Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид
Өмнөх үед утга зохиолын шүүмж судлал нэг намын үзэл суртлын сумаар зохиолчдын зүрхийг сэглэдэг байсан бол өнөөдөр амь тариа шахуулчихаад эмнэлгийн орон дээр хэвтэрт орсон шиг болжээ. Сортоотой явааг харах нүдгүй, саарал бүтээлийг шигшдэг зүрх зориггүй болчихсон юм уу? хаашаа юм... Харин зохиолч, зохиолчийгоо мэдэхийн дээдээр мэднэ, хэн хаана явааг андахгүй, нээвэл нээсэн шиг хэлж дөнгөнө. Шинэ сэргэг бүтээл, роман, туужийг гүйцэд уншиж таниагүй, төгс төгөлдөр мэдрээгүй шүүмжлэгчдээс зохиолчид юуг хүсэхсэн билээ. Та миний номын тухай үгээ хэлдэггүй шүү гэж гомдоллодог залуучууд тааралддаг. Энэ бол болж байгаа, болохгүй байгаагаа мэдье гэсэн хүлээлт гэхэд болно.
Ийм бодлын үүднээс үг нэмэрлэе гэж хэдийнээс бодоод өнөөдөр хүрчээ. Насан туршийн өрсөлдөгч гэхгүй ээ, гэхдээ л чанга өрсөлдөгч байсан... Салж хагацахгүй нөхөрлөдөг анд биш хэрнээ анд ч юм шиг, өрсөлдөгч биш хэрнээ өрсөлдөгч болж авьяасын дөлийг үг, өгүүлбэр бүрээсээ дүрэлзүүлэн, юмыг өөрөөр хардаг нүд, бусдаас биш, өөрийгөө өдөр бүр нээж чаддаг үзэг нэгт Долгорын Цэнджавын талаар үг хэлэхгүй бол алдас болно гэж санаад үзгээ авлаа. Энэ хүнийг олон жил харж, ажиглаж, уншиж, сорьлоо. Дарах тусмаа хүч чадал, ааг амт ордог үргэлж шинээр дэлбэрч тэсэрч, асгарч сагаж байдаг хэрнээ, рашаан мэт ач тустай хийж бүтээх сэдэл өгч намайг хурцалдаг амттайхан дарс-мөнхийн ус юм.
До.Цэнджавын хувьд дүрийг ч доторлоно, үйл явдлыг ч доторлоно. Өөрөөсөө доошоогоо 10, 20 жилээр ухрааж харвал зэгсэн бичиж байгаа янз бүрийн насныхан байвч тэрбээр өнөөдөр Монголын их утга зохиолын нэрийн хуудас болж яваа цөөхөн хүний нэг нь яах аргагүй мөн.
Гэвч энэ нөхөр шиг нэг өгүүллэгээс нөгөө рүү, нэг туужаас дараачийнх руу, нэг романаас нөгөө рүү цоо шинээр төрж, хуучин бууриа эргэж харалгүй сэлгэж, дахин, дахин хөрвөх чадалтайг үнэндээ олж харахгүй байна. Үгийн ид шидээр нүгэл, буян хоёрыг нүдний хар, цагаан шиг ялгаж, хүмүүний сэтгэл зүрхийг хөгжим адил хөглөж, хорвоогийн явдлыг алган дээрээ дэнслэн бодох ухаан хайрладаг нь түүний зохиолын үнэ цэн юмаа.
