Европын хөлбөмбөгийн улирал сүүлч рүүгээ дөхөж, зарим нэг лигийн аваргууд тодорч эхлээд буй энэ цагт Аваргуудын лигийн шөвгийн наймын ширүүн тулаанууд тулж ирлээ.
Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д хоёр тоглолт зэрэг эхэлнэ. Английн “Арсенал” талбайдаа Испанийн “Реал Мадрид”-ыг хүлээн авах бол Германы “Байерн Мюнхен” алдарт цэнгэлдэхдээ “Интер”-ийг угтана.
Мадридын клубын итали дасгалжуулагч Карло Анчелотти тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр том тэмцээний туршлага чухал нөлөөтэй байдгийг сануулж, “Арсенал”-ыг төншөөд авчээ. “Энэ тэмцээнд туршлага чухал байдаг юм. Хэрвээ туршлагатай бол айж тэвдэхгүй, дарамтанд автахгүй. Тэгэхээр ийм нөхцөлийг давж гараад сурчихсан тоглогчид бүрэлдэхүүнд байх чухал” гэсэн байна.
“Арсенал”-ын ахлагч Мартин Одегар цагтаа “Реал Мадрид”-д байсан ч идээшилгүй явсан талаар бодлоо Анчелотти мөн бодлоо хуваалцжээ. “Мартинд багтах зай байгаагүй л дээ. Тиймээс энд өөрийгөө харуулж чадаагүй. Ахиу минут тоглохын тулд өөр багт очихоос аргагүйд хүрсэн. Одоо бол Аваргуудын лигт хамгийн сайн тоглолттой багуудын нэгд тоглож байна” гэжээ.
Анчелотти айдсын талаар дуугарсан бол “Арсенал”-ын баруун жигүүр Букайо Сака ч мөн энэ сэдвээр ярьжээ. “Манай багийнхан бэлэн. Бидэнд айх юм байхгүй. Бид энэ шатыг даваад дараагийнх руу ормоор байна” хэмээн өгүүлсэн байна.
Харин “Их буучид”-ын дасгалжуулагч Микел Артета өнөө шөнө нүүр тулах өрсөлдөгч багийнхаа дасгалжуулагчийг үнэлж явдгаа хэллээ. “Анчелотти миний урам зоригийг сэргээдэг юм. Дасгалжуулагчдын дундаас хамгийн сайхан түүхийг бүтээсэн хүн гэж боддог. Багт нь байсан хөлбөмбөгчдийн яриаг сонсоход л ямархуу хүн бэ гэдэг нь ойлгогддог шүү дээ. Тэр маш сайн хүн бас гарамгай дасгалжуулагч” гэж магтлаа.
Германдаа босоо дархалж яваад өнгөрсөн жил “Байер Леверкузен”-д аваргын цомоо булаалгасан ч гэлээ энэ жил Бундеслигээ дахиад л тэргүүлж яваа “Байерн Мюнхен” болон мөн Италийн Сери А-г тэргүүлж буй “Интер”-ийн тоглолтын талаар өгүүлье.
Мюнхений клубын дасгалжуулагч Венсан Компани “Стандартаас ч, сөрөг довтолгооноор ч өрсөлдөгчөө айлгаж, дарамталж чадах хүчтэй баг бол “Интер”. Ер нь зохион байгуулалт маш сайтай. Бас бүрэлдэхүүн нь их хүчтэй. Гэхдээ бид ч гэсэн хүчтэй. Үүнийгээ л талбайд харуулах цаг боллоо” гэжээ.
“Интер”-ийн дасгалжуулагч Симоне Инзаги “Тэд үргэлж түрэмгий, эрч хүчтэй тоглолтоороо ялгарсаар ирсэн. Бидэнд ч, тэдэнд ч сайн тоглогчид бий. Гэхдээ бид энэ удаад таван тоглогчоо ашиглаж чадахааргүй байна. Тэд ч гэсэн бас л гэмтлийн улмаас зарим тоглогчоо гаргаж чадахгүй. Одоо бид яах ёстой вэ гэвэл тэвчиж тэсэх л хэрэгтэй. “Байерн” бидэнд их төвөг удах нь ойлгомжтой. Гэвч тэсээд гарах ёстой” гэжээ.
Мануэль Нойер гэмтсэн учраас “Байерн”-ий хаалганд өнөө шөнө 21 настай Йонас Үрбиг гарна. Энэ талаар “Интер”-ийн хаалгач Янн Зоммер бодлоо хэлжээ. “Үрбиг их сайн хаалгач байна лээ. Нэг их олон тоглолтыг нь үзээгүй ч гэлээ хөлөөрөө маш сайн тоглох чадварыг нь бол анзаарсан. Ийм залууд зөвлөгөө өгөөд байх хэрэггүй. Түүнд сайн сайхныг л хүсье” хэмээн өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Реал vs Арсенал бол ойлгомжтой ш дээ, аваргуудын лигийн туршлага, тоглогчдын чанар чансаа, дасгалжуулагчийн зэрэг зиндаагаар ч тэр бүх талаараа Реал илүү ш дээ
Хэдий айгаагүй сандрахгүй гэж байгаа ч Арсенал Реалд яалт ч үгүй жулдана, яаж ч бодсон ойлгомжтой ш дээ