Хасагдсан Роналдо, гялалзсан Ямалийн тухай яриа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01


Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрөв болон Азийн Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн тоглолттой шөнө болж өнгөрлөө. Азиас эхэлье.

40 насны босго давсан португал довтлогч Криштиано Роналдогийн тоглож буй Саудын Арабын “Аль Наср” клуб шөвгийн дөрөвт Японы “Кавасаки Фронтэйл”-д 2:3-аар хожигдож, финалд шалгарах цаашлаад аварга болох боломжоо алдлаа.
 


Роналдог ирсэнээс хойш “Аль Наср” 10 тэмцээнд өрсөлдсөн. Гэвч нэг ч түрүүлсэнгүй. Гэлээ ч хожигдсон тоглолтын дараахан сошиал хаягтаа “Заримдаа мөрөөдлөө хүлээх ёстой болдог. Талбай дээр бүх хүчээ шавхсан багийнхнаараа бахархаж байна. Мөн бидэнд итгэж дэмжсэн фанатууддаа баярлалаа. Та бүхний дэмжлэг бидний хувьд бүтэн ертөнц юм шүү” хэмээн Криштиано Роналдо тэмдэглэжээ.
 


Азийн Аваргуудын лигийн финалд Японы “Кавасаки Фронтэйл”-тэй Саудын Арабын өөр нэгэн клуб болох “Аль Ахли” тулах болно.

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн “Барселона”-“Интер”-ийн тоглолт мөн гоол арвинтай болж, 3:3-аар тэнцлээ.  

Дэлхийн аварга, домогт хамгаалагч Лилиан Тюрамын хүү Маркус эхний минутад эхний гоолыг Каталоны багт оруулж, чангахан тоглолт болох дохиог өгсөн. Үүний дараагаар автомашин жолоодох ч эрхээ авах насанд хүрээгүй 17-той Ламин Ямаль тоог тэнцүүлсэн бол Дензел Думфрис дубль, Ферран Торрес мөн Янн Зоммерийн өөрийн хаалгандаа оруулсан гоолоор тоглолт тэнцэж дуусав.
 


Тоглолтын дараагаар олон мэргэжилтэн, хөлбөмбөгчид нэг л зүйлийг онцолсон нь Ламин Ямалийн авъяас чадвар байлаа.

“Би лав ойрын 8-9 жил ийм хөлбөмбөгч хараагүй юм байна. Түүнийг зогсоохын тулд байнга 2-3 тоглогч очуулж байлаа” хэмээн “Интер”-ийн дасгалжуулагч Симоне Инзаги өгүүлжээ.

Тэгвэл “Интер”-ийн ахмад тоглогч Генрих Мхитарян “Дэлхий даяараа л энэ хүүг ямар сайн тоглогч вэ гэдгийг харлаа. Гялалзаж байна даа. Бид зогсоох гэж оролдсон ч гэлээ маш өндөр чадвартай болохоор хэцүү юм. Ирэх долоо хоногт өнөөдрийнх шиг ингэж гялалзах боломж өгөхгүй л гэж найдъя” хэмээн ярьсан байна.
 


Италийн багаас Ямалийн талаар ярихгүй өнгөрч чадаагүй өөр нэг тоглогч бол хаалгач Янн Зоммер байлаа. “Хууралт хийгээд ороод ирэхээр тоглолтыг маш хурц болгох юм. Чадахаараа л хамгааллаа. Тэглээ ч их гоёмсог гоол оруулж дөнгөлөө” гэжээ.

Хамгаалагч Алессандро Бастони “Гайхамшигтай тоглогч гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоогоор Дэлхийд түүн шиг жигүүрийн довтлогч байхгүй. Өрсөлдөгчөө магтмаар бахдмаар байвал ичиж зоволгүй хэлчихэж байх хэрэгтэй” гэсэн байна.

Харин цагаан хэл ам тусахвий гэж болгоомжилтлоо магтуулсан Ламин Ямаль өөрөө тоглолтын талаар “Бид хожих л гэсэн юм. Гэвч дараагийн тоглолтыг хүлээж таарах нь. Би бүх хүчээ шавхаж тоглоод сурчихсан. Хожно гэж бодсон болохоор чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Дараагийн тоглолтод бид чадах бүхнээ хийж, финалд гарахыг эрмэлзэнэ. Өнөөдөр бид “Интер”-ээс уг нь илүү байлаа. Гэвч энэ илүү гэдэг нь үр дүнд тооцогдохгүй болохоор юу ч биштэй ялгаагүй” хэмээн ярьсан байна.
 


Ирэх долоодугаар сард Ямаль 18 нас хүрнэ. Өчигдөр тэр "Барселона"-гийн албан ёсны 100 дахь тоглолтдоо гарлаа. Энэ 100 тоглолтод 22 гоол оруулж, 33 гоолын дамжуулалт өгчээ. Тэгвэл Криштиано Роналдо 18 нас хүрэхдээ клубт албан ёсны 19 тоглолтод оролцож, 4 гоол, 5 гоолын дамжуулалттай байлаа. 18 хүрэхдээ Лионель Месси бүр клубын төлөө албан ёсны 9 тоглолтод л оролцож, ганцхан гоолтой байжээ.
 


Ямалийн тухай яриаг үүгээр түр дуусгая гэж бодтол “Барселона”-гийн дасгалжуулагч Ханс-Дитер Фликийн үгэнд мөн л дурдагдаад амжжээ. “Өнөөдөр би тоглолтын дараа тоглогчдодоо юу ч хэлээгүй. Заримдаа сайн унтаж амарсны дараа ярьсан нь дээр байдаг юм. Бид хоёр тоглолтод эхэлж гоол алдаад, дараа нь нөхлөө. Ламин Ямаль маш сайн байж, эхний гоолыг бүтээлээ. Түүнийг гайхамшигтай гэдгийг бүгд мэднэ. Том тоглолтод том тоглогчид ур чадвараа бүрэн харуулдаг” гэжээ.
 


Дандаа магтаад байж яахав. Маркус Тюрамын тоглолтын дараагаар жаахан “дарж” хэлснээр өндөрлүүлье. “Үгүй ээ, Ямаль Дэлхийн шилдэг биш. Франц хөлбөмбөгчид Дэлхийн шилдэг. Усман Дембеле, Килиан Мбаппэ хоёр байна. Энэ хоёрын дараа л Ямаль бий” гэж өөрөө франц Тюрам өгүүлжээ.

“Барселона”-“Интер”-ийн тоглолтын хувь заяаг “Сан Сиро”-д болох хариу тоглолт шийднэ гэх утгатай үгсийг хоёр багийн дасгалжуулагч, тоглогчид давтан давтан ярьсан учир энэ удаад нэг тоглогч дээр төвлөрч хэлсэн үгсийг түүн орууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu