Макелеле: Жон Терри өөрөө баатар болох гээд багаа хөөдсөн...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 07

2008 оны Аваргуудын лигийн финалд Английн “Манчестер Юнайтед”-“Челси” 1:1-ээр тэнцээд, пенальтиар ялагчийг тодруулсан.

Шийдвэрлэх тав дахь цохилтыг Жон Терри гүйцэтгэсэн. Хэрвээ тэр цохилтоо “чулуу болгосон” бол “Челси” аварга болох байлаа. Гэвч цохихдоо хальтирснаар сайхан боломжийг салхинд хийсгэж, улмаар долоо дахь цохилтыг Николя Анелька алдсанаар “Манчестер Юнайтед” аваргын цом өргөсөн түүхтэй.

Тэгвэл франц хагас хамгаалагч Клод Макелеле тэр пенальтийн өмнө Жон Терри өөрөө дур мэдэн пенальтчдын дарааллыг өөрчилж, өөрөө баатар болох гэсэн нь багаа хөөдсөн гэж саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Тоглолтын дараа хувцас өрөөнд гал түймэр дэгдсэн шиг л байлаа. Аз жаргалын үнэр ч байхгүй, бөөн гунигт автсан хүмүүс. Бид тэр пенальтийн өмнө том алдаа хийсэн юм. Уг нь пенальтийн дараалал байлаа. Дасгалжуулагч, хөлбөмбөгчид хоорондоо ярилцаад тохирчихсон дараалал шүү дээ. Гэвч сүүлчийн мөчид дарааллыг гэнэт өөрчилчихсөн.

Тав дахь цохилтыг Саломон Калу хийх ёстой байсан юм. Гэвч Жон Терри толгой мэдээд, дараалал дайрчихсан. Хөлбөмбөг их хатуу дэг журам шаарддаг спорт шүү дээ. Хэрвээ дэг журмаа жаахан зөрчвөл шийтгэл хүлээж л таардаг.

Тэр пенальтийг алдсанд би их бухимдсан. Яагаад гэвэл олон залуу хөлбөмбөгчийн хувьд замналд нь дахиад олдохгүй боломж гэдгийг мэдэж байсан юм. Би бол Аваргуудын лигийн аварга болчихсон хүн болохоор нэг их тоохгүй. Жон тэгэхэд өөрийгөө бодох бус харин багаа бодох ёстой байсан.

Багаараа цом өргөх тухай бус харин өөрөө баатар болъё гэж бодсон нь л тэр. Уг нь дараалал тогтсоноороо явсан бол баг ч цом өргөөд, өөрөө ч баатар болох л байсан шүү дээ” хэмээн Макелеле ярьсан байна.

Жон Терри тэр алдсан пенальтийн тухай хэд хэдэн удаа ярьсан байдаг. “Одоо ч би тэр тухай бодож шаналдаг. Хэзээ ч мартахгүй байх. Хөлбөмбөгчийн замналд ялалт, ялагдал үргэлж ээлжилдэг хэрнээ яагаад унасан нь л ой тойнд үлдэж хоцордог юм бол.

Тэр орой финалд хожигдчихоод зочид буудалд очиход дасгалжуулагч биднийг доош бууж, жаахан ууж тайвшир гэсэн. Харин би залуусынхаа царайг харж чадахгүй байсан тул өрөөнөөс гараагүй. Тэгж тэгж байгаад нэг доош бууж, залуустай хат шар айраг уусан болсон.

Зочид буудлын 25 дугаар давхрын өрөөний цонхоор Москвагийн гудамжийг харан зогсохдоо “Яагаад бороо орчихов? Яагаад би хальтирчихав?” гэж өөрөөсөө асуун зогссон. Хамгийн хэцүү нь юу вэ гэхээр ердөө гурав хоногийн дараа Англи –АНУ-ын шигшээ баг “Уэмбли”-д нөхөрсөг тоглолт хийх байлаа. Тэгэхэд бид дахиад 1:1-ээр тэнцсэн. Би гоол оруулсан. Хэрвээ замналынхаа тэр хоёр гоолын байрыг сольчихож болдогсон бол...

Түүнээс хэдэн сарын турш өглөө сэрэх тоолондоо алдсан пенальтиа боддог байлаа. Одоо ч гэсэн харуусал төрдөг. Гэхдээ би том болсон хүн болохоор харуусал зовлонг давж л гарах ёстой” гэж Жон Терри ярьсан удаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu