Хар тамхины хэргээр ял авсан эмэгтэйчүүдийн тоо жилийн дотор 3 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэж байсан бол 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Жил ирэх бүр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэд ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил энэ төрлийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн нийт хүний 67 хувь нь 16-30 насныхан, тэр дундаа 12 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь анхаарал татаж байна. 

Түүнчлэн хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо жилийн дотор гурав дахин нэмэгдсэн гэх мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн хяналтын прокурор Ш.Анужин өгчээ.

Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах зэрэг үйлдлүүдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсөж байгаа ба 2022 онд 195 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол 2023 онд 308 хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top