Л.Энх-Амгалан: Бид нэг удаагийн “гал унтраах” арга хэмжээ авахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 04 сарын 11

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг зодож, биед нь халдаж байгаа бичлэг түгсэн. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Багш хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэрэг гарсан. Үүнээс болж нийгэмд нэлээн том цочрол үүссэн. Ямар ч байсан бид нэг удаагийн гал унтраах арга хэмжээ авахгүй. Энэ бол бүхэл бүтэн тогтолцооны асуудал юм.

-Өөрөөр хэлбэл, тогтолцоогоор нь өөрчилнө гэсэн үг үү?

-Нэгдүгээрт, багш нарыг сургаж байгаа сургалтын хөтөлбөрүүдээ эргэж харах ёстой. Энэ багш бол туслах багшаар бэлтгэгдсэн юм билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажилласан. Сугалааны цэцэрлэгийг халахад 1200 гаруй багш шинээр ажилд авсан байна. Ихэнх нь туслах багш нар бэлтгэгдсэн. Туслах багш нарыг маш богино хугацаанд бэлдсэн болохоор багшийн эзэмших, хүүхэдтэй харьцах сэтгэлзүй, багшийн эзэмших ёстой ур чадвар дутуу гэсэн эрсдэл үүссэн гэж харж байна. Хоёрдугаарт, хоёр жилийн өмнөөс цэцэрлэгийг аль болох камержуулах ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр төрийн хэмжээнд 1000 орчим цэцэрлэг бий. Үүний 70-80 хувийг нь бүрэн камержуулсан байна. Гэхдээ камертай байх нэг асуудал. Гол нь тэр камераар дамжиж эцэг, эхчүүд мониторинг хийх, тэр боломжийг нь бид хангах үүднээс хөгжүүлэлт хийж байна.

-Сургууль, цэцэрлэгт Ёс зүйн зөвлөл гэж бий шүү дээ?

-Сургууль, цэцэрлэгт бид Ёс зүйн зөвлөлийг байгуулсан. Өмнө нь энэ зөвлөл байдаггүй байсан. Энэ Ёс зүйн зөвлөлөөр ганцхан энэ багшийн асуудал биш тогтолцооны хувьд өөрчлөх ёстой. Төрийн өмчийн бүх сургуульд сэтгэлзүйч ажиллуулж байна. Цэцэрлэгт ч гэсэн сэтгэлзүйч ажиллуулах шаардлагатай. Ёс зүйн зөвлөл маш сайн ажиллах ёстой.

-Тухайн багшид ямар хариуцлага тооцсон юм бэ?

-Энэ чинь гэмт хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Ер нь манай салбарт ийм ёс зүйгүй багш байж болохгүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.66.11) 2024 оны 04 сарын 12

Энхамгалан худлаа гар улаан попорчин. боловсролыг 30 жилээр ухраасан.

0  |  1
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 11

,Бсзээл тэглэсэн авилга авсан нь тодорхой энэ асуудлаа мартуулах гээд бна уу өчнөөн хууль зөрчсөн биздээ бас хүүгээ төл новшоо сонгуульд ойртох ч хэрэггүй ичих нүүртэй бай

0  |  0
bagsh(202.9.46.216) 2024 оны 04 сарын 13

Хурал хийгээд асуудлыг шийдэхгүй. БШУ-ны сайд шийдвэртэй арга хэмжээ ав. СУИС- дээр өчнөөн хэрэг гараад байхад захирал нь яагаад халагддаггүй юм бэ ? Энх-амгалангийн хамаатан садан юмуу? Сонинтогосын тэтгэврийн нас нь хэтэрчихсэн юм байна лээ шүү

1  |  0
Top