Эрх зүйч М.Сайнбаяртай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн тогтолцоо, системийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтолцоо, системийг заслаа хэмээн мэдэгдэж, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, олон намын төлөөлийг бий болгохыг зорьсон гэж тайлбарлаж байгаа. Харин өнөөдөр УИХ-д олон намын төлөөлөл байгаад ч тус болохгүй байгааг шүүмжилж байна?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтолцоо, системийг заслаа гэнэ. Өнгөрөгч хугацаанд хэдэн ч удаа Үндсэн хуульдаа гар хүрсэн болохгүй байна. Яагаад болохгүй байна вэ гэхээр зарчмын өөрчлөлт ерөөсөө хийгээгүй. Энд өнөөх л шүүх засаглалаа засаж чадсан уу, “Хонгилын шүүх”-ээ нураасан нь уу гэвэл үгүй. Үндсэн хууль бол төр байгуулдаг хууль шүү дээ. Манайхны хувьд Олон улсын байгууллагаас “Танай ардчилал болохгүй байна. Үүнийгээ зас, олон намын төлөөлөлтэй болж, парламентын ардчиллыг бий болго” гэсэн шахалт ирсэн учраас УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмж, бүсчилсон тойргоор сонгуулиа явууллаа. Ингээд нэмэр болохгүй. Хамгийн наад зах нь олон намын төлөөлөл бий боллоо ч бүлгийн гишүүд нь үгээ чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Уг нь бол парламентад ард түмнээ төлөөлж байгаа УИХ-ын гишүүн бол төлөөллийнхөө үүргийг гүйцэтгэж, тэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ард түмний үгийг дамжуулж байх ёстой. Гэтэл үүнийг нь Дэгийн тухай хуулиар хориглочихсон. Нэг жижиг намын төлөөллөөс найман хүн байлаа гэхэд зөвхөн нэг нь саналаа нэгтгээд дуугарч байхаар хуульчилж өгсөн. Энэ нь олон намын төлөөлөл байгаад нэмэргүйг харуулж байна.
-Засгийн газрын бүтцэд эрх баригч нам нь хоёр ч намыг оруулаад ирсэн. Үүнийг мөн л олон нийт шүүмжилж, сая болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар АН, ХҮН намд дүнгээ тавьчихлаа. Үүнийг өөрөөр зохицуулах арга байгаагүй юм уу. Аливаа улс төрийн намд нэгдэж эвсэж болохгүй үзэл баримтлал, үнэт зүйл гэж байдаг ч зөвхөн албан тушаал, эрх мэдлийн төлөө өвөр түрийндээ орж байгаа нь цаг үе, нийгмийн шаардлага уу. Эсвэл зөвхөн Монгол Улсад байна уу?
-Засгийн газарт намууд хамтарч, том төслүүдээ хөдөлгөнө гэж л байна. Анхны ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд батлаад 32 жил болоход Монгол Улсын нөхцөл байдал хэвээрээ байна. Зах зээлийн нийгэмд шилжиж байх 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш удаа дараа засвар, өөрчлөлт оруулсан. Сүүлд 2019, 2022 онд ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт хийлээ. Үндсэн хууль бол өөрөө нийгэм улс оронд болж байгаа бүх зүйлийг нэгтгэсэн цогц зүйл. Эндээс бусад хууль нь салбарлан гарч ирснээр нийгмээ зохицуулдаг. Үндсэн хуулиа ойр ойрхон засаж өөрчлөх шаардлага гараад байна гэдэг болохгүй байгааг илтгэсэн хэрэг. Сайн Үндсэн хуультай улс орон бол засах, өөрчлөх шаардлагагүй, маш хурдан хөгжиж дэвшээд явдаг. Жишээлбэл, 1890-ээд онд Япон Үндсэн хуулиа шинээр бичсэн. Тухайн үед Япон будаагаа ширхэглэж иддэг ядуу орон байсан. Гэтэл 1905 он гэхэд дэлхийн тэргүүлэх улс болж, Хятадыг эзэлж, Оростой, болон манай улстай ч байлдаад эдийн засгийн хувьд хүчирхэг болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман үнс болчихсон гэхэд болно. Гэтэл 1949 онд Үндсэн хуулиа шинээр баталж, 1960 он гэхэд Европыг тэргүүлж, өнөөдөр хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орны нэг болжээ.
-Улс төрийн намуудыг ихээхэн шүүмжилж байна. Намдаа байна уу, хуульдаа байна уу?
