Арсенал – ПСЖ 0:1. Тоглолтын дараа Руни, Артета, Ширер, Уолкотт, Анри нар юу хэлэв?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн эхний тоглолтод Английн “Арсенал” талбайдаа Францын “Парис Сэн Жэрмэйн”-д Усман Дембелегийн гоолоор 0:1-ээр хожигдлоо. Тоглолтын дараагаар хэн юу хэлснийг товчлон хүргэе.

“Тоглолт олон өөр өөр хэсгээс бүтлээ. Эхлэлийг бид сайн тавьж, тун сайхан байлаа. Гоол итгэл ч авчирсан. Дараа нь “Арсенал” давамгайлсан. Ялангуяа стандартуудаас илүү давамгай тоглолоо. Одоо хариу тоглолтыг хүлээе. Бид хувь болоод багийн тоглолтын хувьд ажлаа маш сайн хийлээ. Довтолгооныхон маань хамгаалалтандаа байнга эргэж тусаллаа.

Доннаруммагийн хаалтуудын тухай бол тэр чинь хаалгач биз дээ? Хаалгаа хамгаалах нь түүний үүрэг. Үүний төлөө өдөр бүр ажиллаж байгаа хүн. Шөвгийн дөрөвт хөлбөмбөгч бүр сайн тоглох нь чухал.

Харамсалтай нь Дембелегийн шөрмөс гэмтчихлээ. Хариу тоглолтод гарах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тоглож чадвал сайн л байна. Хэрвээ үгүй бол өөр арга бодож олно. Өнөөдөр бид жинхэнэ баг байж чадлаа” хэмээн Парисын клубын дасгалжуулагч Луис Энрике өгүүлсэн байна.

“Их буучид”-ын хожигдлын талаар Уэйн Руни бодлоо хэлэхдээ “Артета улирлын турш ашигласан тоглолтын төлөвлөгөөнөөсөө холдож, өөрчилж чадахгүй байгаа нь харагдлаа. Одоо хариу тоглолтод маш их тэвчээртэй байж, анхаарлаа алдалгүй төгсгөлд найдах хэрэгтэй. Өнөөдрийн “Арсенал”-ын тоглолт болон фанатуудынх нь дэмжлэг сэтгэлд хүрсэнгүй. “Парис Сэн Жэрмэйн” тоглолтын төгсгөл рүү 2-3 гоолын зөрүүтэй ч хожих боломж байлаа” гэжээ.

Цагтаа “Арсенал”-д тоглож явсан Тео Уолкотт “Парисын багийнхан байрлалаа ямар олон удаа сольж тоглож чаддаг юм бэ? “Арсенал” үүнд бүр төөрөлдчих санагдлаа. Би хүртэл хараад сүүлдээ бүр толгой эргэх шиг боллоо. Яаж ингэж олон удаа байрлалаа байнга сольж, өөрчлөгдөж тоглож чадаад байна аа?” хэмээн уулга алджээ.

Усман Дембелегээс гэмтлийнх нь талаар асуухад “Зовиур мэдэрсэн юм. Гэхдээ зүгээр ээ. Бүх юм мөдхөн сайн сайхан болчихно” гэсэн байна.

Францын клубын хагас хамгаалагч Витинья “Бид тоглодгоороо л тоглолоо. Зарим нэг зүйлд дасан зохицох шаардлага гарсан ч гэлээ бидний хувьд бүх зүйл санаснаар, төлөвлөснөөр өрнөж дууслаа” гэсэн байна.

Тэгвэл Лондоны клубын ахлах дасгалжуулагч Микел Артета “Үр дүнд их гонсгор байна. Энэ тоглолтод бид их олон зүйл хийж үзлээ. Эхний 10-15 минутад маш сайн хичээж зүтгэх ёстой боллоо. Ингэснийхээ шанд үлдсэн хугацаанд давамгайллаа. Гэхдээ ядаж тоог тэнцүүлсэнгүй. Парисчууд хэзээ л бол хэзээ аюул тарьчих гээд байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэд хүнд байдлаас ч гарч чадаж байлаа” гэжээ.

Харин Алан Ширер “ПСЖ илүү байсан гэдгийг “Арсенал”-ын фанатууд ч хүлээн зөвшөөрөх байх. Гэхдээ одоо даалгавар тийм биелэгдэшгүй биш. Маш хүчтэй өрсөлдөгчтэй тулгарсан болохоор хэцүү гэдэг нь ойлгомжтой. Хариу тоглолтод их хичээх хэрэгтэй боллоо” хэмээн өгүүлжээ.

“Их буучид”-ын хаалгач Давид Райя “Тэд тоглолтыг хүчтэй эхлүүлж, хурдан гоол хийчихлээ. Дараа нь 15 минут орчим давамгай тоглосон. Гэхдээ үүний дараагаар бид санаачлагыг авсан. Гоолын боломж үүсгэсэн ч Доннаррумма их сайн байлаа. Арай азтай байсан бол бид энэ тоглолтод хожих ч боломж байсан. Одоо тоглолтын сайн талыг харж бодоод, хариу тоглолтод бэлдэнэ” гэсэн байна.

“Арсенал”-ын домог Тьерри Анри тоглолтыг үзсэнийхээ дараагаар “Өнөөдөр ПСЖ хавьгүй илүү хүчтэй байлаа. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялъя гэвэл “Арсенал” олон зүйлээ өөрчлөх хэрэгтэй харагдлаа. Гэхдээ нэг тоглолт байгаа шүү” гэжээ.

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн нөгөө тоглолт болох Барселона - Интер эхэлнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu