Б.Баярцэцэг: Тун удахгүй Андреа Бочеллитэй Монголын тайзнаа дуулна

2025 оны 02 сарын 04

Дуучин Б.Баярцэцэг тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгч фенүүддээ толилуулах гэж байна. Түүнтэй ярилцлаа.

 

-Дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлч болсон цаг үе хэзээ вэ. Тэр үеийг эргэн дурсвал сонирхолтой байх болов уу?

-Миний уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн түүх ээдрээтэй. Анх ХААИС-ийн нягтлан бодогчийн ангийн оюутан болж их хотын амьдралд хөл тавьж байлаа. Гэхдээ мөнгө санхүү талын хүн болох нь миний хүсэл байгаагүй юм. Би багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй, харин ээж аав хоёр маань намайг  санхүүч болгомоор байсан хэрэг. Гэвч охиноо СУИС-д шалгалт өгье гэхэд минь зөвшөөрсөн. Тэгээд тэнцэхгүй бол ээж аав хоёрын хүссэн сургуульд орох аман гэрээтэй шалгалтад орохоор болов. СУИС-д элсэх эхний шалгалтад миний шүд тэнцээгүй. Ингээд л ХААИС-д суралцахаар болдог юм. Гурван жил нягтлан бодогчийн мэргэжлээр суралцахдаа “Энэ миний байх ёстой газар биш” гэдгийг алхам тутамдаа  мэдэрч байсан даа. Тоондоо тийм ч сайн биш. Хичээлээ ойлгохгүй байх нь миний хувьд үнэхээр зовлонтой асуудал. Гэтэл урлагийн ямар нэгэн арга хэмжээ болоход би байнга л түрүүлдэг оюутан байлаа. Багш нар ч үүнийг мэдэрчихсэн надад “Чи ер нь байх ёстой газраа олоогүй хүүхэд байна” гэж дандаа хэлдэг байв.

-СУИС-д элсэх шийдвэрийг хэзээ гаргав?

-Төгсөх курсийн оюутан болох жилийн хавар СУИС-д эстрад дуулаачийн шинэ анги нээгдсэн, мөн хоёр дахь элсэлтээ авч байгаа тухай хаанаас ч юм бэ олоод сонсчихдог юм. Хэдийгээр мөдхөн төгсөх байсан ч боломж байгааг мэдээд тэвчээрийн хүлээс алдуурсан байх. Ингээд СУИС-д дахин шалгалт өгөхөөр зориг шулуудсан. Яваад очтол “Анги дүүрсэн, ахиж оюутан нэмж авахгүй” гэж ярьж байна. Эхлээд намайг захирлын өрөөнд оруулахгүй байсан болохоор  үүдэнд нь уйлаад зогсож байтал захирал ирээд юун хүүхэд болохыг асуусан. Шууд л захирлыг дагаж өрөөнд ороод “Би дуучин болмоор байна” гээд уйлаад зогсчихлоо.

Тэр том хүний өрөөнд ороод үнэнээ хэлээд зогсох зориг миний хүүхэд насны хаанаас гарсныг одоо би хэлж мэдэхгүй юм. Дуучин болох хүсэл тийм их байсныг л хэлж чадна. “Ээж аав хоёрынхоо итгэлийг, гурван жил сурсан сургуулиа хаяад ирлээ. Би орос, англи хэлтэй, дуучин болмоор байна” гээд л зогсчихсон. Гэтэл захирал хөгжмийн факультетийн багшийг дуудаад “Энэ нэг ийм хэцүү хүүхэд байна. Та нар шалгаад үзэх үү” гэдэг юм байна. Тэр үед Нямсүрэн багш ирсэн санагдаж байна. Багш намайг шалгаад “Сонсгол, хөг сайтай, сайхан хоолойтой юм байна” гэтэл захирал “Анги дүүрсэн яах билээ” гэж ярьж байгаад шинээр хандивын анги нээхээр болов. Хандивын ангийн оюутан төлбөрөө бэлнээр нь өгөх, дээр нь хэдэн төгрөг нэмж төлдөг журамтай. Цоо шинэ ангийн анхных нь оюутан болж гав ганцаараа орсон. Гэтэл нэг сонирхолтой зүйл болсон нь миний багын найз надтай нэг ангид орлоо. Бас л над шиг гурав, дөрвөн жил өөр сургуульд сурч байгаад дуучин болох хүслээ барьж дийлэхгүй тэсэхээ болиод СУИС-д элссэн байгаа юм. Арван жилд дууны уралдаанд нэг, хоёрдугаар байр эзлээд явдаг байсан хоёр СУИС-ийн хандивын ангид ингэж таарч билээ. Орхонцэцэг  маань төгсөөд  БЦДБЧ-д дуучнаар ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч болсон.

