Арслан Х.Мөнхбаатар, харцага Ш.Мөнгөнбаатар нар зодоглоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар, улсын харцага Шарын Мөнгөнбаатар хоёрыг “нүцгэлэх”-ийг маргааш Монгол Бөхийн өргөөнд харах нь ээ.

2018 оноос хойш Бөхийн өргөөний дэвжээнээ гараагүй, улсад орь залуугаараа түрүүлсэн Хөвсгөл нутгийн хүчит арслан Х.Мөнхбаатар маргааш болох Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн барилдаанд зодоглох тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа зарлаж, дараа нь ярилцахад “Э.Оюунболдыгоо хараад барилдмаар санагдлаа” гэж хэлсэн. Байгалиасаа төрмөл бөх, хүчит арслантай хамтаар маргааш улсын харцага Ш.Мөнгөнбаатар мөн зодоглохоор нэрээ бүртгүүлжээ.

Өмнөх буюу Маамын Лхагва арслангийн нэрэмжит барилдааны тойм дээр заан Ц.Одбаяр харцагыг үзэгчдийн суудалд суугааг хараад “За, үзэгч болсон уу? Сайн дэмжээрэй” гэж егөөдсөн тухай тэмдэглэн бичсэн. Тэгвэл энэ удаад харцага үзэгчдийн эгнээнд шилжих арай болоогүй, үзээтэй байгаагаа харуулахаар шийдсэн хэрэг.

Сонирхолтой нь Х.Мөнхбаатар, Ш.Мөнгөнбаатар хоёр бол эдүгээгээс 14 жилийн өмнөх Цагаан сарын барилдаанд үзүүр булаалдаж байсан хүчтэнүүд. Тэгвэл маргааш хамтдаа үзэгчдийн өмнө дахин гарч, үзээтэй байгаа эсэхээ үзэхээр болжээ.

Магадгүй улсын том цолтой бөхчүүд маань Бөхийн өргөөндөө эргэн гарч буй энэ явдлыг Э.Оюунболдын эффект гэж нэрлэж болох биз. Хоёр жил гаруй барилдаагүй арслан үзэгчдийн алга ташилт, халуун дэмжлэг дор Бөхийн өргөөнийхөө дэвжээнээ эргэн гарч, нэг давсан. Маргаашийн барилдаанд ч нэрээ өгсөн байна.

Ийнхүү бөхийн хорхойтнуудын Бөхийн өргөөнд харна гэж төсөөлөөгүй байсан гурван ч хүчтэн долоо хоногийн хугацаанд дэвжээнээ гарахаар зодог шуудагныхаа уяаг чангалж байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.51) 2025 оны 04 сарын 26

Хоёр төгцөг стриптиз үзүүлэх нь үү, ямар амьтад энийг нь үзэх юм бол доо, хөөрхийс

0  |  0
Ddavaa(103.168.34.233) 2025 оны 04 сарын 26

Ene barildaand turuulsen beh 20 sayqiin bai avna Avalgui yaah ve? Harin 2 sayaiin HHOATatvar tulsen deer uu? 200 myangiin tatvar tulsen ni zugeer uu?100000 gazriin useg zurag hid yuu geh ni sonirholtoi baina

0  |  0
Иргэн(66.181.189.133) 15 цагийн өмнө

Зодоглохыг нүцэглэх гэх үгээр илэрхийлж болмооргүй юм шигээ

1  |  0
Close menu