Гарначог "автобус доогуур шидэж", Бруно Фернандешийг үнэ хүргэж зарах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 24

Английн “Манчестер Юнайтед” Европа лигийн финалд хожигдсоноор магадгүй олон зүйлийг алдах, өөрчлөхөд хүрч мэдэх юм. Премьер лигтээ бол хасагдах шатны дээр бичигдэж, ойрын хэдэн арванд үзээгүйгээ үзэж буй “Улаан чөтгөрүүд”-ээс аргентин тоглогч Алехандро Гарначо явж магадгүй байгаагаас гадна ахлагч Бруно Фернандешт итгэмээргүй өндөр дүнтэй санал Саудын Арабын клуб тавиад байна.

Эхлээд Гарначогийн тухай ярилцъя. Европа лигийн финалд Алехандро Гарначог гараанд гаргаагүй. Харин түүний оронд Мэйсон Маунтад Рубен Аморим итгэсэн. Гэвч Маунт талбай дээр ашигтай үйлдэл төдийлөн хийлгүй байсаар 70 дахь минут орчимд Гарначог гаргасан билээ.

Үүнд аргентин залуугийн ах их эгдүүцэж, “Алехандрог Аморим автобус доогуур шидчихлээ” гэж хэлсэн юм. Финалд гаргахгүй байна гэдэг тухайн хөлбөмбөгчид дасгалжуулагч нь итгэж буй эсэхийн их том шалгуур, нотолгоо болдог.

Тиймээс Рубен Аморим цаашид итгэх эсэх, клуб ирээдүйгээ хамтдаа байхаар төлөвлөж байгаа эсэхийг Гарначогийн төлөөлөгчид мэдэж авахаар клубын удирдлагатай ойрмогхон уулзах юм байна.

Гарначо ч таг дуугүй байсангүй. “Багийн тоглогч бүрт хэцүү байгаа нь ойлгомжтой. Бидний энэ улирал үнэхээр нохойн баас шиг болж өнгөрлөө. Лигтээ хожигдоогүй баг бараг үлдсэнгүй. Олон зүйл дутагдаж байлаа. Гоол оруулахгүй болохоор хожих хэцүү л дээ.

Миний хувьд Европа лигийн финал хүртэлх бүх тоглолтод оролцсон. Харин өнөөдөр надад 20 минут л өглөө. Мэдэхгүй юм аа... Би илүү хичээх ёстой байх. Зун сайхан амраад, эргэж ирээд юу болохыг харъя” гэж Гарначо өгүүлжээ.

Рубен Аморим ирснээр Гарначог эхэндээ ихэвчлэн сэлгээнд суулгасан. Хэдийгээр бэлтгэлээ сайн хийдэг, төрөлхийн жигүүрийн тоглогч гэх мэтээр магтсан ч гэлээ 3-4-2-1 хувилбартаа гарааны зай түүнд олсонгүй.

Гарахгүй хугацаа нь уртсах тусам Гарначо санаа зовж “Улирал дундуур шинэ дасгалжуулагч ирэх хэцүү. Яагаад гэвэл тоглолтыг эрс өөрчилдөг. Гэхдээ бид заасных нь дагуу тоглох ёстой. Би өдөр бүр илүү сайжрахыг л хичээж байна” хэмээн өгүүлж байсан юм.

Гарначогоос гадна багийн ахлагч Бруно Фернандешт Саудын Арабын “Аль Хилаль” татгалзахын аргагүй санал тавьсан байна. Өнгөрсөн зун ч гэсэн авах гэж өндөр үнэ амласан ч португал тоглогч татгалзсан юм. Ирэх есдүгээр сард 31 нас хүрэх хөлбөмбөгчийн хувьд магадгүй мэргэжлийн хөлбөмбөгчийн сүүлчийн гэрээ нь байж мэдэх учир өндөр дүнтэй үнийн санал дээр бодно гэсэн тооцоолол Саудын Арабын клуб хийсэн байж таарна.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол “Аль Хилаль” долоо хоногийн 700 мянган паундын цалин. Мөн үүн дээр тансаг харш, үнэтэй автомашин, хүссэн үедээ эх орон руугаа нисэх онгоц гаргаж өгнө гэж амласан байна. Клубүүдийн ДАШТ-д “Аль Хилаль” Бруно Фернандештай хамт очихыг хүсэж байгаа учир ойрын 3 хоногт багтаан хариу өгөхийг хүссэн сурагтай.

Гэвч “Юнайтед”-ын ахлагч “Клуб намайг яв гэтэл би энд л байхыг хүснэ. Хэрвээ клуб намайг зарж, ахиу мөнгө олохыг хүсвэл би явна. Хөлбөмбөгт хааяа ийм тохиолдол гардаг” гэж хэлж байсан юм.

Рубен Аморим бол ахлагчаа явуулахгүй гэдгээ хэдэн сарын өмнө хэлчихсэн. Гэхдээ юу болохыг цаг хугацаа харуулах болно.

Зарах үнийн тухайд бол Алехандро Гарначог ойролцоогоор 60 сая паунд гэж байгаа юм байна. Харин Бруно Фернандешийн 100 сая паундаар “Аль Хилаль” авч магадгүй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu