Ж.Галбадрах: Боловсролын төсөв 700-500 тэрбум болж буурсан шалтгаан юу вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр /2024.10.23/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Эндээс боловсролын төсөв, бодлоготой холбоотой зарим асуулт, хариултыг онцолж байна. 

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавын танилцуулснаар Боловсролын сайдын урсгал зардлын төсвийг 663.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 4,090.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардлыг 294.2 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 26.0 тэрбум төгрөг, нормативт зардлыг 67.7 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 92.5 тэрбум төгрөг, Засгийн газрын урсгал шилжүүлгийг 32.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой аж. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсвийг 198 төсөл, арга хэмжээнд нийт 506.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 7 төсөл, арга хэмжээнд 85.6 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хурлын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Өнгөрсөн жил нийтдээ 32 сургууль, 99 цэцэрлэгийн барилгыг 23,6 тэрбум төгрөгөөр түрээсэлж ажилласан байна. Өөрөөр хэлбэл, 17800 гаруй суудал бүхий сургууль, 11980 ортой цэцэрлэг ажилласан гэсэн үг. Энэ тоог харахад олон хүүхдийг хамарсан гэдгээрээ давуу талтай юм. Харин 23,6 тэрбум төгрөгөөр 4 сургууль, цэцэрлэг барих учраас хүртээмжийг нь чухалчлах нь зөв гэж үзэж байна. Богино хугацаандаа түрээслэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ч дунд хугацаандаа шийдэгдэх асуудал юм. Энэ жил 90 сургууль, 62 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар сургуулийн 40610 суудал, цэцэрлэгийн 9540 ор нэмэгдэж байна. Дээд боловсролын салбарын урсгал зардалд энэ жил 164,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардалд 14,5 тэрбум төгрөгийг тусгасан" гэх мэдээллийг өгсөн. 
 


УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Боловсролын сайдаас "Эдийн засаг өсөж, төсөв тэлж байхад боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 40 хүүхдээс давсан 4860 ангид 214 мянган хүүхэд суралцаж байна. Харин 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Улсын хэмжээнд 6000 гаруй хүүхэдтэй хоёр сургууль байна. 1800-аас дээш хүүхэдтэй 124 сургуульд 3680 хүүхэд суралцаж байна. Энэ нөхцөлийг хэвийн болгохын тулд 150 сургууль барих зайлшгүй шаардлагатай. Тиймээс сургуулийн хүртээмжийг хэзээ нэмэгдүүлэх вэ, боловсролын салбарт өнгөрсөн жил 700 тэрбумыг төсөвлөж байсан. Энэ жил 500 тэрбум болгож буурууллаа, хөрөнгө оруулалт буурсан шалтгаан юу вэ, багшийн хомсдолыг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ?" гэсэн асуулт тавьсан юм. 

Боловсролын сайд П.Наранбаяр үүнд "Өнөөдөр 1800-гаас дээш хүүхэдтэй сургуулийн тоо орон нутагт 39, нийслэлд 87 сургууль байна. Хүүхдийн тоо 1800-гаас дээш давсан нөхцөлд үнэхээр сургалтын үйл ажиллагаа явуулах амаргүй. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлдөө чиглэж байна. Хөгжлийн суурь болох эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх бодлого баримталж буй. Эрчим хүчний  хүртээмжийг нэмэгдүүлсний үндсэн дээр сургууль, цэцэрлэг шинээр барих бодлого баримтлах нь зайлшгүй. Багшийн хомсдлыг бууруулах талаар 6 багц арга хэмжээг зарлаж байна. Тухайлбал, багшийн мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарыг татах, тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах, шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд 80-аас дээш үнэлгээтэй суралцаж буй оюутнуудыг багшлуулах, сургалтын цагийн норм 19 цагтаа хүрээгүй бол зарим багш нарт ижил төстэй хичээл заалгах, багш бэлтгэх их, дээд сургуулийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах, цахим сургалтыг хичээл сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх 2026 оны төсөв өнөөгийн боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэнэ гэдэгт итгэж байна" гэсэн хариулт өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.16) 2024 оны 10 сарын 26

боловсролын системийг өнөөгийн эмгэнэлт байдалд хүргэхэд онцгой гавья байгуулсан хүн гэж ойлгодог

0  |  0
Ц(202.9.46.176) 2024 оны 10 сарын 24

3 ээлжээр хичээллэж 1 ширээнд 3раа сууж.3 буудал алхаж харанхуйд харьж б.а..зөв юманд зарцуулахгүй..

1  |  0
zochin(49.109.7.169) 2024 оны 10 сарын 24

chanargui surguuld thag mungu urdeg on duusan shu ⁉︎ erhem 60onoor setgej boddog bolovsrolgui darga naraa ⁉︎ ard tumen odoo ta nariig unegui tejeedeg ta nart huurtagdag duusan shu ⁉︎ huviin ymarch chanargui surguuld tulbur tulj thagaa urj tugsuud ymarch ajilguin ih ayul yum hudalch hulgaich huviin surguulda arga hemjee avhaa bol chadvargui thalin hulgaildag bagch nar baihguin deerdee

1  |  0
Top