Монголын үргэлжилсэн үгийн зохиолд гучаад жил өрсөлдөж, тэмцэлдэж, зарим тохиолдолд ахархаж, ихэрхэж явсан ч Долгорын Цэнджав гэдэг нөхөр яалтгүй зохиолчийн мах цусанд төөрөлдөөгүй төрсөн нэгэн болохыг уншигч өргөн түмэн хүлээн зөвшөөрч хүсэж хүлээдэг болсоор олон он жил болжээ. “Сайн морийг унаж мэднэ, сайн номыг уншиж байж тайлдаг” болохоор номыг нь барьж үзээгүй, уншиж үзээгүй нь хэн бэ? тэр чинь гэж магадгүй. Түүнтэй хувийн харилцааны хувьд хундага нэг, хувь заяа нэг яваагүй. Бузгай дотно биш ч гэлээ, бултах аргагүй сэтгэл нэгэн. Хэлье гэсэн юмс хэлэн дээр үе, үе торолзож байсан ч 30-аад жилийг ардаа өнгөрөөжээ. До.Цэнджавтай өдөр тутмын хоёр, гурван ч сонины халуун тогоонд Дөнгөтийн Цоодол, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дамбын Цэмбэл нарын аваргуудтай дөрөө харшуулж, үзгээ хурцалж, үг хэлээрээ тэрсэлдэж явахад өөр сонин руу буурь солигдсон ч, үргэлж бидний толгой дээрээс тоншиж, үргэлж биднийгээ шүүж, үргэлж танаас өөрийг хүлээж байгаа шүү гэж шавдуулж, ташуурдаж явсан нөхөр бол хэд хэдэн өдрийн сониныг удирдаж байсан До.Цэнджав байсан юм. Өөрөө ч том сэтгүүлч болохоороо шүүмжилдэг өөлдөг юм чамгүй ч, шинэ санаа, шинэ асуудал, алив нэг халуун сэдвийг ухаж гаргаж ирэхдээ гойд бөгөөд жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүл зүйд зүтгэлцсэн хүний нэгэн билээ. Миний хувьд гэхэд, Ж.Лхагватай хамт сонгуульд оролцсон паянтай “Төрийн хэргэм” өгүүллийг болон Халхын голын ялалтын 55 жилийн ойгоор бичсэн “Захирамжтай заамдалцан хуурай агсам тавихын учир” асуудал дэвшүүлж, заргалдсан нийтлэлийг маань сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Цэнджавын хатгаас тушаалаар бичсэн юм. Их ялалтын ойг Оростой биш, Японтой хамтран тэрүүхэн Халхын голын хавиар бараг хаалттай тэмдэглэх санаа агуулсан Ерөнхий сайдын алдаатай захирамжийг хурцаар шүүмжилж, ес хоногийн дотор засаж залруулан Засгийн газрын тогтоолыг өөрчилж, шуугиан тарьж хэл аманд өртөж явахад маань ганцаараа хамгаалж надад хань түшиг болсон эр зоригтон тухайн үеийн тэрс үзэлтэн бол До.Цэнджав л байсан.
За тэр мэтийг орхиж, До.Цэнджавын “Цэвдэг жаран” I, II боть, “Босоо жаран”, “Элэгдэхийн аргагүй он жилүүдийн мөрөөр“, “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин”, “Маргааш л дайн эхэлчих юм шиг 1080 хоног“, “Цагаагчин гахай жил” I, II боть, “Бөмбөгөр ногоон”, “Хөх жавар”, “Алтан жүн жор” роман тууж, эсээ, өгүүллэгийн 11 ботиос гадна онол, шүүмж судлалын “Утга зохиолын боловсрол”, “Утга зохиолын шүүмж судлал”, “Зохиолчийн урлан судлал” гээд 14 боть ном миний гэрийн номын санд бий. Бас л том тоо шүү. Яахав, бидний уянгын зохиолын дэвсгэр өнгө заримдаа ч нийлнэ, заримдаа ч тэс өөрөөр тэнгэр газар шиг болоод явчихна.