-Анх хэн гэдэг багшийн удирдлагад очиж байв?

-Намайг Ч.Насантогтох багшид “За чи нэг ийм хүүхэд ав даа” гээд гарт нь хүлээлгэж өгсөн. Багш төрөөд удаагүй, дөнгөж ажилдаа ороод хоёр дахь төгсөлтөө хүлээж авсан нь манай анги. Ер нь анхны шавийнх нь  нэг юм даа.

-Та оюутан байхаасаа  дуулж эхэлсэн санагдана?

-Нөхөртэйгөө танилцсан жил зуныхаа амралтаар ОХУ руу явсан юм. Москва, Арбатын гудамжинд Монгол Улсын Элчин сайдын яам байх. Өглөө, оройд Арбатын гудамжаар явахад тэнд Андрей Зайцев гэдэг гитар барьсан эр байнга л дуулж суудаг байлаа. Би хэрэг болгож очоод л ард нь суун түүний дуулахыг сонсох дуртай. Мань эр Мариан Кэри, Уитни Хьюстон, Селин Дион зэрэг поп дива нарын тухайн үед хит болж байсан дуунуудыг сонгож дуулна. Би Андрей Зайцеваас нөгөө дуунуудын фонограммыг хэдэн рубль өгч авлаа. Сонссоор байгаад бүх дууг нь цээжилчихсэн. Монголд ирээд байтал намар болж би хоёрдугаар курсийн оюутан сургуульдаа оров. Тэр жил би анхныхаа “халтуур”-ыг хийж билээ. Нөхрийнхөө эгчийн гуйлтаар ажлын газрын шинэ жилд англи дуу дууллаа. Нөгөө Зайцеваас авсан фонограммтайгаа шүү.

Гэтэл тэнд “Болор” хамтлаг хөгжим тоглож байж. Хамтлагийн ахлагч Оргил ах намайг Селин Дионы “My heart will go on”-ыг дуулж байхыг тэгэхэд сонссон юм билээ. Тэрнээс хойш удалгүй Оргил ах СУИС дээр “Энд Баярцэцэг гэж оюутан байгаа” гэж сураглаж ирээд надтай уулзсан юм. Тухайн үед “Ривер саундс” клуб нээгдээд удаагүй “Болор”хамтлаг тэнд тоглодог байсан юм билээ. Надад долоо хоногт дөрвөн удаа тоглоно, нэг удаагийн тоглолтод 15 мянган төгрөг өгье гэдэг санал тавилаа. Долоо хоногт 60 мянган төгрөг гэдэг оюутны хувьд их мөнгө учраас би шууд л зөвшөөрсөн. Эхний үед Оргил ахын ард вокал дуучнаар ажилладаг байв. Нэг ч дуу бүтэн дуулахгүй олон сар явсан. Миний аз таарсан тэр өдөр би Оргил ахыг орлон дуулж, түүнээс хойш би дангаараа бүх л дууг нь дуулдаг боллоо. Хоёрдугаар курсийн оюутан надад энэ ажил маш олон зүйлийн суурийг тавьж, ирээдүйн амьдралд минь хэрэг болох их зүйлийг сургасан.

-Тэгэхээр баян оюутан байжээ?

-“Ривер саундс”-д би долоон жил дуулсан. Тэр хооронд хотын төвийн том клуб болгонд очиж тоглодог байлаа. Намайг орос дуу дуулдаг болохоор орос дуунд дуртай хүмүүс их урина. Урлагийн зам хөөсөн залуухан оюутан бүсгүйд мөнгө хэрэг бололгүй яах вэ. Оюутан байх үеэс миний хоолой танигдаад эхэлсэн. Тухайн үед хип хоп хамтлагууд хүчээ авч байлаа. Хамтлагийн од ах нар сургууль дээр “Баярцэцэг гэдэг оюутан хаана байна” гээд сураглаад л ирнэ. Манай анги хоёр Баярцэцэгтэй. Хоёулаа уралдаад л би, би гэнэ. Эхлээд “Айс топ” хамтлагтай, дараа нь “Люмино”-гийн “Хүнийх”  дууг хамтран дуулсан.

