АНУ-ын Кентакки болон Охайо хөндий, дундад Атлантын бүс нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганы улмаас их хэмжээний үер бууж, голуудын усны түвшин нэмэгдэх аюул нүүрлэж байгаа тул аврах ажиллагаа үргэлжилж байна. Тус шуурга олон мужид сүйрэл дагуулж, 14 хүний амийг авч одсон нь бүртгэгджээ. Үүнээс нэг нь Жоржиа мужид хүчтэй салхины улмаас, нөгөө нь Баруун Виржиниад, үлдсэн 12 нь Кентакки мужид амиа алдсан байна. Баруун Виржинийн амбан захирагч Патрик Морриси, тус мужид асар их хэмжээний үер болсноос болж хэд хэдэн хүн сураггүй алга болсон талаар мэдээлжээ. Кентакки мужийн ихэнх хэсэгт ердөө 24 цагийн дотор дунджаар нэг сарын турш орох хэмжээний аадар бороо орж, гамшгийн нөхцөл байдал үүсгэсэн байна. “Би амьдралдаа туулж байсан хамгийн ноцтой байгалийн гамшигтай нүүр туллаа” гэж Кентакки мужийн амбан захирагч Энди Бешир даваа гаригийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэрбээр бороо зогссон ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. “Бидний тусламж хэрэгтэй олон хүн байсаар байна. Тэд бидэнтэй чадахаараа холбогдож, аврах ажиллагаа үргэлжилж байна” гэж Бешир хэлэв.
АВРАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Мужийн эрх баригчдын мэдээлснээр, даваа гаригт Мартин тойргийн хоёр орон сууцны цогцолборт үерийн усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор 237 хүнийг нисдэг тэрэг болон завиар нүүлгэн шилжүүлжээ. Кентакки мужийн үндэсний хамгаалалт болон мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, үер эхэлснээс хойш 1000 гаруй аврах ажиллагаа зохион байгуулагдсан байна. Беширийн хэлснээр, тус мужид амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь "урсгал усан дундуур машинтай явахаар оролдсон" иргэд байжээ. Муж даяар 340 гаруй авто зам үерт автсан нь түүхэнд байгаагүй үзэгдэл хэмээн тэрбээр онцлов. Пайк тойргийн шүүгч Рэй Жонсын мэдээлснээр, тус тойрогт үерийн улмаас дор хаяж 10 гүүр бүрэн сүйджээ.
“Олон бүс нутагт авто замууд үерт автсан хэвээр байна” гэж Кентакки мужийн Падука дахь Үндэсний цаг уурын алба даваа гаригт анхааруулсан байна. “Гол, горхины усны түвшин ирэх хэдэн өдөрт үргэлжлүүлэн нэмэгдэх төлөвтэй байгаа тул дахин үерлэх эрсдэлтэй” гэжээ. Үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад цаг агаарын байдал хүндрэх төлөвтэй байна.
Ирэх өдрүүдэд температур огцом буурч, шинэ цасан шуурганы эрчим нэмэгдэх тул сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Даваа гарагийн орой гэхэд л Кентаккид 13,000 гаруй өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болжээ. “Хэрэв таны гэрт цахилгаан эрчим хүч хэд хоногийн турш ирэлгүй, тасалдсан хэвээр байвал дулаан газар очиж хоргодохыг зөвлөж байна” гэж Бешир хэлсэн байна.
“Бид хүн бүрийг аюулгүй, дулаан байлгахын төлөө ажиллаж байна” гэж тэрбээр нэмж онцолжээ. Баруун Виржиниа мужид 15000 гаруй хэрэглэгч цахилгаангүй болсон бол зүүн зүгт, Мэрилэнд мужид 20000 Пенсильвани мужид 30000 гаруй цахилгаан тасарсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Кентаккид болсон энэ удаагийн үер нь сүүлийн хоёр жилд тохиосон хамгийн хүнд гамшгуудын нэг байлаа. 2022 оны долоодугаар сард болсон үерээс хойш тус мужид ийм хэмжээний хохирол учирсан тохиолдол гараагүй. Тухайн үед 43 хүн амь үрэгдэж, олон газар сүйрсэн билээ. Одоогийн үерийн усны түвшин 2022 оны гамшигтай харьцуулахад арай бага ч үерийн тархалт өргөн хүрээг хамарсан тул аврах, сэргээн босголтын ажилд хүндрэл учруулж байгаа аж.