С.Дашдооров, Д.Гармаа, С.Пүрэв, Ж.Дашзэвгэ нарын өгүүллэгийн мастеруудтай хамт “Утгын чимэг богино өгүүллэг”-ийн наадамд намайг 30 гаруй жил тэмцэлдэж хойно, урдаа орж явахад түүний “Мэнгэ”, “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Морь”, “Найрын дарга”, “Дээдэс өршөө” өгүүллэгүүд үнэндээ миний ар шилэн хүзүүн дээр амьсгал нь бүү хэл, зүрхний цохилт нь хүртэл мэдрэгдэж байлаа. Хамгийн сүүлд их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит богино өгүүллэгийн наадамд “Тамга” өгүүллэгээр миний өмнүүр яалтгүй шургасанд хүлээн зөвшөөрч, дуулиан шуугиан нь намдаагүй, хундага дарсны харшилдах нь сонсогдож байх тэр торгон агшинд нь шууд холбогдон баяр хүргэсэнсэн. Монгол, Өвөр монгол, Буриад, Тува, Халимаг зэрэг монгол угсаатан зохиолчдын бүтээл оролцсон энэ наадамд миний “Морин цэргийн дууль” өгүүллэг эхний гуравт багтсан басчиг шөрмөстэй л өгүүллэг байсан. Би л лав зодог тайлахгүй, харин тэр дахин “Утгын чимэг” наадамд зодоглохгүй гэж үзэгч олны өмнө хэлсэн гэнэ лээ. Харих яагаа ч үгүй, оюун санаа бяр хүч тэгширсэн хүүрнэлчийн алтан үедээ зодог тайлна гэдэг хохь чинь... гэж би дэмий л бухимдаад өнгөрсөн. Зохиолч, уран бүтээлч хүн аливаа уралдаанд оролцохгүй зодог тайлна гэж юу байсан юм бэ? Богино өгүүллэг гэдэг бол босоо урлан, босоо ухаан, босоо багтаамж, босоо хийморь байдаг. Гурван говийн дунд дуу, найраг, айраг цагаа, асгарсан сэтгэлээрээ цанхаалдаг Дундговьд духандаа адууны туурайн тамгатай Дооровыгоо дээдлэн санаач. Үргэлж л шартчихсан юм шиг үг дуу цөөнтэй явдаг алдарт яруу найрагч, гэхдээ товч тодорхой гүн санаатай айхтар үг хэлчихдэг жижиг биетэй ч жинтэй бие хүн Д.Нямаагаа санаач. Юун яасан зодог тайлах хэмээн хашгирмаар санагдсан. Түүний нутгийн “Болор цом"-ын эзэд Ц.Чимэддорж, Б.Доржпалам, Д.Төрбат гээд найрагчид ар араасаа жагсаатай бий. Цэнджавт ч гэсэн “Болор цом”-ын л ханштай “Хул салхи” шүлгийн ном бий.
Хүүрнэл зохиолд Дооровын араас яахын аргагүй Долгорын Цэнджав залган авч, өгүүллэг, тууж, романаараа судлаач шүүмжлэгчдээс, уншигчдаас онцгой содон үнэлгээ авч, шуугиулж ирлээ. Сүүлийн үед манай үргэлжилсэн үгийн зохиолоор ингэж цойлж, цоргиж хүч түрэн гарч ирсэн нь маш ховор тохиолдол, маргах юмгүй. Үүнийг би мэдэхгүй бол хэн мэдэх билээ. ХХ зууны гарамгай соён гэгээрүүлэгч, сод их эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв гуайгаас авахуулаад Ц.Хасбаатар, Д.Цэнд, Ц.Мөнх зэрэг шүүмж судлалын томчууд түүний бүтээл туурвилыг цөмөөрөө аль хэдийнэ хүлээн зөвшөөрч үнэлж цэгнэснийг судлаач Б.Мөнх-Оргилын “Зохиолчийн хөдөлмөр-утгын мэлмийг нээхүй” (Зохиолч Долгорын Цэнджавын туурвилын үнэт зүйлс. 2022) номоос үзсээн. Монголын их утга зохиолын нартай, үүлтэй, манан будантай харгуйд тоос нь торойж, толгой нь өндөлзөж яваа цөөвтөр зохиолчийн дотор багтсан тэрбээр хүүрнэл зохиолын сүнс, сүлд бүхэн нь бүрэлдсэн заримдаа адмөрийн чөтгөр мэт санагддаг. Худал хэлж, хуурч мэхлэх, долигнохыг мэдэхгүй долингоршсон нэг нь би мөн. Мэргэжлийн судлаачдаас гадна уншигчид хоорондоо ярилцаж, биширч үнэлнэ гэдэг бол явж явж хамгийн том үнэлгээ... Дээрх судлалын номонд шүүмжлэгчдээс ч илүү голыг харж үнэлсэнийг олж уншаагүй бол итгэхгүй байх л даа.
