Солонгос руу явахаар оочерлож байгаа залуусыг хараад зүрх өвдөж байлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Солонгос улс руу явж ажиллах хүсэлтэй хүмүүсийг өчигдөр өглөөний 09:00 цагаас эхлэн бүртгэж эхэллээ. Сүхбаатар дүүргийнхэн Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдээ ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль дээр бүртгэж байгаа бол Баянзүрх дүүргийнхэн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль дээр гэх мэт дүүрэг бүр тогтсон нэг цэгт бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар манай сурвалжлах хэсэг Баянзүрх дүүргийн 55 сургууль дээр 11.00 цагийн үед очиход Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэд тус сургуулийг бүтэн нэг тойрч дугаарласан байх юм. Эдгээр иргэд уржигдар өглөөнөөс эхлэн тэнд зогссон гэнэ. Тэнд 2000 орчим хүн байх бөгөөд 20-25 насныхан зонхилж байлаа. Дугаарлаж зогсоо хүмүүс бүгд хавтастай бичиг баримт барьсан байх агаад дэргэдүүр нь өнгөрөхөд "Миний араар гар. Хөөе дугаар дайрахгүй шүү" гэх мэтээр аяглах нь таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Энэ олон залуус бүгдээрээ Солонгос улсад явах хүсэлтэй байгаа нь илт. Гэтэл тухайн дүүрэг нийт 700 хүн бүртгэх аж. Гэхдээ эдгээр хүмүүсийг гурван өдөр бүртгэх бөгөөд нэг өдөр 250 хүн бүртгэх юм байна. Гэтэл тэнд 1000 гаруй хүний ард зогсч байгаа хүн хэзээ бүртгүүлэх юм бүү мэд. Уржигдар орой л гэхэд 55 дугаар сургуулийн хашаанд 800 гаруй иргэний дараалал үүссэн байсан бөгөөд тэд хоорондоо оочер дугаараа булаалдан зодоон, цохион дээрээ хүрсэн тул цагдаагийн хүч гаргаж зохицуулсан байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагч, цагдаагийн хошууч Ш.Дамдинбазар
: "Бид өнгөрсөн даваа гарагийн 18:00 цагаас хойш 40-50 хүний бүрэлдэхүүнтэй хүч гаргаж ажиллаж байна. Даваа гарагийн орой энд 800 орчим иргэн байсан бөгөөд хэсэг архи уусан залуучууд дараалал дайрч танхайрсан явдал гарсан. Тиймээс манай дүүргийн цагдаагийн хэлтэс ийн ажиллахад хүрээд байна. Хэрэв тэр хэвээрээ байсан бол энд ноцтой гэмт хэрэг гарч магадгүй байлаа" гэж байв. Цагдаагийн хүч бүртгэл дуустал хамгаалалтад гарах гэнэ.

"Солонгос улс руу юунд тэгж их тэмүүлдэг байна даа. Эх орондоо сайхан амьдрах боломж бий дээ" гэх бодол өвөрлөн тэнд дугаарлаж буй Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Нарангэрэлтэй уулзахад, тэрбээр бодож байсан бодлыг маань эрс няцааж "Солонгос улсад очиж ажиллах нь ашигтай. Өөрөө хар л даа. Тийшээ явсан хүмүүс л машин унаж, байранд амьдарч байна. Монголд ажиллаад хэзээ ч ийм хөрөнгөтэй болохгүй. Ажилтай, орлоготой хүн бий болгоно л гэж байна. УИХ-ын гишүүдэд ингэж хэдэн удаа хууртаж байгаа билээ. Хэрэв тэгж хэлснээр нь болдог бол би юу гэж өчигдөр оройноос хойш энд хонон өнжин дугаарлах вэ дээ. Энэ олон залуучууд ч мөн адил" хэмээсэн. н.Нарангэрэл өөрийнхөө хүүг Солонгос руу ажил хийлгэхээр явуулахын тулд ингэж дугаарлаж байгаа гэнэ. Хүү нь ажилтай байгаа болохоор тэнд дугаарлаж зогсч амжихгүй байгаа аж. Харамсалтай нь тэр хүний өмнө аль хэдийнэ 800 гаруй хүн дугаарлажээ. Өөрөөр хэлбэл, тус дүүргээс бүртгэх 700 хүн аль хэдийнэ бүрдчихсэн байна гэсэн үг. Гэтэл тус эмэгтэй "Эцсийг нь үзтэл гурван хоног тэнд дугаарлаж зогсоно" гэж байв. Тэр ч бүү хэл, дээр өгүүлсэнчлэн 2000 орчим хүний ард бүртгүүлж юу магад гээд зогсч байгаа иргэдийг харахад тэнд гурван өдөр ингэж иргэдийг зовоон дараалалд зогсоож байснаас бүртгэх цагаа сунгаад нэг өдөрт  багтаагаад бүртгэх, эсвэл эхний 700 хүнийхээ нэрийг бичиж аваад бусад иргэдийг нь "Бүртгүүлэх 700 хүн бүрдсэн" гээд гэр рүү нь буцааж болдоггүй юм байх даа. Заавал 2000 мянган хүн оочерлуулж байж, 700 хүнийг гурван өдөр бүртгэх нь ямар учиртайг хэн мэдэх вэ. Тэнд Солонгос улсад ажиллахын тулд оочерлон гудамжинд гурав хоносон 1000 гаруй иргэн бүртгүүлж чадахгүй гэртээ харих нь.
Харин энэ талаар бүртгэж байгаа хүмүүс ямар бодолтой байдаг талаар тодруулахаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Ганцэцэгтэй уулзсан юм. Тэрбээр, "12:00 цагийн байдлаар Солонгос улсад ажиллах хүсэлтэй 100 хүн бүртгүүлээд байна. Үдээс хойш 150 хүн бүртгэнэ. Дээрээс ирсэн цагийн хуваариар гурван өдөр ажлын цагаар бүртгэнэ гэсэн. Бид түүний дагуу л ажиллаж байна. Таван хүн зэрэг бүртгэж байна. Бүртгүүлэхээр орж ирсэн хүмүүсийг буцаахгүй байгаа. Тухайн хүн иргэний үнэмлэх, бүртгэлийн шимтгэл болох 30 мянган төгрөг, гадаад паспорттай иргэд нь паспортоо авчирсан байхад л болно. Гэхдээ гадаад паспортгүй иргэдийг мөн бүртгэж байгаа" хэмээв. Харин ийн дараалал үүссэн нь 55 дугаар сургуулийн ойролцоох үйлчилгээний цэгүүдэд, ялангуяа, хүнсний дэлгүүрүүдэд азтай явдал болсон бололтой. Учир нь гэр хол байгаа иргэд тэндээс хоол хүнсний хэрэгцээгээ хангах аж. Эдгээр дэлгүүрүүд ямартай ч гурван өдөр ашигтай ажиллах бололтой.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top