WEEK in BRIEF I С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийн эрхийг сэргээхээр болж, эхнэрээ хөнөөсөн сайд бүх нийтийн анхаарлыг татав

2024 оны 04 сарын 13

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


 

-ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНЭЭС ДАВСАН ХЭСГИЙГ ЭКСПОРТОЛНО-

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дунд газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол багтсан. 

Тус тогтоолоор хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэх,  тухайн жилийн улаанбуудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлаж, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаанбуудайн бодит үнийг  наймдугаар сард багтаан тооцож байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.

Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо худалдан авсан үнийн дүнгийн 30 хүртэл хувиар, 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлэлээ.

 

-ЭХНЭРЭЭ ХӨНӨӨСӨН САЙД АСНЫГ ШҮҮХ ЗУРГАА ДАХЬ ХУРАЛ БОЛЛОО-

 

 

Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеноваг хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан билээ. Уг хэрэг казах түмнийг цочирдуулж, олон улсын анхаарлыг ч татаж байна.

Амиа алдсан Салтанат Нукенова нөхрийнхөө хардалт, дарамт, удаа дараагийн зодуураас болж салахыг хүсэхэд Куандык Бишимбаев рестораны VIP өрөөнд зодож, аминд нь хүрчээ. Үндэсний эдийн засгийн сайд асан 44 настай бол эхнэр нь 32 настай байв. Сайд асанд 20 хүртэлх жилийн хорих ял оноохоор байгаа юм. Олон улсад гэр бүлийн хүчирхийллийн сэдэв рүү олны анхаарлыг хандуулаад байгаа энэ хэргийн зургаа дахь шүүх хурал Бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 10-нд боллоо.

Хохирогч бүсгүйн өмгөөлөгч болон ах, дүү нар Бишимбаев эхнэртээ байнга гар хүрдэг байсныг илчлэх зургуудыг харуулж, шүүх нотлох баримтуудыг хэлэлцсэн бол сайд асан эхнэрээ санаатайгаар хөнөөгөөгүй, Салтанатын нүүрэн дэх гэмтлүүд өөрөө унаснаас нь болж үүссэн гэмтэл гэлээ. Бишимбаеваас буруугаа хүлээж байгаа эсэхийг нь асуухад “Би буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Салтанатыг хэзээ ч тамлаж байгаагүй. Буруугийн мэдрэмж мэдэрч байна. Харин санаатайгаар онц хэрцгийгээр аллага үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй. Түүний үхэлд миний буруу байгаа, миний үйлдэл түүнийг үхэлд хүргэсэн гэдгийг бол би хүлээн зөвшөөрч байна. Би гүнээ гэмшиж байна. Гэхдээ түүнийг санаатайгаар хэрцгийгээр хөнөөхийг хүссэн, тамласан гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Зодож цохисон, гэхдээ алах гэж биш, ийм үр дагавар гарна гэж бодоогүй...” гэв.

 

-Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫН ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА-

 

 

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирлыг нөхөн барагдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоор ахлуулахаар болсон байна. 

Сануулахад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар өөрсдийгөө хэлмэгдэж, шоронд суусан, хөдөлмөр эрхлэх ажил мэргэжлийн боломжоо алдсан, нэр хүндээ алдсан хэмээн хохирлоо нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч тэдний хүсэлтийг хүлээн аваагүй буцаасан байдаг. 

 

-МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 2024 ОНД 4.1%-ИАР ӨСНӨ ХЭМЭЭН ТООЦООЛОВ-

 

 

Азийн хөгжлийн банк /АХБ/ 2024 оны дөрөвдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа 2023 онд 7.0%-ийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1%-иар өснө хэмээн тооцоолсон байна.

2023 онд ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн. Инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ.

Эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч 6.0 хувьд хүрнэ гэж таамаглажээ.

“Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэ хандлага үргэлжилнэ гэж бид таамаглаж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Дөрөвдүгээр сарын эхний байдлаар зургаан сая гаруй толгой мал хорогдсон, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгааг харахад хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол авчирч буй зудын гамшиг энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ нь Монгол Улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай" хэмээн онцлон тэмдэглэв.

Инфляцын түвшин 2024 онд 7.0%, 2025 онд 6.8% болж буурах төлөвтэй байгаа ч энэ нь өндөр үзүүлэлт хэвээр байна. Сүүлийн үеийн эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай болох төлөвтэй байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын гамшиг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно. Харин түүхий эдийн үнэ өсөх, нүүрсний борлуулалт нэмэгдэх, Оюу толгойн уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх зэрэг нь төсөөллийг өсгөх магадлалтай гэсэн байна.

 

-ӨСВӨР НАСНЫ ОХИН ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ГУРВАН ХОЛБОГДОГЧИЙН ҮЙЛДЭЛ НОТЛОХ БАРИМТААР ТОГТООГДОВ- 

 

 

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, нэр холбогдсон алба хаагчийг саатуулаад байгаа бөгөөд  Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн гэх мэдээлэл энэ долоо хоногт гарсан. 

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад 

"Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн.

Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан.

Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллана" гэх тайлбар мэдээлэл өгсөн байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top