Аль ч салбарын одооныхны хэн дуртай нэг нь улиг болтлоо хэлдэг тэр хачирхалтай үгээр бол, энэ нөхөр өнөөгийн утга зохиолд “гол тоглогч”болжээ. Атаархах хэсэг нь атаархаг, цагаан атаархал бас муу ч юм биш, чадал байвал түүнээсээ давж гарах, давуулж шидэх хүч тамир өгдөг хар, цагаан хосолсон эрч хүч юм. До.Цэнджав хоёр, гуравхан хуудас хамгийн богино өгүүллэгээрээ ч, бараг романы дайтай “Хөх жавар”, “Цахарын хар шуурга”, “Гүн тайгын манан”, “Тэнгэрт хальсан тоос” туужаараа ч, 800 гаруй хуудастай “Цагаагчин гахай жил” романаараа ч хүмүүсийн сэтгэлийг урвуулж, хөрвүүлж, бужигнуулж чадаж байна. Зохиол бүртээ хэн нэг нь урд өмнө олж хараагүй өнцөг, онож хэлээгүй үйл явдал агуулга, дүр дүрслэлээр огт өөрөөр төдийгүй одоо говийн өрөмтөж хатсан тойром шиг болчихоод байгаа эх хэлийг хурын усаар сэлбэн тэжээх шиг жинхэнэ монгол хэлний уран тансаг найруулгын гоц чадвартан гэдэг нь зохиол бүрээс мэдрэгддэгийг хэлэхэд бараг илүүдэх биз. Магадтай нь А.Мөнх-Оргилын дээрх номонд эрдэмтэн мэргэжилтнээс гадна жирийн уншигчдын халгисан, цалгисан сэтгэгдэл олон байна лээ.
С.Эрдэнэ багшийн хэлсэнчлэн аливаа улс орны утга зохиолын язгуур суурь нь роман үнэхээр мөн юм бол До.Цэнджавын “Цагаагчин гахай жил” роман уг зохиолчийн төдийгүй энэхүү ХХI зууны Монголын утга зохиолын нэгэн багана суурь юм гэж шуудхан хэлж болно, цаашлаад Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романтай эн зэрэгцэх төдийгүй үзэл суртлын хяналтаас ангид чөлөөт сэтгэлгээгээр бүтээснээрээ илүү гэж ер бузгайд ч хөл алддаггүй, цаанаа өөрийн шалгууртай тоомсоргүй гэмээр санагддаг шүүмжлэгч, судлаач Ч.Билэгсайханы “Монгол язгууртан дээдсийн амилсан түүх” судалгааны өгүүлэлдээ шуудхан дүгнэжээ. За яах вэ, одоогоос 100 гаруй жилийн өмнөх нийгэм, цаг үе, газар шороо, уламжлал, өв соёл, язгуур үг хэллэгийг оролцуулаад үндэс язгуураа гэсэн эх орончид, гарамгай баатруудын дүрийг товойлгон харуулж болох юмаа гэхэд хэн хүний бодоод ч олохооргүй нэгэн хачирхалтай содон дүр бий. Ер нь тэр дүрийг гаднаас нь сайн, муу хэмээн тайлбарлан зураглахаас илүүтэй дотор ертөнцийг нь уудлан харуулдагийг залуус анхаарч жишиг авмаар. Ийм дүр манай уран зохиолын том төрөлд байхгүйгээрээ дүрийн шинэ нээлт гэхэд болно. Тэр хэн бэ? гаднаасаа сүнс сүүдэр мэт, манж амбаны ордоны дотор ч явж байх шиг, Богд хааны ордонд ч бүртэлзэж байх шиг хэн гэдэг нь тайлагдашгүй Жамсан гэгч ер бусын дүрийг давтагдашгүйгээр амилуулсаныг онцлох ёстой. Эрэл, олзоор, одоогийн бүү хэл, хуучцуул ч тэр бүр ойлгож ядах эртний хүрээ маягийн ховор үг хэллэгээр баян, түүгээрээ зохиолч “Монгол хэлний нэвтэрхий тольд” ч байхгүй ховор үгийн санг арвитгажээ гэж үзэхээр байлаа. Жамсан томчуудын хооронд хольж хутгаж явдаг хөгийн амьтан юмуу гэхэд аандаа үйл явдлын өрнөлөөр танигдаж, олон заналхийлсэн аюулыг зайлуулж, тус хүргэсэн эх оронч айхтар туршуул гэдгийг зохиолч тайлж тайлбарлалгүй, дэлгэн харуулж чадаж байна. Сайн зохиолч өөрийн бүтээсэн уран зохиолынхоо дүрийг хэн нэгэнд танилцуулж тайлбарладаггүй. Ховор сайн дүр гэдэг жинхэнэ амьд хүн учраас өөрөө уншигчидтай танилцаж найз нөхөр нь, хайртай нэг нь болдог.
