Арилжааны банкууд энэ жил 600 тэрбумыг “Шинэ хоршоо”-нд гаргах боломжтой

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар өрнөх гэж байна. Малчид, мал бүхий иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой хоршооны үйл ажиллагааг зохицуулах хуулийг УИХ-аар өнгөрсөн 7 хоногт баталсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийхдээ Зээлийн батлан даалтын сан гэдгээр дамжуулан санал худалдаж авах аргыг хуульчилж байна гэв. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт болсон “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөгт Зээлийн батлан даалтын сан болон ХААН банк ,Төрийн банкны удирдлагууд оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Арилжааны банкууд төрийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн эх үүсвэрээс “Шинэ хоршоо”-ны гишүүн малчдад зээл олгох юм. Банкууд энэ хөтөлбөрт зориулж зөвхөн энэ жилд 600 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой гэдгээ илэрхийлсэн гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх өдөрлөгийн үеэр мэдэгдсэн юм. Малчид, хоршооны төлөөллүүд зөвхөн нэг удаад зээл тэглээд үр дүнгүй, 5-10 жилийн урт хугацаандаа амьжиргаагаа дээшлүүлэх 5 их наядын хөтөлбөрийг илүү сонирхож байгаа юм.

 

 

Хөтөлбөртэй холбогдуулан Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар хэлэхдээ:

-Малчид хоршооны хэлбэрээр ажиллаж хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой хууль батлагдлаа. Энэ хуулийн хүрээнд Төрийн банк хамтран ажиллахад бэлэн байна. Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалт гаргах учраас банкны зүгээс хойрго хандах асуудал байхгүй. Гэрээнд гарын үсэг зурагдчихвал энэ долоо хоногоос зээл олгогдож эхлэх боломжтой гэж харж байна. Энэ зээлийн хүрээнд Монголбанкны талтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн.

 

 

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан:

-Өнөөдөр малчид 5-10 сая төгрөгийн зээлийг өндөр хувийн хүүтэй авч байгаа бол энэ удаа Зээлийн батлан даалтын сан орж ирснээр 20-50 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг хоршиж нэгдэж хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр авч болох нь. Малчид тэжээлээ бэлдэх, махны зоорь барих, түүхий эдээ зарж борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой зээлийг хоршоондоо авч байгаагаараа давуу талтай. Зээлийн батлан даалтын сангаас бүх талын заавар, зөвлөгөө өгнө, хяналт тавина, дэмжээд ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top