Европын комисс Оросын эдийн засгийн ирэх хоёр жилийн төлөвийг шинэчилжээ. Тус байгууллагын тооцоолсноор, 20024-2025 онуудад ОХУ-ын ДНБ 3.5 болон 1.8 хувиар тус тус өснө гэж шинэчилжээ. Үүнээс өмнө эдгээр үзүүлэлт нь 2.9 болон 1.7 хувь байв.
Ингэснээр Европын комисс нь Оросын эдийн засгийн өсөлтийг үнэлгээг сайжруулсан дөрөв дэх олон улсын байгууллага болж байна. Үүнээс өмнө Дэлхийн банк, Олон улсын валютын сан болон Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага мөн прогнозоо сайжруулж байв. Шинжээчдийн тайлбарласнаар, өрнөд Москвагийн эсрэг авьсан хориг арга хэмжээ нь үр дүнд хүрэхгүй байгааг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Тэр бүү хэл хязгаарлалтууд нь өөрсдийнх нь эсрэг үйлчилж, өдгөө Европын Холбооны хэд хэдэн гишүүн орон эдийн засгийн ухралтын ирмэг дээр дэнжгэнэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцолсон байдаг.
Европын комиссын нийтэлсэн тайлангаас үзвэл, энэ онд Оросын ДНБ хүлээгдэж байсан 2.9 хувиар бус харин 3.5 хувиар өсөх төлөвтэй байна. Харин ирэх жил энэ үзүүлэлт 1.7 хувиар бус 1.8 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Европын комиссын мэргэжилтнүүдийн үнэлгээгээр, Оросын эдийн засгийн үзүүлэлтүүд нь энэ оны эхний хагаст хүлээлтээс өндөр байжээ. Үүнийг шинжээчид дотоодын эрэлт болон хөрөнгө оруулалт өссөнтэй холбон тайлбарлаж байна.
“Дотоодын хэрэглээний өсөлтийг бодит цалингийн нэмэгдлээр хангасан. Төрөөс хөнгөлөлттэй зээл олгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн нь гаднын компаниуд гарсны дараа дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй зэрэгцэн өсжээ. Үүний сацуу цэргийн салбартай холбоотой салбаруудын өсөлт хөрөнгө оруулалт нэмэгдэхэд түлхэц болсон тухай тайланд дурджээ.
Энэ намар Дэлхийн банк Оросын ДНБ-ий өсөлтийг 2.9 хувиас 3.2 хувь болгож нэмэгдүүлсэн бол Олон улсын валютын сан 3.2-оос 3.6 хувь хүртэл, Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага 2.6-аас 3.7 хувь хүртэл өсгөжээ.
“Өрнөдөд газрын тосны тааз үнэ зэрэг Москвагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ үр дүнгээ гэж таамаглаж байсан ч ЕХ, АНУ-ын хязгаарлалтууд үр дүнгүй болж таарсан. Оросын түүхий эдийг дэлхий даяар худалдаж авсаар байгаа. Тэр дундаа АНУ, Европын Холбоо хоёр үүний тулд Оросын тухайн бүтээгдэхүүнийг хоригоос гаргаж байгаад худалдан авч байна. Оросын батлан хамгаалах салбарын төрийн захиалга, төсвийн зардал, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийн хөгжил өсөлтийн нэмэлт хөшүүрэг болж байна” гэж “BitRiver” компанийн захирал Андрей Лобода онцолжээ.
Хоригийн урвуу үйлчлэл
Оросын эсрэг нийт 22.2 мянга гаруй янз бүрийн хязгаарлалт үйлчилж байна. Эдгээрээс 19.5 мянган хоригийг 2022 оны хоёрдугаар сард буюу Украинд явуулж буй цэргийн ажиллагаа эхэлснээс хойш тавьжээ. Оросын эсрэг хориг арга хэмжээ нь Иран, Сири, БНАСАУ, Беларусь, Венесуэл, Мьянмарын эсрэг тавьсан нийт хориг арга хэмжээнээс ч олон. Сануулахад, 2022 онд АНУ, Европ тэргүүтэй холбоотнууд Москвагийн эсрэг хориг тавьж эхлэхэд зарим шинжээчид Оросын эдийн засаг 10-25 хувиар унана гэж тооцоолж байв. Гэвч бодит бууралт нь дөнгөж 1.2 хувь байжээ. Энэ нь цар тахлын үеийнхээс ч бага гэсэн үг юм. 2023 онд ОХУ-ын ДНБ хориг арга хэмжээнээс үүдэлтэй алдагдлаа бүрэн нөхөж, 3.6 хувиар өссөн байна.