Туужийн тухайд гэвэл, “Хөх жавар“-ыг онцлоё. Хүний амьдралаас тасархай ёр совин, хар эрч хүч, далд тайлагдашгүй ёс бусын үйл явдал, ер бусын хачирхалтай гол дүр Доной гэгчийг цав цагаан цаасан дээр сүүдэр тусгах мэт аймшигт аянга буулгажээ. Өгөр санаатай золиг чинь “Ай бурхан минь, би чинь ямар л хүмүүстэй хамт амьдарч байж вэ? дээ” гэсэн Зигмунд Фрейдийн гүн ухааны үгээр хүмүүний далд ертөнцөд хөл тавьж амжжээ. Үнэн, худлыг ялгахад төвөгтэй оюун санааны зэвсэг хараал жатгын хөх жавраар хэн хүний дотрыг жихүүцүүлж, харлаг Донойг дуу алдан үзэн ядах сэтгэлийг төрүүлнэ. Энэ хөх жаврын шуурга зүгээр нэг шүргээд өнгөрөөгүй, үе, үеийн энэ даяаны хүмүүст “Ямар л хүмүүстэй цуг амьдарч байж вэ? дээ” гэдэг асар хүнд бэрх асуулт тавьж, хүний мөн чанар улам араатнаас ч дор болж байгаа сэтгэлийн мөстлөгийг яс маханд нь тултал илэрхийлсэн нь түүний үг ухааны чансаа ямархан түвшинд хүрсэнийг харуулж байна. Уран зохиолоос, зохиолчоос яагаад үүнийг бичээв? гэж асууж болдоггүй нэгэн жам ёс, тавилан бий. Харлаг Донойгоор төлөөлүүлж, сэтгэлзүйн дайныг харуулж нээсэн энэ тууж чухамдаа Монголын утга зохиолд гараагүй содон үзэгдэл болсон гэдэгт би огтхон ч эргэлздэггүй гэдгээ хэлчихье.
До.Цэнджавын зарим өгүүллэг, туужийг уншиж дуусаад, би энэ мэтийг яагаад олж хараагүй юм бэ? гэсэн бяцхан гуниглал төрсөнөө нуугаад яахав. Миний үеийн хэзээний өөрийн үзэл, байр суурьтай судлаач Ломбын Нямаатай нэгэн уулзалтын үеэр тааралдаж, хэд гурван үг солиход, шуудхан л “Та тэр Цэнджавын “Хөх жавар” туужийг уншсан биз дээ. Энэ бол ертөнц хүн хоёрын харилцааны том асуудлыг хөндөж тавьсан урд өмнө гараагүй зохиол. Ер нь дэлхийн хэмжээний зохиол гэхэд болно. Би цаад мөн чанарыг дотор нь орж жаахан ухаж төнхөх санаатай” гэж хэлсэн санагдана. Мань хүн түүндээ хүрсэн эсэхийг мэдэхгүй. Би орчуулгаар л Нобелийн шагналтнуудын бүтээлийг уншаад яагаад ч юм ердөө гайхширсан, бахархсан сэтгэл төрдөггүй болохоор хөл алдаж биширдэггүйгээ нуугаад яахав. Ерөөсөө тэрхүү үзэл суртал гэдэг юм чинь манайхны туулаад өнгөрсөнөөс ч ялгаагүй, янз бүрийн хувилбарын олон хэлбэртэй байдаг юм биш үү? Англи хэлээр зохиол бичих хэмжээнд төгөлдөржих үе ойрхон бизээ... гадаадад гарч байгаа зохиол, зохиолч ч төрж байгаа бололтой. Гэсэн ч дийлэнхдээ үнэндээ урагшаа “Цагаан хэрэм”-ийг даваагүй, хойшоо “Байгаль нуур”-аасаа өнгийгөөгүй байна шүү дээ. Шилдэг, шилдэг л гэж байна... До.Цэнджавын ном бүтээл ч дөрвөн уулын дундаа л хэвтэж байгаа байлгүй. Утга зохиолын хэлийг харилцааны хэд гурван модон хэлтэй зүйрлэшгүй. Оросоор гэхэд л хоёр талдаа иртэй хутга шиг гүн гүнзгий нэвтэрсэн Хасбаатарын Мэргэний хэмжээний тийм англи, герман, франц, хятад, солонгос, японоор эх хэлээрээ шиг орчуулдаг залуу үе гарах цаг бий болов уу. Гэвч монгол хэлээ мэдэхгүй, монгол сэтгэлгээг ойлгохгүй бол бас урагш гишгэхгүй.
