Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд сонгуулийн хэсгийн хороодын 99,48%-иас ирсэн санал хураалтын дүнгээр сонгогчдын 74,66%-ийн санал авсан тус улсын одоогийн ерөнхийлөгч Зоран Миланович тэргүүлж байгаа тухай Сонгуулийн улсын комисс мэдээлсэн байна.
Хорватын Сонгуулийн улсын комиссын мэдээлснээр, Миланович 1 сая 114 мянга 383 сонгогчийн санал (74,66%) аваад байгаа бол эрх баригч “Хорватын ардчилсан хамтын нөхөрлөл” намын дэмжлэгийг хүлээж буй бие даан нэр дэвшигч Драган Приморац 378 172 сонгогчийн санал (25,34%) авчээ. Сонгуулийн ирц 44,16% байсан байна.
Миланович сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа үг хэлэхдээ Хорватын нийт иргэдэд талархал илэрхийлжээ. Ялалт байгуулсан Милановичид түүний өрсөлдөгч Приморац баяр хүргэсэн байна. Хорват нь парламентын Бүгд найрамдах улс бөгөөд ерөнхийлөгч нь хязгаарлагдмал бүрэн эрхтэй байдаг. Төрийн тэргүүн парламенттай зөвшилцсөний үндсэн дээр ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийг томилдог ажээ.
Сэтгэгдэл ( 0 )