-Хэдийд өөрийгөө “Би уран бүтээлч”гэж хүлээн зөвшөөрөх болсон бэ?

-Би хүлээн зөвшөөрөхгүй л яваад байгаа шүү. Яагаад гэвэл надад ээжийн үг маш чухал. 2000 оны эхэнд миний дуу хоолой Монголын ард түмэнд танил болж, UBS сувгийн нэвтрүүлгээр миний дуу явдаг болсон. Харин ээж намайг хүлээн зөвшөөрөхгүй “Уйтгартай дуучин” гэж үздэг. Ер нь манай гэрийнхэн миний дууг сонсохгүй, хүлээн зөвшөөрөхгүй нэлээд удсан. Би 2015 онд Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулж “Эхо любвы” тоглолт хийсэн юм. Энэ тоглолтдоо ээжийгээ урьж үзүүлснээ мартдаггүй. “Крокус” төвийн танхим үзэгчээр дүүрч, Казахстан, Өмнөд Солонгосын Элчин сайдууд суучихсан байлаа. Ээж ирсэн зочид, үзэгчдийг хараад “Өө миний охин чинь дуулдаг юм байна” гэж анх удаа хэлсэн. Энэ миний хувьд маш том шагнал. Гэхдээ яагаад ч юм өөрийнхөө уран бүтээлд ханаж байсан удаа надад байдаггүй. “За энэ болж байна даа” гэж бодож байгаагүй. Харин “Тань руу нүүж явна” дууг дуулах гэж хоёр, гурван жил ажиллаад, үзэгч, сонсогчдод хүргэснийхээ дараа тайзан дээр “За Баяраа, ер нь болж байна шүү” гэж дотроо хэлээд уйлж байсан нь өөртөө өгсөн хамгийн том үнэлгээ юм даа.

-“Тань руу нүүж явна”  дууны талаар асууя гэж бодлоо. Энэ кино Монголын дэлгэцийн урлагийн сор болсон уран бүтээл. Үйл явдал, өгүүлэмж, агуулга гээд сэтгэл өвдөхгүй байх аргагүй. Би таныг энэ дууг дуулаад тайзан дээр уйлж байхыг хараад дотроо юу бодож байгаа бол. Ээжийгээ л байх даа гэж бодож байснаа санаж байна. Би буруу бодоогүй байж ээ?

-Та эндүүрээгүй байна аа. Хэдийгээр ээж тоглолт үзээд сууж байсан ч би ээжийгээ л бодож байлаа. Ер нь ээж аавын тухай дуулах маш хүнд. Аавдаа зориулаад нэг дуу хийсэн боловч хэд хоног студид уйлаад, сүүлдээ болиод бууж өгч билээ. “Тань руу нүүж явна”  дууны тухайд маш том бүтээл оролдож байгаагаа мэдрээд их сүрдсэн шүү. Энэ нь ч сэтгэл зүйд нөлөөлсөн байх. Нэг өдөр З.Хангал агсны гэргий Ягаанцэцэг эгч надтай уулзаад “Ханийн минь бүтээлийг хүмүүс дуу болгох гэж оролдож эхэллээ. Бидний санаанд хүрэхгүй байгаа учраас гомдолтой байна. Миний охин үүнийг дуу болгож дуул. Уран бүтээл болгоод дуулаад явна гэвэл бид чамд зөвшөөрөл өгнө” гэдэг санал тавьж билээ. Зөвшөөрөл аваад их олон яруу найрагч, зохиолчтой ажилласан. Том бүтээл гэдгийг нь мэдэрчихсэн учраас ирсэн шүлгүүд сэтгэлд нэг л хүрч өгдөггүй. Тэрнээс гадна олны зүрх сэтгэлд хоногшсон том бүтээлээс хүмүүс халгаад байдаг юм билээ. Олон яруу найрагч барьж авсан ч “Би чадахгүй юм байна” гэж дундаас нь буцсан. Хөгжмийн найруулга нь ч сэтгэлд нийцэхгүй буцаад л байлаа.