Балжирын Догмид хэмээх бичээч миний амьдрал туршийн ширээний ном, сурах бичиг болсон “Дөлгөөн Дон”-ны М.Шолоховыг янз бүрийн реализмын жишээнд холбогдуулж үздэг бололтой, Цэнджавыг ямар измд багтаахыг мэдэхгүй. “Хөх жавар “нь л лав ямар нэгэн реализм биш, хий оюун санааны үзэгдэл болохыг тайлбарлах аргагүй. “Гүн тайгын манан” туужийн уяач хоёр өвгөний хор шар хөдөлж, бие биеэ үл ойлголцон хар буруу санахад хүрсэн ч гэлээ, тэр хоёрыг уулзуулж учруулж бузрын дайрал хэрүүл маргаанд хутгалгүй тангараг таслуулахаас аварч, аймшиг тарилгүй сэтгэлзүйн далд уран чадвараар нэн уян эерүүллээр харуулснаараа үргэлжилсэн үгийн зохиолын ур чадварыг сэтгэлзүйн тоглолт хийхийн дайнд хүрч очжээ гэмээр байна. Энэ Цэнджав гэгч ерөөсөө жирийн нэг зохиолч биш юм байна гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлснийг энэ удаад дурдахаас аргагүй. Шударга баатар харчин гүн Бавуужавын тухай үлгэр домог шиг яриа бий, дээрэмчин тонуулчин, дайсан этгээд гэж үзэн ядсан дан хар хуудас өмнөх үеийн түүхээр дүүрэн... Энэ бардам түрэмгий, өөрийгөө дэндүү золиослож, үрж барж дуусгасан өөртэйгөө ч дайсагналцдаг эх оронч баатар зоригтныг хар хятадын эрхшээлээс гаргаж, бүх монгол үндэстнийг нэгтгэсэн Чингисийн их Монголыг байгуулахын төлөө эцсийн цусаа юүлтэл тэмцсэнийг бишрэхээс өөр аргагүйгээр “Цахарын хар шуурга” тууждаа тултал харуулж чадсан зэргийг ярьвал их юм бий. Тэр болгоныг дурдана гэвэл барагдахгүй ээ. Тамир ч хүрэх янз алга.
