Шон Диддигийн эсрэг ШҮҮХЭД ИРСЭН ГОМДЛУУД

2024 оны 10 сарын 03

Нью-Йорк хотод есдүгээр сарын 17-нд Америкийн шоу бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий продюсер, уран бүтээлчдийн нэг болох рэппер Diddy-г баривчилсан билээ. Үүнээс хагас жил гаруйн өмнөөс олон эмэгтэй Diddy-гийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн худалдаанд оролцуулсан гэх гомдлыг шүүхэд гаргасан юм. Шон Диддиг сошиалаар хүмүүс өөрсдийнхөөрөө яллаж, үйлдсэн гэмт хэргийг нь тоолж байгаа. Тэгвэл шүүхэд ирсэн гомдлуудын талаар Forbes Life ийнхүү мэдээлжээ.


Есдүгээр сарын 17-ноос хойш 1990-2000-аад оны гол хип хопчидын нэг, өөрийн дуу бичлэгийн компанийн продюсер P.Diddy (жинхэнэ нэр нь Шон Комбс)-гийн дуунууд дахин олонд эрэлттэй болж эхэлсэн. Үүний шалтгаан нь уран бүтээлчийг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, айлган сүрдүүлсэн зэрэг хэргээр баривчилсан явдал байв.

Комбс 1990-ээд онд карьераа эхлүүлсэн. 1993 онд тэр Bad Boy Records-ыг үүсгэн байгуулж, 1997 онд менежерээр ихээхэн амжилтанд хүрээд тухайн үеийн шинэхэн уран бүтээлч Usher-тай хамтарснаар Puff Daddy нэртэйгээр No Way Out дебют цомгоо гаргажээ. Цомог АНУ-д борлуулалтаараа долоон удаа тэргүүлж, Комбст Шилдэг рэп цомог төрөлд Грэммийн шагналыг авчрав.

Дараагийн бараг 20 жилийн хугацаанд түүний нэр Америкийн шоу бизнестэй бараг ижил утгатай болжээ. Комбст компани, томоохон корпорацуудтай холбоотой хэдэн арван бизнес бий. 2022 онд Forbes түүний хөрөнгийг 1 тэрбум ам.доллараар үнэлсэн нь рэпперийг Jay-Z-гийн дараа орох хоёр дахь баян хип хоп уран бүтээлч болгожээ.

Буруутгал

Diddy-д холбогдох хэргийн тухай мэдээ анх 2023 оны арваннэгдүгээр сард гарсан юм. Түүний экс найз бүсгүй, студийнх нь уран бүтээлч байсан Кассандра Вентура хэдэн жилийн турш Шон Комбсын бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд байж, хувийн амьдрал болон ажлаа бүрэн хянуулж байсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэн билээ. Арваннэгдүгээр сарын 26-нд бүсгүй шүүхэд гомдол гаргажээ. Дараагийн өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 27-нд Вентурагийн Комбсоос нэхэмжилсэн 30 сая ам.долларыг барагдуулсан байна. Бүсгүй CNN-д ярихдаа “Асуудлыг эв найрамдалтай замаар шийдсэн” гэжээ. Үүнийг үл харгалзан Вентурагийн мэдэгдэл Комбстой холбоотой хүчирхийлэл, хүний наймаа, биеэ үнэлэлт, мансууруулах бодисын хэрэглээ, айлган сүрдүүлэх, мөнгө угаах болон бусад гэмт хэргийн чиглүүлэх цэг нь болсон юм. Хэргүүд ар араасаа гарч ирж, бараг арван хүн Комбстой холбоотой хэргийн талаар илчилсэн.

Арваннэгдүгээр сарын 23-нд үл мэдэгдэх эмэгтэй Комбсыг болон уран бүтээлч Аарон Холлыг буруутгаж “Тэд 1990-1991 онд намайг болон найзыг минь хүчирхийлж байсан” гэжээ. Бүсгүйчүүд Нью-Йоркт болсон Комбсын компанийн арга хэмжээн дээр хоёр уран бүтээлчтэй уулзсанаас хойш хүчирхийлэлд байсан аж. Мөн тухайн өдөр Жои Дикерсон-Нил гэх бүсгүй Комбсын эсрэг гомдол гаргаж “Тэр 1991 онд намайг коллежийн оюутан байхад хүчирхийлж, видео бичлэг хийсэн” гэсэн билээ. Энэ хоёр гомдол хоёулаа Нью-Йоркийн шүүхэд очжээ.

2023 оны арванхоёрдугаар сарын 6-нд нэгэн эмэгтэй Diddy-г бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа групп хүчирхийлэл, хүний наймаанд буруутгажээ. Түүнийг 17 настай байхад 2003 онд Комбсын Bad Boy Records-ын тухайн үеийн ерөнхийлөгч Харв Пьер тэргүүтэй гурван хүн хүчирхийлсэн аж. Харв Пьер бүсгүйг хувийн онгоцондоо суулгаж, Комбс, Пьер болон бас нэгэн эрэгтэй гурвуулаа бүсгүйг хүчирхийлжээ.

Тухайн өдөр бас нэгэн эмэгтэй Instagram хуудсаараа дамжуулан  Комбсын эсрэг зүйл бичсэн ч рэппер “Хурдан ашиг олохыг хүсэж байгаа хүмүүс миний эсрэг хортой зүйл гаргаж ирж байна. Намайг туйлын тодорхой байхыг зөвшөөрөөч. Би энэ яригдаж байгаа шиг аймшгийн зүйл юу ч хийгээгүй. Би нэр төр, гэр бүлээ хамгаалахаар үнэний төлөө тэмцэх болно” гэж бичсэн юм.

2024 оны хоёрдугаар сард Diddy-гийн хэргийн хохирогч гэж анх удаагаа эрэгтэй хүн мэдэгдэл хийв. Хөгжмийн продюсер Lil Rod Жонс хөлсний секс ажилтантай бэлгийн харьцаанд орохыг тулгасан гэж Комбсыг буруутгажээ. Жонс мэдэгдэлдээ “Шон Дидди байнга хаалттай үдэшлэг зохион байгуулж, насанд хүрээгүй охид, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс оролцдог зугаа цэнгээний уг арга хэмжээг дуу хөгжмийн салбарынхан янз бүрийн алдартнуудтай танилцаж, харилцаа үүсгэх “боломж” гэж хардаг байсан” гэжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Diddy-гийн эсрэг хоёр гомдол зэрэг ирэв. Эхнийхийг нь Манхэттены холбооны шүүхэд модель байсан Кристал МакКинни гаргаж “Diddy 2003 онд надад мансууруулах бодис хэрэглэхийг тулгаж, өөрийн дуу бичлэгийн студидээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэсэн бол хоёр дахь нь Эйприл Лампрос гэх эмэгтэйн гомдол юм. 1995-2001 оны хооронд Комбс уг эмэгтэйг гурван удаа хүчирхийлж, албадан дур тавихыг шаардаж байсан гэнэ.

Эцэст нь хагас жилийн хугацаанд ирсэн гомдлуудын дараа холбооны мөрдөгч нар гомдол гаргасан хүмүүсийг дуудаж, мэдүүлэг авахаар болжээ. Ийнхүү явсаар Diddy-гийн хэрэг хэрхэн өрнөж, дэлхий дахины анхаарлын төвд орсныг бид мэднэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.200) 2024 оны 10 сарын 05

Эр эмгүй хөгшин залуугүй туушиндаж байжээ, муу лүд чинь!

0  |  0
Top