-Сонгуулиар ялж байгаа намууд бохир аргаар ялж байгааг ард түмэн мэдэж байгаа. Үндсэн хуульд оруулсан “Нийт сонгогчдын нэг хувийн хатуу гишүүнчлэлтэй байж тухайн улс төрийн нам оршин тогтноно” гээд хатуу зааж өгсөн. Энэ нь Үндсэн хуулиараа ард түмнийг дунд нь талцуулж байна. Тиймдээ ч өнгөрөгч сонгуулиар талцал, намчирхлаас болж нэгнийхээ аминд хүрч байна. Энэ хатуу гишүүнчлэл байгаа цагт цааш эрүүлээр явах аргагүй. Улс төрийн нам нь өөрийн гэсэн үзэл баримтлал, бодлого стратегитай байж цааш явна. Манайд 2004 оноос хойш картель намыг Н.Энхбаяр, С.Баяр нарын үед бий болгосон. Тухайлбал, эсрэг тэсрэг үзэл баримтлалтай, өөр өөр онол номтой намууд үгсэн хуйвалдаж, Засгийн газарт хамтарч байсан. Картель загварын улс төрийн намын тогтолцоо нь олигополь зах зээлийн жишгээр оршин тогтнож, улс төрийн тавцан дахь ноёрхлоо хадгалахын тулд картель хэв маягийн намууд хоорондоо үгсэн тохирдог болсон. Одоо бол картель, клиентист намууд хосолсон хэлбэрээр явж байна. Клиентист нам гэдэг ойлголт бол бизнесменүүд улс төрийн намтай нэгдэж, улсын бүх капиталыг цөлмөх үзэгдэл юм. Энэ харилцаа өмч хувьчлалаас эхтэй гэж үздэг. Шилжилтийн эхний жилүүдэд ардчиллын үр хөврөлийг агуулж байсан социалист орнуудын улс төрийн намууд нь клиентист сүлжээний манлайлагчид болон хувирсан үндсэн шалтгаан нь төрийн өмч юм.
-Зарим нэг судлаачдын хэлж байгаагаар Монгол Улсын төр, нийгмийн тогтолцоо болохгүй байна. Үүнийг ахиад ч Үндсэн хуулиар засах боломжтой гэж үзсэн. Гэтэл засаад нэмэргүй гэдгийг Та ярилаа?
-Үндсэн хуулиа дахин дахин засаад болохгүй байгаа зүйлийг яах ёстой вэ. Эвдэрхий сандлыг дахин дахин засаад хэрэглэж болохгүй. Тиймээс социалист хэлбэртэй байгаа Үндсэн хуулийг цоо шинээр бичих хэрэгтэй. Үндсэн хууль шинэчлэх оролдлогыг дөрөв, таван нам хийж байсан. Өөрсдийн гэсэн хуулийн төсөлтэй байсан. Манай Үндсэн хууль судлаач Р.Ууганбаатар, Д.Сүхболд, Д.Зоригтбаатар бид нар хамтраад Үндсэн хуулийн төслийг 2019 онд бичиж байсан. Бидний бичсэн шинэ Үндсэн хуулийн төсөл 1992 оны Үндсэн хууль хоёрын сайн муу талыг харьцуулж, “Үндсэн хуулийн тайлбар философи” номоо ч гаргаж байсан. Яагаад гэвэл аливаа зүйл сайн мууг мэдэхийн тулд харьцуулах зүйлтэй байх ёстой. Энэ утгаараа дээрх номоо бичсэн.
-Эрх баригч намынхан, тодорхой эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулсан нэмэлт өөрчлөлт хийсэн гэх шүүмжлэл ч байна. Таны хувьд үүнийг юу гэж бодох юм?
-Манай Үндсэн хуулийн өөрчлөлт хэрхэн яаж явж байгааг дээр дурдсан. Үүний нэг тод жишээ бол Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог болсон өөрчлөлт байна. Одоо энэ заалтаа мөн л өөрсдөдөө тааруулж өөрчлөхөөр хоёр ч иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үүнийг бол дахиад өөрсдөдөө зориулсан хууль батлуулахаар бэлтгэл ажилдаа эртнээс гарав уу гэж олон нийт ч хардаж байна.
-Монгол Улсад улс төрийн 37 нам бүртгэлтэй байна. Жижиг намуудын хэрэг байна уу. Сонгуулиар харж байхад бие биенийхээ саналыг хуваагаад үр дүн ч гарахгүй харагдах юм. Том намууддаа боломж олгоод байдаг юм биш үү?
-Монгол Улсад хэдэн улс төрийн нам байх нь сонин биш. Бид үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хоёр хүн ч бай, 20 хүн ч бай, нийлээд нам байгуулж болно. Гэтэл 30 гаруй жил төрийн эрх барьсан МАН, АН-аас болж, бусад намыг буруутгаж болохгүй. Гагцхүү бодлоготой байх ёстой. Түүнийг уралдуулдаг байхыг хэлээд байгаа юм. Энэ бол хүний эрхийн асуудал. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад намын хатуу гишүүнчлэл байхгүй. Сонгуульд өрсөлдөж байгаа намуудын Мөрийн хөтөлбөр бодлогыг дэмжсэнээр аль нам төрийн эрх барих нь шийдэгддэг. Гэтэл манайд хэн төрийн бүтцийг сайн ашигласан нь, хэн их мөнгө тараасан нь, хэн иргэдийг хууран мэхэлж чадсан нь төрийн эрх мэдэлд гарч байна. Тийм учраас сонгуулиар өөрчлөлт хийнэ, солино гэдэг үлгэр болжээ.
-Манай 1992 оны Үндсэн хуулийг сайн хууль болсон гэж ярих хуульчид судлаачид байдаг. Сайн хууль байж чадсан уу?