Харин зохиолч Х.Болор-Эрдэнийн бичиж өгсөн шүлэг ая дан, хэмнэл айзамдаа яг сайхан таарсан. Ерөөсөө тэр аялгуу, зохицсон шүлэгтэйгээ хоршин найрсахаар хүний зүрх рүү урссан эрчим болж байгаа юм. Дуулахаараа л уйлчих гээд болж өгдөггүй. Гэтэл хошин урлагийн жүжигчин Алтанцэцэг эгч надад “Баярцэцэг ээ, чи ээжийгээ бодож дуулаад байна. Чи энэ амьдралыг гаднаас нь хараад, би энд амьдраад үзчихсэн шүү дээ гэж бодоод хөнгөхөн хандаж дуул” гэдэг зөвлөгөө өгдөг юм байна. Ааяа эгчийн зөвлөгөөгөөр дуулж үзтэл болж байна аа. Дуу болгон өөрийн эрчимтэй учраас аль дууг нь яаж дуулахаа хүртэл бодож байх ёстой юм билээ. Одоо би энэ дуугаа тоглолтонд яг зөвлөсний дагуу л бодож дуулдаг. Миний уйлдаг тэр тоглолтонд ирсэн үзэгчид, ээж хүртэл бараг бүх хүн уйлж байгааг хараад анх удаа “Би үзэгчдийн сэтгэлд солонго таттал дуулж чадлаа” гэж бодсон. Тайзан дээр энэ дууг бүтээх гэж ямар их хүч, сэтгэлийн хат шаардсанаа эргэн санах сайхан байсан.

-Хүн бүрд амьдралын шалгуурыг даван туулах, сэтгэлээ хатамжлан барих, мөн урагш хөдөлгөх хүч бий. Өнөөдрийн Баярцэцэгийг бүтээсэн хөдөлгөгч, бас хатамжлах хүч юу байв?

-Мэдээж амьдралын олон шалгуур, саад бэрхшээл, даваа нугачааг бусдын л адил туулсаар яваа. Өнөөдрийн амжилттай яваа гэж харж байгаа Баярцэцэгийг бүтээх гэж хичээж, зүтгэж, бүх зүйлд зөв, үнэн байх гэж хичээж ирсэн. Хэрвээ амжилт гэж үзвэл үүнийг би хичээсний минь шагнал гэж хэлнэ. Миний элэнц өвөө Богд хаанд үйлчилдэг төрийн дуучин байсан юм билээ. Богд хаан өвөөд “Төрийн дууч” гэдэг цол олгож ордондоо дуулуулдаг байсныг би их хожуу мэдсэн. Тэгэхээр надад өвөг дээдсээс ирсэн өгөгдөл байсан байгаа биз. СУИС-аа дүүргэсэн жил би тайлан тоглолт хийсэн юм. Миний тайлан тоглолтонд эмээгийн дүү ирээд тайзан дээр үг хэлэхдээ элэнц өвөө маань төрийн дууч хүн байсныг өгүүлэхэд тухайн үедээ сонсоод өнгөрсөн боловч эргэн санахад хаанаас, хэнээс улбаатай өгөгдөл болохыг ойлгож байгаа. Одоо сэтгэл дотроо тэр элэнц өвөөдөө үргэлж сүсэглэж явдаг даа. Миний хувьд хэцүү, хэрхэн давах учраа олохгүй явсан зүйл хүний нүдэнд өртөж гарт баригдахгүй хийсвэр. Сэтгэл дотроо үргэлж өөртэйгөө зөрчилдөж, өөрийгөө үнэлж, урамшуулж чаддаггүй байсан. Зөрчил гэхээсээ илүү өөрийнхөө үнэлэмжийг мэддэггүй байсан юм уу. Хэзээ ч сэтгэл ханахгүй үргэлж дутуу санагдах тэр мэдрэмж хэзээ үүссэнийг мэдэхгүй юм. Ийм мэдрэмж намайг маш олон жил дагасан. Болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Азаар миний дуунууд сонсогчдод хурдан хүрдэг. Юу түшдэг юм бүү мэд. Оюутан байхаасаа л ачааллаа дийлэхгүй, эрэлтээ гүйцдэггүй ч өөрийгөө голдог байлаа. Ээж маань биднийг хүмүүжүүлэхдээ ердөө ч урам өгч, болж байна гэж хэлдэггүй байж. Магадгүй өөрөө маш олон төрлийн авьяастай, мэдрэмж өндөртэй учраас бид сэтгэлд нь хүрдэггүй байж мэднэ.

-Дэлхийд нэрд гарсан дуучинтай хамтран дуулах боломж олдлоо гэж бодъё. Таныг Селин Дионыг шүтдэг гэдгийг мэдэх учраас эрэгтэй дуучин гэж тодруулах нь зөв байх. Хэн гэдэг дуучинтай, ямар дуу дуулмаар байна?

