Улсын их баяр наадмын гурвын давааны амыг бөхчүүд 8 цаг 10 минут орчмоос авч эхэллээ. Зүүний магнай дархан аварга Н.Батсуурь эхний амыг авахдаа бөхчүүдийн нэрийг бүрэн дуудуулж сонссоноо “Баяржавхлан гарьд байгаа юу тэ?” гэж нэг асууснаа Хөвсгөл аймгийн уугуул, аймгийн арслан Г.Бат-Оршихыг амлалаа.
П.Бүрэнтөгс аварга дараагаар нь Говь-Алтайн аймгийн заан Г.Батмөнхийг шуурхайхан амласан бол Г.Эрхэмбаяр аварга “Зааланд би өөрөө барилдаагүй болохоор мэддэггүй. Дээрээс аваад дэмий байх” гэснээ Сүхбаатарын аймгийн арслан Д.Батболдыг амласан юм.
О.Хангай аварга дараагаар нь улсын начин Б.Суманчулууныг амлалаа. Энэ жилийн наадмын улсын цолтой хоёр бөхийн эхний учраа ингэж таарав. Түүний дараагаар аварга С.Мөнхбат “Доогуур таньдаг хүн цөөрсөн байна шүү” гэснээ улсын начин Н.Хүрэлсүхийг амлаад буцлаа.
Д.Мөнх-Эрдэнэ арслан нэрсийг бүтэн сонсож байгаад Ховдын аймгийн арслан Ш.Мөнх-Одыг авсан бол улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр нар дараалан ам авахдаа хоёулаа “Арслангуудаас сонсоё” гээд аймгийн арслангуудаас сонсож байгаад аймгийн хурц арслан С.Очирбат, аймгийн арслан Ч.Мөнхтогтох нарыг дараалан амлаад бослоо.
Улсын арслан Э.Оюунболд эхлээд аймгийн арслангуудаас сонсож байгаад аймгийн заанууд руу шилжээд гурвын даваанд үлдсэн ганц аймгийн начин Х.Мягмарсүрэнг буюу аварга Д.Хадбаатарын хүүг амласан юм.
Сэтгэгдэл ( 0 )