"Бид одоо хүртэл 2022 оны үерийн хор уршгийг засах гэж ажиллаж байхад дахиад ийм нөхцөл байдал үүснэ гэж хэн ч бодоогүй" гэж Пайк тойргийн шүүгч Рэй Жонс хэлжээ. Үерийн аюулыг урьдчилан харж, Баасан гарагт Кентакки мужийн захирагч Бешир онц байдал зарласан нь энэ аж. Харин Ням гарагт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт талархал илэрхийлсэн байна. Учир нь Трамп гамшгийн бүсэд санхүүжилт олгох шийдвэр гаргаж, үерийн гамшгаас аврах ажиллагааг өргөжүүлэх боломжтой болгожээ.
КЕНТАККИ МУЖ ҮЕРТ НЭРВЭГДСЭН ЦОРЫН ГАНЦ БҮС НУТАГ БАЙСАНГҮЙ...
Кентаккигаас гадна Виржиниа, Баруун Виржиниа, Теннесси зэрэг мужуудад үерийн гамшиг нүүрлэж, онц байдал зарласан байна. Тухайлбал, Теннесси мужийн Обион тойрогт үерийн ус даланг сэтэлснээр тус тойргийн Ривес хотод зайлшгүй нүүлгэн шилжүүлэлт хийжээ. Үерийн гамшиг үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд ойрын өдрүүдэд голуудын усны түвшин нэмэгдэх тул сэрэмжлүүлэг өгчээ. Виржиниагийн зарим бүс нутгуудад үерийн ус цас, мөстэй холилдон, хүйтэн усанд өртөх хүмүүсийн хувьд багагүй эрсдэл учруулж болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Индиана мужид хийсэн дрон зураг авалтаар байшин, авто замууд усанд автаж хүнд байдал үүссэн нь харагджээ.
“Энд жил бүр үер болдог ч ийм хүнд нөхцөл байдал үүссэн нь урт хугацааны дараа анх удаа тохиож байна” гэж тус мужийн Хардинсбург хотын оршин суугч Шелби Сандлин өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Ирж буй хүйтэн агаарын урсгал нэмэлт аюул дагуулж болзошгүй Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, даваа гаригт АНУ-ын хойд хэсэгт Арктикийн хүйтэн агаар орж ирж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн турш дунд болон төвийн бүс нутгуудыг хамарч, хасах хэмийн хүйтэн цаг агаарыг авчрах төлөвтэй байна. “Энэ долоо хоногоос эхлэн төвийн бүс нутаг даяар агаарын температур огцом буурч, амь насанд аюултай хүйтэн нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэж цаг уурын мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мягмар гаригийн өглөө Умард Тал хээрийн бүс нутгуудад салхи, хүйтний жиндүү хэм -60°C хүрч, Техас, Оклахома, Арканзас, Теннесси зэрэг мужуудад ч хасах хэмд хүрэх төлөвтэй байна. Канзас хотын орчимд энэ долоо хоногийн турш температур хасах хэмээс дээш гарахгүй байх бол Даллас, Хьюстон зэрэг хотууд мягмар, лхагва гарагт огцом хүйтрэх төлөвтэй байна. Кентакки мужид мягмар гаригт салхи, хүйтний хэм нэг оронтой тоонд буурах бол лхагва гаригт 0°C-ээс доошлох төлөвтэй байна. Мөн тус бүс нутгийг хамарсан шинэ цасан шуурга үүсэж буй бөгөөд Канзас, Миссури, Иллиной мужуудад 10-25 см цас орж, Кентаккид 7-15 см-ийн цас хунгарлаж болзошгүй байна.
Арканзас мужийн амбан захирагч Сара Хакаби Сандерс болзошгүй шуурганы аюулын улмаас муж даяар онц байдал зарласнаа даваа гарагт мэдэгджээ.
Х.Энхболд
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )