“Saudi Aramco” компани Хятадын “Hengli Petrochemical” хувьцааны 10 хувийг худалдаж авна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани Хятадын газрын тос боловсруулагч “Hengli Petrochemical” компанийн 10 хувийг худалдаж авах тухай хэлэлцээ хийж байна. Хэлцлийн өртөг нь 1.5 тэрбум ам.доллар. Нэг жилийн өмнө “Saudi Aramco” компани Хятадын мөн л газрын тос боловсруулагч “Rongsheng Petrochemical” компанийн 10 хувийг авсан тухай зарлаж байсан билээ.

Энэхүү хэлэлцээг ““Saudi Aramco”” компанийн гол гол зах зээлд байр сууриа бэхжүүлэх, шингэн бүтээгдэхүүнээс химийн бодист шилжих хөтөлбөрийг хөгжүүлэх, түүхий газрын тосны урт хугацааны нийлүүлэлтийг хангахад чиглэсэн стратегийн зорилтын хүрээнд явуулж байна гэж “Aramco Downstream” ерөнхийлөгч Мохаммед Аль Кахтани мэдэгджээ.

Хятадын “Hengli Group” группийн охин компани болох “Hengli Petrochemical” өдөрт 400 мянга баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай цогцолбор болон хэд хэдэн үйлдвэр, үйлдвэрийн объекттой. “Hengli Petrochemical” компанийн 10 хувь хувьцаа ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Дэлхийн түүхий газрын тосны хамгийн том нийлүүлэгч болох “Saudi Aramco” Хятадын “Hengli Petrochemical” компанийн 10 хувийг эзэмшсэнээр Саудын Араб Хятадын эрчим хүчний зах зээлд өөрийн байр сууриа бэхжүүлэх боломжтой болно.

2023 оны гуравдугаар сард “Saudi Aramco” компани Хятадын “Rongsheng Petrochemical” компанийн 10 хувийг 3.6 тэрбум ам.доллароор худалдан авсан тухай мэдэгдэж, “Shandong Yulong Petrochemical” болон “Shenghong Petrochemical” компаниудын тодорхой хувийн худалдан авах тухай хэлэлцээ хийж буйгаа зарлаж байсан билээ. Үүнээс гадна “Saudi Aramco” Хятадын талтай хамтран Улаан тэнгисийн эрэг дээрх газрын тос боловсруулах үйлдвэрийг хамтран эзэмшдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top