“Наад Гарначогоо цохиод аваач!”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

 

Алехандро Гарначо гэх аргентин жигүүрийн хагас хамгаалагч Английн “Манчестер Юнайтед”-д байдаг.

Европа лигийн финалын гараанд өөрийг нь гаргасангүй гээд гомдол мэдүүлсэн шинжтэй ярилцлага өгсөн 20 настай энэ залуу хэдхэн хоногийн өмнө сошиал хаягтаа “Астон Вилла”-гийн өмсгөлтэй яваа зураг оруулсан юм. Яахав өмсгөл дээр нь Маркус Рэшфордын нэр байх нь байлаа. Гэхдээ л “Юнайтед”-д данстай хэрнээ нэг лигийн өөр багийн өмсгөл өмссөн нь “Улаан чөтгөрүүд”-ийн фанатуудын дургүйцлийг төрүүлсэн, өдөөн хатгасан маягтай пост болсон.

Зарим хэвлэлийн мэдээлснээр бол “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Рубен Аморим багаасаа Маркус Рэшфордыг ч, Алехандро Гарначог энэ зун явуулчих санаатай байгаа гэдэг. Сэтгэл зүрхээ зориулж, өөрийгөө дайчилж тоглож чадахгүй бол багт хэрэггүй гэсэн шиг билээ.

Тиймээс ч Европа лигийн финалын дараагаар хувцасны өрөөнд Гарначод “Энэ зун өөр баг олдоосой гэж залбираарай, чи” гэж хүртэл загнасан сураг дуулдсан.

Тэгвэл “Уотфорд”-ын ахлагч асан Трой Дини энэ сэдвээр бодлоо хэлжээ.

“Энэ байдлыг нь харвал “Юнайтед”-д эргэж очихыг хүсэхгүй байгаа шинжтэй. Хаа нэг тийшээ явах гэж байгаа юм байлгүй. Тэгээд л ингэж байхгүй юу.

Шинэ үеийн залуус ер нь нэг иймэрхүү. Би хөгшин чоно шиг улиад байхыг хүсэхгүй ч ийм залуусыг харахаар дагз руу нь цохиод авмаар санагдах юм. Яасан уйддаг юм уу, яадаг юм. Хүндлэл гэж огт мэдэхгүй. Нэг л их гомдсон, тунирхсан жаалууд.

Би Бруно Фернандеш шиг багийнх нь ахлагч байсан бол амралтаас бэлтгэлдээ ирмэгц нь цохиод унагана. Тэгээд “Чи өөрийгөө хэн гэж санаа вэ, ***** минь! Энэ чинь “Манчестер Юнайтед! Өчүүхэн хоосон толгойт минь” гэж хэлэх байлаа” хэмээн Трой Дини өгүүлжээ.

Ганц Гарначо ч биш “Юнайтед”-д Маркус Рэшфорд, Жэйдон Санчо, Антони нарын зэрэг үлдэж тоглох хүсэлгүй, өөр тийш явахыг л мөрөөдсөн хэд хэдэн залуу хөлбөмбөгч хөглөрч буй билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
deaok(202.126.88.71) 2025 оны 06 сарын 27

naizinxa nerte uur baginl jersey umsxd yun bolki gej

2  |  0
Close menu