Хиймэл оюун ухааны сэдвээр Дээд хэмжээний уулзалт болно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

Парис хотноо хиймэл оюун ухааны хөгжлийн сэдвээр дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх эл арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зарласан 500 тэрбум ам.долларын төсөв бүхий “StarGate” төсөлд барьж буй хариу алхам. Франц улс ёс зүй, олон улсын зохицуулалтад суурилсан хиймэл оюун ухааны хөгжлийн өөр замыг санал болгох дээд хэмжээний уулзалтад дэлхийн 100 улс орны 1000 төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Дээд хэмжээний уулзалтыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар даргална.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Цагаан ордны тэргүүн Доналд Трамп АНУ-д хиймэл оюун ухааны дэд бүтцэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах зорилгоор “StarGate” компанийг үүсгэн байгуулж байгаагаа зарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top