-Хамтран дуулахыг хүсэж байгаа маш олон эрэгтэй дуучин байна. Гэхдээ ийм боломж тийм ч хол биш гэж би бодож байгаа. Италийн алдарт дуучин, поп опера урсгалаар дуулдаг Андреа Бочеллитэй “The Prayer” дууг нь хамтран дуулах гэж байна. Андреа Бочелли энэ дуугаа бараг дэлхийн бүх орны одуудтай хамтран дуулсан байдаг. Тун саяхан манай урд хөршийн дуучинтай дуулсан. Одоо Монгол л үлдээд байна даа. Энэ тэгэхээр мөрөөдөл биш байгаа биз. Ер нь би бараг хамтран дуулах байх аа. Тун удахгүй Андреа Бочеллиг та бүхэн Монголын тайзан дээрээс харна. Миний хамтран дуулахыг хүсдэг хоёр дахь хүн нь Монголын дуурийн од Э.Амартүвшин байна. Би түүнийг дэлхийн ямарч том одыг шүтэж байгаагүйгээр шүтдэг учраас дуэт дуулахыг хүсдэг. Тэгэхээр энэ хоёр том дуучинтай, тенор, баритон хоолойтой дуэтлэнэ дээ.

-Таны тоглолт тун удахгүй болно. Тоглолтыг зохион байгуулагчид цоо шинэ арга хэлбэрээр, найруулга, дэглэлтийн хувьд түүх бүтээхээ амлав. Дуучин Б.Баярцэцэг үзэгч, сонсогчдодоо юу амлах вэ?

-Би тоглолт дээр ямар нэгэн гэнэтийн бэлэг барих тийм ч дуртай биш. Одоо эргээд харахад маш олон тоглолтын ард гарсан байна. Миний бодлоор тоглолт хийхийн утга учир нь намайг сонсох дуртай, надад итгэж уран бүтээлийг минь дэмждэг хүмүүс нийлсэн том баяр байдаг. Миний тоглолтыг тэсэн ядан хүлээдэг маш олон сонсогч бий. Манай тоглолт зохион байгуулдаг, тайз засал хийдэг, дуу техникийн ажилтнууд Монголд байгаа хамгийн шилдэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэйгээр ур чадварын өндөр түвшинд тоглолтуудыг зохион байгуулж чаддаг. Тэр ч бүү хэл байгаа техник, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлаас давсан зүйлийг ч хийж чадна. Тэгэхээр урд өмнө байгаагүй ийм гэж би хэлмээргүй байна. Ерөөсөө хүн бүр өөрийнхөө нөөц бололцоог тултал ашиглан ажиллаж байгаа. Миний тоглолтын тухайд дандаа сайжирч явдаг. Амьд хөгжимтэй дуулж, хүн болгонтой шууд харьцаад явахаар амьд харилцаатай тоглолт болдог. Хөгжмийн төгс дуугаралтыг таашаадаг учраас хамгийн шилдэг хөгжимчидтэй хамтарна. Миний бүх дууг даган дуулж байгаа үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг мэдрэх маш сайхан. Би олон жил дууллаа, олон ч тоглолт хийсэн байна. Бүтэн жилийн хугацаанд нэг удаа болох энэ тоглолтыг л хүлээж дуулдаг юм шиг санагддаг шүү. Уран бүтээлчийн замналаа дуусгахгүй байхын нэг утга учир жилдээ нэг болдог энэ тоглолтыг төлөө юм шиг санагддаг болсон.

-Гуравдугаар сарын 8-ны өдөр таны тоглолтын тов гарсан. Энэ өдөр олон тоглолт болдог. Яагаад энэ өдрийг сонгосон юм бэ?

-Миний сонсогчдын 99 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Дуучны замналынхаа 25 жилийн 20 жилд нь тасралтгүй тоглолт хийсэн гэж үзвэл үзэгчдийн 99 хувьд нь эмэгтэйчүүд сууж байхыг хардаг байлаа. Үүнийг эргэн санаад би маш их баяртай байдаг. Бас нэг шалтгаан нь энэ өдөр эмэгтэйчүүд бидний баярын өдөр. Хэдийгээр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” гэдэг албан ёсны нэршилтэй ч монгол бүсгүйчүүд бид баяр гэдэг агуулгаар тэмдэглээд суржээ. Би цэцгэнд маш их дуртай. Тэр цэцгээ харах гээд дуулдаг ч байж магадгүй.

