хүн хоёр утастай байдаг тул энэ тоо хүн амын тооноос илүү байгаа юм. Дээр нь монголчуудын 61 хувь нь сошиалаас мэдээлэл авдаг. Тэр нь баталгаагүй, ямар ч эх сурвалжгүй. Тэгэхээр олон хүн тэрийг уншиж, уурлаж, бухимдаж, тархиныхаа эд эсийг үхүүлж байдаг гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 0 )