Уучлахад урсаад очдог сэтгэл

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

Саяхны өдөр Энхтайвны гүүрээр алхаж явлаа. Миний өмнө халамцуу залуу гуйвж дайван алхах нь нэг л танил. Энэ чинь юу билээ, хэн билээ, за байз... Өнгөрсөн жилийн хавар, биш ээ, бүр хэдэн жилийн өмнө яг энэ зам дээр, яг одоо  гуйвж дайван алхаж байгаа шигээ халамцуу явсан нь санаанд орлоо. Тэгэхэд урд хойноо орон лав л хоёр буудал гаран газар алхсан юм даг. Тэр гартаа англи хэлний ном, барилгын инженерийнх болов уу гэж таасан, геометрийн гурвалжин, дөрвөлжин дүрс бүхий ном сугавчилсан байсан юм даг.

Энэ удаа мань эр амандаа бас дуу аялаастай, “Сэтгэлийн булаг минь, сэтгэлийн булаг минь, чам руу урсана аа, хайрт минь” гэж дультран дуулах аж. Тэгснээ зогсоод “Алив утсаараа ганц яриулчих...” гэнэ. Утасны цаанаас “Хаана яваа юм. Аав ирээд зөндөө хүлээж хүлээж явлаа. Одоо байтлаа чи чинь  гэртээ ирж хонохоо байх нь ээ” гэснээ “Ингэхэд энэ хэний утсаар яриад байнаа, чи” хэмээн нарийнхан хонгор дуу ааштай атлаа нялхамсуу яг л мөнгөн хонх шиг жингэнэнэ. “Хайр нь хүний ажлыг амжуулж өгөөд, ганц юм гаргахаар нь уугаад тас үсэрчихжээ. Ажлын хөлсийг чиний данс руу хийнэ гэсэн шүү. Одоо харин хөгшнийхөө дансанд  ганц 100 татах мөнгө, таксины мөнгөтэй хамт шидчих” гэхдээ над руу нүдээ ирмэх нь хөгжилтэй. Утсыг минь өгөхдөө “гялайлаа” гээд эргэв. Уучлахад уучихсан байсан ч гэлээ урсаад очдог сэтгэл гэж энэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top