-“Харанга” хамтлагийн “Бүсгүйн заяа”  дуу ард түмний дунд түгэн тараад бараг ардын дуу шиг болсон. Энэ дууг бүсгүй хүн дуулахад сонсогчид яаж хүлээж авч байна. Дургүйцэх ч юм уу, чихэнд наалдахгүй байна гэдэг сэтгэгдэл хэлсэн үү?

-Миний хувилбараар дуулсан “Бүсгүйн заяа” дууны анхны сонсогчид “Уучлаарай, энэ дууг эрэгтэй хүн дуулсан гэдгийг, Лхагваа ахын дуулсныг мартчихлаа. Анхнаасаа л чиний дуу байсан юм биш үү” гэж зарим нь хэлж байхад “Энэ чинь юу билээ нэг л сонссон дуу шиг” гэж хүлээж авах нэгэн ч байсан. Лхагваа ах ч сонсоод “Чиний дуу байсан юм байна” гэж хэлсэн. Энэ дууны клипний зураг авалтанд явж байхдаа “Бүсгүйн заяа” гэдэг ямар ч хэцүү юм дээ гээд хошин маягаар ярилцаж л байлаа. Клипны зургийг Италид маш гоё далайн эрэг дээр авсан.

-Дуучин Баярцэцэг амьд хөгжмийн тоглолт, фонограмм хоёрын алийг нь сонгож тоглолтоо хийхийг илүүд үздэг юм бэ?

-Би дуулж явсан бүх л цаг хугацаандаа амьд хөгжмийн тоглолт, амьд хөгжмийн дуугаралтыг илүүд үзэж ирсэн. Оюутан байхдаа ч би амьд хөгжмийн хамтлагтай дуулж байснаа танд ярьсан. Орчин үед бүр хөгжимгүй дуулахыг илүүд үзэх боллоо. Фонограмм бол нэг л өнгөөр дуугарна, суллана, чангална. Амьд хөгжимтэй дуулахад яруусах сэтгэлийн хөг эгшиг, яг тухайн мөчид гарч байгаа шиг ахиж гарахгүй. Жишээ нь би “Шүрэн бугуйвч”-ыг хэдэн зуун удаа дуулснаа мэдэхгүй. Гэхдээ хэзээ ч нэг мэдрэмжээр дуулж байгаагүй. “Бүсгүйн заяа” өөр “Содон аялгуу”, “Чамайг тэвэрье” бүгдээрээ өөр мэдрэмжээр сонсогчдод хүрч байгаа. Магадгүй энэ өөр мэдрэмжээр дуулагдахыг үзэх гэж ирдэг ч байж мэдэх юм.

-Дуучны замнал, авьяас тэтгэвэрт гарна гэж байдаггүй. Хүчирхэг хоолой хэзээд сонсогчдынхоо сонорыг мялаасаар байдаг. Гэхдээ би танаас асуух ёстой. 10 жилийн дараа өөрийгөө хаана байгаагаар төсөөлж байгаа вэ?

-Би дахиад 10 жил дуулна гэж бодохгүй байна. Яагаад гэхээр миний төлөвлөгөөнд өөр төсөөлөл бий.  Анх уран бүтээлчийн замыг сонгохдоо нэг зүйлийг сэтгэлдээ бат суулгасан нь кино урлагт хүч сорих байсан. Кино урлагийн салбарт ерөнхий продюсер Б.Баярцэцэг гэдэг нэрийг хармаар байна. Эхний алхмууд хийгдээд, кино зохиолуудаа уншаад сонголт хийж байгаа. Ерөнхий продюсер Б.Баярцэцэг гэж бичигдэх тэр кино онцгой байх болно.

М.Зул

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 02 сарын 05

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 02 сарын 05

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Zochin(49.196.195.201) 2025 оны 02 сарын 04

Temeen jin. Yvdgaaraa l yvna. Zamiin nohod. Hutcdagaaraa ......harin chamd. Amjilt. Husie.uragshaa.

0  |  0
Зочин (202.126.90.12) 2025 оны 02 сарын 04

Дуурийн том дуучидтай дуулахад хоолойн цараа бэлдэх хэрэгтэй дээ

0  |  0
zochin(49.109.138.174) 2025 оны 02 сарын 04

ene yanhan garj hog thever lene u ⁉️

0  |  0
DR. ADITY(197.211.63.32) 2025 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITY(197.211.63.32) 2025 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top