“Өрнөдийнхөн Орост хэзээ ч эргэж сэргээхгүй хэмжээний цохилт өгснөөр, олон улсын зах зээлийн гол тоглогчдын хүрээнээс гаргана гэж тооцоолж байсан. Харин бодит байдал дээр юу болсныг сануулах хэрэггүй биз” гэж Владимир Путин мэдэгдэж байв.
Сонирхолтой нь өнгөрсөн онд Оросын эдийн засаг дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Олон улсын валютын сангийн мэдээллээр, 2023 онд дэлхийн ДНБ 3.3 хувиар, “Их 7” бүлгийн орнуудын ДНБ 1.9 хувиар, Европын бүсийн орнуудынх 0.4 хувиар өсжээ. Тус байгууллагын урьдчилсан таамгаар, эдгээр орнуудын энэ жилийн дүр зураг бараг ижил гараад байна. Тухайлбал, дэлхийн ДНБ 3.2 хувиар, “Их 7” бүлгийн орнуудынх 1.7 хувиар, Европынх 0.8 хувиар тус тус өсөх төлөвтэй. Харин Европын Холбооны тэргүүлэгч эдийн засаг болох Германы ДНБ тэг өсөлттэй байна гэсэн бол Европын комиссын шинжээчид тэр атугай 0.1 хувиар буурна гэж үзжээ. Үүний гол шалтгааны нэг нь өрнөдийн хориг арга хэмжээ гэдэгт Владимир Путин итгэлтэй байна.
“Оросын эсвэл Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад авсан тал нь гол төлөв хохирол амсдаг. Оросын хямд эрчим хүчний эх үүсвэр, Хятадын хямд хэрэглээний бараа нь гол гол давуу тал гэдгийг европчууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэд сайн дураар Оросын харьцангуй хямд эрчим хүчний эх үүсвэрээс татгалзсан. Тэд уналтын ирмэг дээр дэнжгэнэж байгааг бид харж байна. Өдгөө тэд Хятадын хангалттай хямд бараанаас татгалзаж байна. Юу болох нь тодорхой. Инфляц. Мөн ижил зүйл АНУ-д болно” гэж Путин онцолжээ.
Оросын нүүрсустөрөгчөөс хэсэгчлэн татгалзсанаар өрнөдийн орнуудад илүү өндөр үнээр түүхий эд авахаас өөр аргагүйд хүрч байна. Үнэтэй эрчим хүч олон салбарт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт огцом тоормослоход хүргэж байна гэж Андрей Лобода ярьжээ.
Европын орнуудын ДНБ-ий өсөлт буурсан нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд эрчим хүчний хямрал, аж үйлдвэрийн өсөлт саарах, Европын банкны бодлого, инфляц зэрэг нөлөөлж байна.
Хурд авахын өмнө
Оросын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг илүү өөдрөгөөр төсөөлж байна. Оросын Төв банкны урьдчилсан мэдээллээр, тус улсын ДНБ энэ онд 3.5-4 хувиар өсөх бол Эдийн засгийн хөгжлийн яам 3.9 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Аж үйлдвэрлэл өсөж, экспорт чиглэлээ өөрчилж байна. Хөрөнгө оруулалтын идэвх хэвээр. Оросын бүх бүс нутагт хүн амын орлогын бодит өсөлт ажиглагдаж байна гэж тус яамны тэргүүн Максим Решетников мэдэгджээ.
Түүний хэлснээр, гэсэн хэдий ч инфляц, өндөр хүү, гадаад зах зээл дээрх хязгаарлалтууд эдийн засагт дарамт үзүүлж байгаа. Боловсруулах салбарт хүчтэй өсөлт ажиглагдсан хэвээр байгаа ч хэд хэдэн бусад салбарт идэвх буурч байгаа нь ажиглагдаж байна гэж Решетников онцолжээ. Эдгээр сорилтыг үл харгалзан Оросын ДНБ эрчимтэй өсөж байгаа ч ирэх гурван жилд бага зэрэг саарах төлөв бий гэдгийг тэрбээр анхааруулжээ. Тухайлбал, Оросын ДНБ 2025 онд 2.5, 2026 онд 2.6, 2027 онд 2.8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна.
Газрын тосны үнэ буурах, төсвийн зарцуулалт багассантай холбоотой өсөлт саарч магадгүй. Гэсэн хэдий ч үндэсний хэмжээний төслүүд, хувийн хөрөнгө оруулалтууд, мэдээллийн технологийн салбарыг дэмжих арга хэмжээнүүд эдийн засгийн өсөлтийн шинэ хөшүүрэг болох боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Оросын эрх баригчид, 2028-2030 онуудад Оросын ДНБ дахин гурван хувиас дээг өснө гэж тооцоолж байна.