-Манай хууль судлаачид, улс төрийнхөн, ялангуяа МУИС-ийн багш нар 1992 оны Үндсэн хууль бол маш сайн хууль. Гагцхүү хэрэгжүүлж байгаа төрийн албан тушаалтнууд буруу ашиглаж, авлига, хулгай болгосон гэж тайлбарладаг. Аливаа үнэн гэж зөвшөөрөгдсөн зүйл маань өөрийг нь эсэргүүцэх үзэл онолгүйгээр өөрийгөө үнэн гэж баталж чаддаггүй гэдэг дээ. Өнөөдөр ийм л зүйл болж байна. Тэгэхээр 1992 оны Үндсэн хуулийг сайн гээд байгаа боловч өнөөдөр улс орноо татаад унагаачихсан байхад сайн гэх аргагүй. Норвегийн хууль гэхэд 1818 онд бичигдсэн өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжээд явж байна, мөн 1887 онд АНУ-ын Үндсэн хууль батлагдсан, өнөөдөр 230 гаруй жил дэлхийн ардчилсан тэргүүлэгч улс хэвээрээ байна. Бид ийм Үндсэн хуультай байх хэрэгтэй.
-Таны хувьд Үндсэн хуулиа өөрчилж, шинээр бичих хэрэгтэй гэлээ. Манай уншигчдад, амьдралд маш ойроор тайлбарлаач?
-Өнөөдөр 30 жил амьдрал дээр хэрэгжээд, туршигдаж ирсэн Үндсэн хууль маань ямар байна вэ. Үүнд амьдралд хамгийн ойр хариулт өгье. Тухайлбал, Үндсэн хуульд “Та татвар төлөх журамт үүрэгтэй” гээд заачихаар бизнес эрхлэгч та татварын дарамтанд орж байна. Хамгийн наад зах нь НӨАТ-ын хуулийг аваад үзье. Тус хуульд “Таны үйлдвэрлэсэн бараа, үзүүлсэн ажил үйлчилгээнээс 10 хувийн татвар авна” гэнэ. Энэ нь ямар зорилготой юм гэхээр та үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг нууж байна уу, далд эдийн засаг явуулж байна уу гэдгийг хянах зорилготой хууль учраас иргэн та татвар төлдөг. Гэтэл НӨАТ-ын хуулийн дараагийн заалтад татварт төлсөн 10 хувийнхаа хоёр хувийг буцаан авна гэж байгаа. Бид хоол идсэн ч, бараа бүтээгдэхүүн худалдан авсан ч хэрэглээний татвар төлөөд явж байгаа. Өнөөх “Үйлдвэрлэлийг хянана” гэсэн зарчим алдагдаж, ард түмнээ эргээд шулдаг хууль болчихсон. Яагаад гэхээр Үндсэн хуульд ийм “Журамт үүрэг” гээд заачихсан учраас ард түмнээ шулдаг мөлждөг хуультай болчихсон. Нөгөө талаар төрд бүх өмч байна, төрд бүх ажлын байр байна, төрд уул уурхайн баялаг нь байна. Ингээд төр өөрөө ажил олгогч болчихсон учраас идэж уух гэж төрд очдог. Төрийн эрхийг сонгуулиар олонх болсон улс төрийн нам барьдаг учраас муу муухайн үүр уурхай болдог. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх төдийнхөөр хандаж болохгүй, шинээр бичих шаардлага нэгэнт үүссэн гэж үзээд байгаа юм. Мөн анх 1992 онд баталсан Үндсэн хууль нь өөрөө хоёр намын системыг бий болгосон. Энэ хууль нь сонгуулийг мажоритар системд оруулсан юм. Мажоритар систем нь зөвхөн хоёр нам сонгуульд ээлжлэн ялдаг тогтолцоог бий болгодог. Тэгээд ялсан нам нь төрийн эрх авч, намын дарга нь Ерөнхий сайд, ялсан намын бүлэг нь УИХ-ын даргаа томилдог, ялсан намын хүчирхэг бүлгээс Ерөнхийлөгчөө сонгуульд өрсөлдүүлээд ялбал төрийн бүх институцийг авдаг. Ингээд эрх мэдлээ хэрэгжүүлэх, сонгуульд ялахын төлөө ажилладаг. Ийм тогтолцоотой сонгуульд өрсөлдөж байгаа нам, улстөрчид популизм хийхээс өөр аргагүй болдог.
С.Ууганбаяр
Сэтгэгдэл ( 1 )
Үндсэн хуульд заасан ” журамт үүрэг” , ”үндсэн үүрэг” хоёрыг ялгаж ойлгохгүй байж том дуугарч, мэдэмхийрхэхээ больсон дээрдээ. Үдсэн хуулийн 17.1.д иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүргүүдийг, түүний дотор 3 дахь хэсэгт ”хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэж байгаа, харин 17.2. д иргэний ”журамт” үүрэгийг ” эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхэдээ өсгөн үржүүлэх, байгаль орчноо хамгаалах” гэж тогтоосон байдаг