Дөрөвдүгээр сарын 6-ны ням гаригт Монголын спорт сонирхогчдын анхаарлыг татсан өдөр боллоо.
Монгол Бөхийн өргөөнд Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойд зориулан улсын харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Зүүний магнайд улсын арслан Ц.Бямба-Отгон, барууны магнайд улсын заан Б.Батмөнх боссон тус барилдааны шөвгийн наймын улсын заан Д.Хүдэрбулга-улсын харцага Б.Зоригтбаатар нарын барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг гойд татлаа. Архангайн хурдтай эрэмгий харцагыг зүүн сугадахад нь улсын заан баруун хавираад давсанаар шөвгийн дөрөвт шалгарсан. Шөвгийн дөрөвт мөн хавирах мэхээр улсын заан Б.Бат-Өлзийг давсанаар Д.Хүдэрбулга үзүүр түрүүнд шалгарсан юм.
Шөвгийн дөрөвт улсын арслан Ц.Бямба-Отгон төрөлх сумынхаа ойд барилдаж буй аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг амлан барилдлаа. Ирэх зуны наадмаар улсын начингаар ч үл тогтож мэдэх аймгийн арслан энэ удаад улсын арсланг мушгиж тонгороод түрүү булаалдахаар болсон.
Сумынхаа түүхэн ойд зодоглосон аймгийн хурц арсланг энэ удаад зогсоох хүчтэн Бөхийн өргөөнд байсангүй. Улсын заан Д.Хүдэрбулгыг баруун тосгуулж хавирч давснаар нутгийн зон олон болон үзэгч түмнээ баярлууллаа. Түрүү бөхийг 10 сая, хурдан удмын адуу, үзүүр бөхийг 6 сая төгрөгийн бай мөн хурдан удмын адуугаар мялаалаа.
Мөн улсын харцага Шарын Мөнгөнбаатар сумынхаа 100 жилийн ойн барилдааны үеэр Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн Мөст сумын харъяат аймгийн арслан Ц.Төмөрцоожид гардуулсан юм.
Тавын даваа
у/арс Ц.Бямба-Отгон – а/а Ц.Төмөрцоож
у/з Б.Бат-Өлзий – у/н Б.Түвшинтөгс
у/з Д.Хүдэрбулга – у/х Б.Зоригтбаатар
у/н Ч.Батчулуун – а/а Н.Өсөхбаяр
Зургаагийн даваа
у/арс Ц.Бямба-Отгон – а/а Н.Өсөхбаяр
у/з Б.Бат-Өлзий – у/з Д.Хүдэрбулга
Долоогийн даваа
у/з Д.Хүдэрбулга – а/а Н.Өсөхбаяр
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/
Энэ өдөр “М Банк Арена”-д сагсанбөмбөг сонирхогчдын шохоорхлыг онцгой өдөөсөн “Хасын хүлгүүд”-“Сэлэнгэ бодонс” багуудын тоглолт боллоо. Шөвгийн дөрвийн цувралын 7 дахь тоглолт тул ордон дүүрч, үзэгчдийн уулга алдалт дунд өрнөж “Хасын хүлгүүд” 87:79-өөр хожсоноор аваргын төлөө шалгарлаа.
Харин “Сэлэнгэ бодонс” лигийн хүрэл медалийг 75 сая төгрөгийн хамт хүртэж, NBA-д шуугиулж явсан од Демаркус Казинсын Монголын лигт өнгөрүүлсэн сар гаруйн хугацаа өндөрлөлөө. Гэвч алдартай тоглогч ирсэнээр лигийн босгыг өндөрсгөхийн зэрэгцээ, үзэгчдийн хүлээлтийг улам ихэсгэж, сонирхлыг улам өдөөснийг дурьдах нь зүй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )