АНУ-д хиймэл оюуны дэд бүтцийн хөгжлийн сан байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 19

АНУ-ын хөрөнгө оруулалтын “BlackRock” компани “Microsoft” компанитай хамтран хиймэл оюуны ухааны дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын сан байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд шаардлагатай эрчим хүчний болон дижитал дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд томоохон хөрөнгө оруулагчид хүчээ нэгтгэж байна.

“Global AI Investment Partnership” нэртэй энэхүү сангаар дамжуулан 30 тэрбум ам.долларыг хувьцааны хөрөнгө оруулалт хэлбэрээр, 70 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн хувиар татахаар зорьж байна. “BlackRock” компанийн ерөнхий захирал Ларри Финкийн мэдэгдсэнээр, хиймэл оюун ухааны дэд бүтцийг байгуулахад мэдээллийн сан, эрчим хүчний объектууд зэрэг хувийн хөрөнгө оруулалтыг татсанаар олон их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын урт хугацааны боломжуудын нээж байна.

Олон улсын энергийн агентлагийн мэдээллээр, сүүлийн үед мэдээллийн төвүүдийн эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөж байна. 2026 он гэхэд мэдээллийн сангуудын эрчим хүчний хэрэглээ 1000 мегаватт/цаг-т хүрэх магадлалтай байна. Энэ нь 2022 оны үзүүлэлтээс хоёр дахин их юм. Дашрамд дурдахад, хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаагаас үүдэн зэсийн хомстол нүүрлэж магадгүй гэж “BHP” компани мэдэгдэж байсан билээ. Судалгаанаас үзвэл, 2050 он гэхэд зэсийн эрэлт 72 хувиар өсөж, 52.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Мэдээллийн сангууд нийт зэсийн долоон хувийг хэрэглэх төлөвтэй байгаа тул цэвэр эрчим хүчний салбарын хомстлыг улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top