До.Цэнджав шүлэглэж ч чадна, хүүрнэж ч чадна, шинжиж судалж ч чадна, шүүмжилж ч чадна, жүжиг, киноны зохиол ч бичнэ, дууны шүлгийг бол алганыхаа хээг харж байгаа шиг зоргоороо бүтээчихнэ. Хүний амьдралын халуунд, бас цэвдэг хүйтэнд хуруугаа дүрсэн шиг мэдэрч, мэдэж аугаа утга зохиол хэмээх тэнгисээр санаан зоргоор аялагч байна гэж бодлоо. Хэлбэл, хэлчихсэн шиг хэлэх, хэлэхээргүй бол дүлий юм шиг явдаг намайг зарим хүмүүс мэдэх байхаа. Ном зохиолыг нь ядахнаа ганц нэг өгүүллэгийг нь ч болохноо тогтоон уншчихсан бол намайг зөвшөөрч ойлгоноо. Хүний нутгаас гүйсэн адуу эх нутагтаа адсага шир болтолоо унан тусан ирээд нутаг усныхаа шороон дээрээ хөрвөөдөг шиг, ертөнцийг хэдэнтээ эргэцүүлж, тархи толгойдоо ухаж төнхсөн хөрвөх чадвар гээч бол бурхнаас заяасан хишиг, ерөөс амьдралыг таньж, нээж харуулсан гүн ухаан, хүмүүний амьдралын халуун, хүйтнийг мэдрэх “барометр” гэж энэ хүний бүтээлтэй холбож хэлэх нь хэтрүүлэг болохгүй. Төрөлх монгол хэлний үгийн баян тансаг найруулга, зохиомж шигтгээгээр гайхуулсан цөөхөн зохиолчийн хувиар тэрээр цаасан дээр салхи шуурга дэгдээж, хөх жавар исгэрүүлж ч чадах чансаагаа мэдрүүлжээ. Ер нь утга зохиолын бүх төрөл энэ гайхлын өмнө хаалгаа бөхөлзөн нээж, тавтай морил гэх шиг санагдаад явчихлаа. Үгүй ядахнаа, хэний ч санаанд ороогүй, орохооргүй 30, 40-өөд оныхны алтан үеийн жүжигчид, урлагийнхны амьдралын тухай “Бөмбөгөр ногоон” гэх бүхэл бүтэн роман хийчих жишээний. Зөрчилгүй хов хоосон магтаал биш хэрнээ адал явдалтайгаар маш сонирхолтойгоор ховор нандин агшин үйлээр шаглачих жишээний... Ер нь энэ зохиолчид ер бусын адал явдлын сэтгэлгээ илүү хөгжсөн ч юмуу, “Чонын алтан шагай” гэх анхны адал явдлын роман хийчихсэн нөхөр шүү.
Зохиолч нь зохиолчийнхоо тухай үгээ хэлэх нь ховордсон энэ үед Цэнджавын тухай дуугарахгүй өнгөрвөл Монголын их утга зохиол хохирно, хохирохоор барахгүй гоморхоно. Магтья ч гэж санаагүй магадлалын онолоор магадлая л гэж санасан маань энэ. Хүнийг магтая гэвэл над шиг амьдад нь магт. Муулсан ч амьдад нь муул. Торго дурдангаар бус “Хүн чанараараа” гоёж гооддог монголчууд маань зарим нэг наадам дээр тасархай түрүүлсэн морийг санаатай буюу санамсаргүйгээр ухрааж цоллодогоо боливол яасан юм бэ? Амьдад нь үгээ хэлж, нэгэн жаргалтай агшныг ч өөртөө мэдэрч, хүч тамир өгөх нь хүн болж төрсөний өглөг буян, басчиг тухайлж ажиглахгүй байгаа, утга зохиолын судлаач шүүмжлэгчдэд үгээ хүргэх нь утга зохиол хөгжилд нэмэр болуузай хэмээнэ. Өдийгөөс төдийг хүртэл туулж мэдэрч, ярууслын ертөнцөд туучиж туулж яваагийн хувьд монгол хэлнийхээ үгийн сангийн өнгө, үнэрийг амталж эрхбиш мэдэрдэгийн хувиар энэ мэтсийг өгүүллээ. Үнэндээ энэ асар их бэл бэнчинтэй юуг ч яаж харуулж чадах нөөц боломжоор дүүрэн зохиолчийн бүхэл бүтэн бүтээлийг бүрэн гүйцэд судална, шинжилнэ гэвэл уучлаарай, наад захын эрдэмтний тархи, толгойг сульдаах ч юм байна гэдгийг өөрийн бие дээр амслаа.
Айлын нутаг дээр гээгдсэн морин шагай
Адуу хараад янцгаадаг байтал
Аминд минь орсон унаган хүлэгээ
Амгайтай нь усалсан алдасыг минь өршөө
Сэтгэгдэл ( 0 )