“Ньюкасл” дахиад нэгийг алдаж, “Манчестер Юнайтед” Шэшкотой тохиролцов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 06

22 настай словен довтлогч Беньямин Шэшкотой Английн “Манчестер Юнайтед” хувийн гэрээ тохирч амжжээ. 195 сантиметр өндөртэй залуу довтлогчтой 2030 оны зун хүртэл гэрээ байгуулахаар болсон байна.

Гэхдээ одоо хоёр клубын хооронд үнэ тохиролцох ажил үлдсэн. Харин “Ньюкасл” энэ зуны наймааны цонхоор авахыг хүссэн ээлжит нэгэн тоглогчоо алдаад байна.

“Ньюкасл” 72 сая паундын үнийн саналыг Германы “РБ Лэйпциг”-т эхэлж тавьсан юм. Гэвч үүний дараагаар “Манчестер Юнайтед” наймаанд оролцоход Беньямин Шэшко “Улаан чөтгөрүүд”-д очих хүсэлтэй гэдгээ клубын удирдлагад дуулгажээ. Ингэснээр “Шаазгайнууд”-ын найдлага тасарч байна.
 


“Ньюкасл” энэ зун Бриан Мбэүмо, Жоао Педро, Матеуш Кунья, Марка Гүэхи, Жэймс Траффорд болон Беньямин Шэшког авахаар хөөцөлдсөн ч амжилтад хүрсэнгүй. Александер Исак явахаар адгаж буй учир орлох тоглогчийг авах шаардлага тулгараад байна.

“Манчестер Юнайтед” энэ зун Бриан Мбэүмо, Матеуш Кунья хоёрыг авч, довтолгоогоо шинэчилсэн. Харин Расмус Хойлундыг эсрэг чиглэлд буюу “РБ Лэйпциг” рүү явж магадгүй гэсэн таамаглал гарч ирсэн байна.
 


“Улаан чөтгөрүүд”-ийн хувьд ч гэсэн авъя гэсэн хэд хэдэн тоглогчоо өөр багт алдсан. Тухайлбал, Виктор Дьюкереш “Арсенал” руу, Лиам Делап “Челси” рүү, Уго Экитикэ “Ливерпүүл” рүү явсан. Хэдийгээр эдгээр гурван хөлбөмбөгчийг авахаар албан ёсны үнийн санал хүргүүлээгүй ч гэсэн “Манчестер Юнайтед” авах боломжийг судалж байсан гэдэг.

Беньямин Шэшко гэж яг ямар довтлогч вэ гэдгийг тодорхойлоход хамгийн түрүүнд өндөр нуруутай гэсэн өгөгдөл гарч ирнэ. Мөн дайчин, өрсөлдөгчийн хаалганы урд энэрэлгүй, ирээдүйтэй залуу довтлогч гэж тодорхойлжээ.
 


Opta Analyst-ийн Али Твидэйлийн судалснаар бол Шэшко Английн хөлбөмбөгт ядах юмгүй түргэн хугацаанд дасан зохицох боломжтой гэнэ. Үүнийг нь үнэлсэндээ ч Премьер лигийн хоёр клуб хоорондоо үнэ хаялцан, авахаар тэмцэлдсэн байх.

Шэшко залуу ч гэлээ бүр “ногоон” гэж хэлж болохгүй, хэд хэдэн жил тоглочихсон хөлбөмбөгч. 2023 оны зун Австрийн “Ред Булл Зальцбург”-аас Германы “РБ Лэйпциг”-т ирснээсээ хойш хөлбөмбөгчийн хувьд илүү сайжирсан. Германд ирээд эхний улиралдаа гоолын машин болох боломжтой гэдгээ харуулсан. 90 минутад дунджаар 0.82 гоол оруулсан гэсэн тооцоо гарсан нь Харри Кейн болон Серү Гирассигийн 1.14 гоолын дараагаар бичигдэх гурав дахь үзүүлэлт болсон юм.
 


Бундеслигт эхний улиралдаа 14 гоол оруулсны 13-ийг нь торгуулийн талбайн дотроос хийсэн. Мөн өрсөлдөгчийн торгуулийн талбайд бөмбөгтэй харьцсан үзүүлэлтээрээ Бундеслигт 4-т бичигджээ.

Харин өнгөрсөн улиралд зөвхөн гоол оруулахаас гадна талбайг бүтэн дүүргэж тоглох чадвартайгаа харуулсан. Торгуулийн талбайд орж тоглох нь багассанаар гоолын тоо мөн цөөрч 13 буюу өмнөхөөсөө нэгээр бага болсон. Гэхдээ алсаас гоол оруулах чадвараа бас харуулсан сайн талтай гэнэ.
 


“РБ Лэйпциг”-т хоёр улирлыг өнгөрүүлэхдээ тоглолтоос 25 гоол /пенальти тооцоогүй дүн/ оруулахдаа 13-ыг нь баруун хөлөөр, 4-ийг нь зүүн хөлөөр, 8-ыг нь мөргөж оруулжээ. Энэ нь довтолгоонд олон талтай тоглож чаддагийнх нь нотолгоо болж байна. Ихэнх гоолоо гэнэтийн тэсрэлттэй хурдан хөдөлгөөний дараагаар хийдэг гэсэн дүн ч байна.
 


Өнгөрсөн улиралд Бундеслигт огцом дээд хурд нь 35.7 км/цаг байжээ. Энэ үзүүлэлтийг Английн Премьер лигт харьцуулбал Эрлинг Холанд болон Габриэл Мартинеллигийн өнгөрсөн улирлын үзүүлэлттэй дүйж байгаа юм. Ялангуяа өндөр нуруу, бие галбирын хувьд ч Эрлинг Холандтай их төстэй учир энэ хоёр тоглогчийг хооронд нь харьцуулах байдал ихэсч байна.

Беньямин Шэшкогийн шүтэж биширдэг хөлбөмбөгч нь цагтаа “Манчестер Юнайтед”-д тоглоод амжсан Златан Ибрахимович гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top