“Шөвгийн дөрөвт шалгарчихлаа” гэх үгийг та нар биднээс олж сонсохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10


Европын Аваргуудын лигийн олон гоолтой, үзүүштэй тоглолттой орой үргэлжиллээ. Өчигдөр Испанийн “Барселона” талбайдаа Германы “Боруссиа Дортмунд”-ыг хүлээн авч 4:0-ээр бут ниргэсэн бол Францын аваргаар 13 дахь удаагаа тодроод хэдхэн хонож буй “Парис Сэн Жэрмэйн” 3:1-ээр Английн “Астон Вилла”-г буулган авлаа.

Парисын клубын хувьд хувь тоглогчдын ур чадвар маш өндөр байгааг өмнөх шатанд учраа таарсан Английн “Ливерпүүл”-ийнхэн гайхсан тухай мэдээ түгсэн. Энэ удаад ч тэд энэ давуу талаа дахин харууллаа. Багийн дасгалжуулагч Луис Энрике “Манай багт том амбицтай чанартай тоглогчид бий. Тоглолт бүртээ л бид хожихыг хүснэ. Хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг ч лут байна. Тэгээд ч өнөөдөр биднийг дахиад аз ивээлээ” гэжээ.
 


Харин “Астон Вилла”-гийн дасгалжуулагч Унаи Эмери яг л ийм дүнг хүлээж байснаа хэлсэн байх юм. Тэрбээр цагтаа “ПСЖ”-ийг удирдаж явсаныг хөлбөмбөгийн хорхойтнууд юу эс андах билээ.

“1:2 юмуу 1:3-аар дуусна гэж тоглолтын өмнө би бодож байсан. Яг л тийм юм боллоо. Одоо бид талбайдаа тоглоно. Энэ их өөр шүү.  Хөгжөөн дэмжигчид маань багтаа туслах болно. Тоо 1:2 байхад бидэнд гоолын боломж гараад л байсан. Магадгүй тэдний гурав дахь гоол жаахан илүүдсэн биз. Гэхдээ нөхцөл байдал нэг их онцын ялгаагүй. Бид талбайдаа 1-ээс олон бөмбөгийн зөрүүтэй хожиход л болно” хэмээн Унаи Эмери ярьжээ.
 


Түүний энэ үгийг хамгаалагч Мэтти Кэш ч дэмжлээ. “Хэцүүхэн орой болж байна. Энд тоглох хэцүү гэдгийг бид мэдэж байсан. Гурав дахь гоолыг төгсгөлд алддаг л муу байна. “Вилла Парк”-т өөр тоглолт болно оо. Дасгалжуулагч ч бидэнд “Энэ зөвхөн эхний үе” гэж хэлсэн. Гэртээ бид хүчтэй шүү. 2-3 гоол хийчих чадал хангалттай бий. Энэ тоглолтоосоо сургамж аваад, дараагийнхдаа очно” хэмээн Кэш мэдэгджээ.
 


Шөвгийн наймын нөгөө хос нь Каталоны бахархал “Барселона” болон тэдний үүрэнд очсон Германы “Боруссиа Дортмунд” байлаа. Ханс-Дитер Флик эх нутгийнхаа Дортмундын клубыг мэдэхийн дээдээр мэдэхийн хувьд бэлтгэл хийхэд ч дөхөм байсан биз.

“Бид шөвгийн дөрөвт шалгарчихаагүй байна. Тийм ээ, 4:0-ээр хожсон ч гэлээ шалгараагүй л байна. Хөлбөмбөгт юу болохыг хэн ч урьтаж хэлэхийн аргагүй. Хөлбөмбөг бол галзуу солиотой тоглоом. Гэхдээ бид Дортмундад өнөөдрийнх шигээ тоглох ёстой” гэж Ханси Флик өгүүлжээ.
 


Роберт Левандовски энэ тоглолтод дубль хийснээр “Барселона”-гийн төлөөх 98, 99 дэх гоолоо тэмдэглүүлсэн юм. Гэлээ ч тэрбээр багийнхаа хоёр жигүүрийн довтолгооны тоглогчдыг онцлон магтжээ. “Ямаль, Рафинья хоёр талбай дээр ч, талбайн гадна ч үлгэр дуурайлал авахаар сайн залуус. Бид довтлогчоо ч гэсэн багийн тоглолтод байнга оролцуулж тоглох ёстой. Тэгвэл амжилтад хүрэхэд илүү амар” гэжээ.

Энэ тоглолтод гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөнөөр бразил залуу Рафинья Аваргуудын лигт Лионель Мессигийн үзүүлсэн амжилтыг давтлаа. Энэ улиралд Аваргуудын лигт тэрбээр 12 гоол, 7 гоолын дамжуулалттай буюу гоолд шууд оролцсон нь 19 болсон юм. Месси 2011/12 оны улиралд гоолд оролцсон тоо нь мөн 19-д хүрч байжээ.
 


Гэхдээ Рафинья даруухан, хэрсүү байхыг эрхэмлэж байна. “Шөвгийн дөрөвт бид шалгарчихлаа” гэх үгийг та нар биднээс олж сонсохгүй. Яагаад гэвэл Дортмундад хариу тоглолт байна. Өнөөдөр бид сайн дүнд хүрлээ. Гэхдээ одоо Дортмундад очоод бас сайн тоглох хэрэгтэй” гэж өгүүлсэн юм.

Левандовски ч үгийг нь өлгөн авч, “Бидний хэн ч шөвгийн дөрвийн тухай бодоогүй. Чухал тоглолт өмнө байхад илүү юм бодох дэмий. Дортмундад бид хожихоор очих болно. Байнгын зорилго маань энэ” хэмээн цагтаа Дортмундад тоглож явсан польш довтлогч өгүүлжээ.
 


Эцэст нь Оуэн Харгривзийн нэгэн бодлыг хавчуулчихъя. “”Барселона”-гийн довтолгооны гурвалаас миний бодлоор шилдэг нь Ямаль. Шийдвэр гаргах хурд, ур чадвар, анхаарлаа төвлөрүүлэх чадвар зэрэг нь ингэж хэлэхээс аргагүй байна. Энэ хүүд ямар нэгэн онцгой юм бий. Үүнд эргэлзэх хэрэггүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu