Европын Аваргуудын лигийн финалд Италийн “Интер” шалгарлаа. Талбайдаа Испанийн “Барселона”-г 4:3-аар хожсоноор ийнхүү аваргын төлөөх эцсийн ганц тулаан хийхээр үлдэв. Симоне Инзаги сүүлийн гурван жилд хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн финалд багаа гаргаж буйг нэн тэргүүнд дурдая.
За ингээд тоглолтын дараах яриа руу оръё. Эхлээд хамгийн халуун сэдэв болсон пенальтийн тухай Арсен Венгер юу хэлснийг сонирхуулъя. Лаутаро Мартинес дээр Кубарсиг алдаа гаргасан гэж польш шүүгч Шимон Марчиньяк үзсэнээр пенальтийг Хакан Чалханоглу амжилттай гүйцэтгэж, тоо 2:0 болсон билээ.
“Кубарсигийнх шиг ийм бөмбөг таслалт дээр алдаа заахыг би эрс эсэргүүцдэг. Бичлэгийг удаашруулж харвал бараг бүх тохиолдолд алдаа гаргасан мэт харагддаг юм. Харин бодит хурдаар шүүвэл Кубарси энэ тохиолдолд бөмбөгийг тасалж, хамгаалж чадаж байгаа. Шүүгч буруу шийдвэр гаргасан” гэж Арсен Венгер мэдэгджээ.
“Барселона” бол Йохан Кройффын нутагшуулсан тотальний хөлбөмбөгийн эх үндэстэй баг. Тиймээс домогт Йохан Кройффын хүү Хорди Кройфф энэ тоглолтоор аав нь бахархах байсан гэжээ.
“Аав минь энэ багаар бахархах байсан. Яаж тоглов, яаж бүх хүчээ шавхав. Ялагдвал нэр төртэй ялагдаж сур гэж аав минь хэлдэг байсан. Яг л тийм тоглолт боллоо” гэж Хорди Кройфф өгүүлжээ.
Өнгөрсөн ДАШТ-ий финалыг шүүсэн Шимон Марчиньякийн тухай яриа гаралгүй өнгөрнө гэж байхгүй. Ялангуяа финалд пенальти заасан тохиолдолд заавал яригдана.
“Барселона”-гийн дасгалжуулагч Ханс-Дитер Флик “Шүүгч 50:50-ийн хувийн маргаантай тохиолдол бүрт өрсөлдөгчийн талд шийдэж байлаа. Гэхдээ хөлбөмбөг ийм л зүйл. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Би багаараа бахархаж байна. Заримдаа шүүгчийн шийдвэр шударга бус санагддаг л юм. Гэвч хүлээн зөвшөөрөөд, дараагийн улирал руу орох хэрэгтэй. Бид уг нь аварга болохыг их хүссэн. Фанатууд маань ч сайн дэмжлээ. Одоо бид ирэх улиралд эргээд илүү хүчтэй болж ирэх болно.
Шүүгчийн шийдвэрийн талаар бодол бий ч гэлээ хэлмээргүй байна. Ер нь шүүгчийн тухай ярих би дургүй. Өөрт нь бодлоо хэлсэн. Харин юу гэж хэлснээ олонд дэлгэмээргүй байна” хэмээжээ.
Энэ тоглолтод нэг гоол оруулсан хамгаалагч Эрик Гарсиа “Бидэнд их хэрцгий хандлаа. Дахиад л 0:2-оос “барих” шаардлага тулгарлаа. Манай багийнхны сэтгэлзүй сайн тулдаа тоог тэнцүүлж чадсан. Энэ стадион яг яачихсан газар гэдгийг мэдэхгүй юм. Би энд гурван удаа ирлээ. Гурвууланд нь хүссэнээр болсонгүй. Энэ шүүгчийн хувьд бол сүүлчийн удаа бидний тоглолтыг яаж шүүлээ дээ. Хөлбөмбөгт заримдаа тохиолдлын алдаа гардаг. Хоёрдугаар үед бид хавьгүй сайн тоглож, ямар баг вэ гэдгээ харууллаа. Харин нэмэлт үед “Интер” хамгаалалтандаа улам чамбайрсан болохоор их хэцүү болсон” хэмээн өгүүлжээ.
Энэ тоглолтын шилдгээр “Интер”-ийн хаалгач Янн Зоммер шалгарсан. Шилдгээр нэрлэгдсэн швейцарь хаалгач “2:3 болоход ихэнх баг буугаад өгчих байсан болов уу. Гэтэл Ачерби урагшилж довтолгоонд тоглосноор тоог тэнцүүлснийг юу ч гэж тайлбарлаж хэлмээр юм бэ дээ... Бид эцсээ хүртэл итгэсэн гэмээр юм байна. Үнэхээр гайхалтай байлаа. Маш их жаргалтай байна. Гайхамшигтай тоглолт боллоо. Ямалийн цохилтыг хаасан минь их онцгой санагдсан. Их хүчтэй бөмбөг ирсэн шүү. Азаар хаалганд орчихоогүйд баярлах юм” хэмээн хэлжээ.
Харин “Интер”-ийн дасгалжуулагч Симоне Инзаги “Эхний ээлжинд үнэхээр хүчтэй байсан “Барселона”-д баяр хүргэе. Бид ийм хүчтэй өрсөлдөгчийн эсрэг дайчин чанараа тултал гаргах шаардлагатай боллоо. Үнэхээр аймшигтай хоёр тоглолтыг манай залуус давж гарлаа. Ийм залуусыг удирдаж буйдаа жаргалтай байна. Одоо стадиондоо ялалтын баяраа чөлөөтэй хийж болно. Хүндрэл тулгарсан ч гэлээ бүх тээг саадыг бид давж чадлаа.
Эхний тоглолтын дараагаар хариу тоглолтын төлөвлөгөө, төсөөллөө ч сайн гаргасан. Бид өөрсдийгөө зольж, нэг нэгийгээ нөхөхгүй бол ийм амжилтад хүрэх боломж байгаагүй. Миний залуус финалд тоглох гавъяа байгууллаа. Тоглолтын өмнө бид Ямалийн тухай их ярьсан. Гэтэл энэ тоглолтод бид Фрэнки Де Йонг гэх өөр гайхамшигтай хөлбөмбөгчийг мөн харлаа. Ямалиас дутуугүй гүн гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Ойсон, буцсан бүх бөмбөгийг тэр авч байлаа. Би өөрийнхөө тоглогчдыг хэнээр ч солихгүй л дээ. Гэхдээ тэдний багт Ямалиас гадна тийм гайхамшигтай тоглож байгааг олж харсан” хэмээн өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )