Энэ сарын 19-ны бямба гаригт Монгол Бөхийн өргөөнд урт гарт хэмээх Маамын Лхагва арслангийн нэрэмжит улс, аймгийн алдартай цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно. 256 бөх барилдах учир харьцангуй эрт буюу 11:00 цагт эхлэхээр товложээ.
Энэхүү барилдаанд зодоглох тухайгаа бөхчүүд сошиалд ээлжлэн мэдэгдсээр байна. Одоогоор улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар нарын зэрэг ид ирэн дээрээ яваа хүчтэнүүд барилдана гэдгээ илэрхийллээ. Мөн ирэх жилийн наадмаар улсын цолны босгыг алхана гэж итгэл хүлээлгэж буй аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр ч барилдана гэдгээ хэлжээ. Ийнхүү бөхчүүд барилдаан эхлэх өдрийг хүртэл зодоглох тухайгаа хэлж, нэмэгдсээр байх шинжтэй.
Маамын Лхагва арслан 1907 онд одоогийн Завхан аймгийн Идэр суманд мэндэлсэн. 1931 оны наадамд ес даван үзүүрлэж, улсын заан цол хүртсэн бол дараа жил нь шөвгийн дөрөвт шалгарсан байна. Харин 1933 оны наадамд 10 даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм. Үүнээс зургаан жилийн дараагаар улсын наадамд мөн үзүүрлэсэн. Одоогийн цолны тогтолцоогоор бол аварга байтугай даян аварга ч болохоор амжилтад хүрсэн бөх юм. Хожим хэлмэгдэж, 7 жил шоронд суугаад гарч ирсэн ч 1946 оноос хойш таван жил улсын наадамд шөвгөрч байжээ.
2000 оны эхнээс л М.Лхагвад аварга цол нэхэн олгох тухай хүсэлт гаргах болсон. Гэвч одоогоор цолыг нь ахиулж олгоогүй байна.
М.Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн бөхөд 12 сая, үзүүрлэсэн бөхөд 7 сая төгрөгийн шагнал амлаад буйгаас гадна үзэгчдийн дундаас нэг азтан тодруулж, автомашин бэлэглэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
1931 онд лам бөх төрийн наадамд түрүүлж болохгүй гээд бууж өгч үзүүрлэсэн гэж бичсэн байдаг.