Эрдэмтэд цөмийн хог хаягдлын тухай ой санамжийн ном бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 06

 

Шведийн Линчепингийн их сургуулийн судлаачид Форсмарк атомын цахилгаан станцын дэргэдэх цөмийн “булш”-ны талаарх гол гол мэдээллийг агуулсан 42 хуудас бүхий удирдамжийг боловсруулжээ.

“Key Information File” нэртэй баримт бичигт дурдсанаар, Шведэд 100 мянган жилийн хугацаанд ашиглагдах цөмийн хог хаягдлыг хадгалах агуулахыг барих аж. Энэхүү агуулахын талаар хойч ирээдүй, магадгүй ухаалаг машинуудыг мартуулахгүйн тулд эл баримт бичгийг Шведийн цөмийн хог хаягдлын менежментийн “SKB” компанийн захиалгаар боловсруулсан байна.

Ирээдүйд хэл, бичиг өөрчлөгдөх магадлалыг тооцсон байна. Тиймээс ирээдүйн уншигчид үүнийг шинэчилж, дараагийн үедээ дамжуулах үүрэгтэй. Мөн SHIRE (SHare, Imagine, REnew) стратегийг санал болгосон байна. Үүний дагуу тус агуулахыг сануулах ой санамжийг сургуулийн хөтөлбөр, соёлын түүх, олон нийтийн санаачилгаар дамжуулан шинэчлэх ёстой.

Шведэд энэхүү баримтыг шинэчлэх үүргийг хэн хүлээх нь одоогоор тодорхойгүй байна. “SKB” компани төслийг санхүүжүүлсэн ч албан ёсоор энэ үүргийг хүлээхээс татгалзжээ. Баримт бичгийн Австри дахь “Хүн төрөлхтний ой санамж (Memory of Mankind)” архивд оруулаад байна. Баримт бичгийг шавар хавтан дээр үйлдэж, уулын давсны уурхайд хадгалах гэнэ.

Мэдээллийг олон мянган жилийн дараа дамжуулах асуудал бараг судлагдаагүйг эрдэмтэд онцолжээ. Үүний тулд хүн төрөлхтний урт хугацааны ой санамжийг судлах шинжлэх ухааны шинэ салбарыг бий болгох шаардлагатай гэж тэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu