Английн Премьер лигийн хоёрдугаар тойрогт “Фулхэм”-тэй “Манчестер Юнайтед” 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын нэгдүгээр үед “Улаан чөтгөрүүд”-ийн ахлагч Бруно Фернандеш пенальти гүйцэтгэхдээ хөндлөвчөөс дээгүүр цохиж, гоолын боломжоо алдсан.
Тэгвэл тоглолтын дараагаар Бруно Фернандешаас сэтгүүлч пенальти цохихын өмнө арагшаа алхахад нь шүүгч Крис Кавана саад болсон нь нөлөөлсөн эсэхийг асуужээ. “Мэдээж, би бухимдсан. Пенальти цохидог тоглогч бүрт өөр өөрийн гэсэн зуршил байдаг. Намайг яг тэр зуршил болсон зүйлээ хийх гэхэд шүүгч саад болсон. Тэгсэн хэрнээ уучлалт ч гуйгаагүй. Уучлал гуйгаагүй нь бухимдал төрүүлсэн.

Гэхдээ пенальти алдсанд бол би өөрөө л буруутай. Би муу цохисон. Бөмбөгийн арай доогуур цэгээс цохичихсон учраас хөөрчихсөн” гэж өгүүлжээ.
Харин Мэйсон Маунт дээр торгуулийн талбайдаа алдаа гаргасны улмаас хаалгандаа пенальти заалгасан хамгаалагч Калвин Бэсси “Шударга ёс яллаа. Тэнд пенальти заахаар алдаа би хийгээгүй. Шүүгч нар биднийг хамгаалах ёстой. Би хүчтэй хөлбөмбөгч. Надаас хүчтэй юмуу ойролцоо хүчтэй хөлбөмбөгч торгуулийн талбайд тулахад байдал хэвийн л харагдана. Харин надаас бие, хүч муутай тоглогчтой тулахаар тэгж харагдаж байгаа юм. Дээр нь удаашруулахаар бүр дор болж харагддаг” гэж Бэсси өгүүлсэн байна.

Тэгвэл “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Рубен Аморим “Бид гоол оруулчихаад дараа нь тоглохоо мартчихлаа. Багаараа хэрсүүжиж, “том болох” хэрэгтэй байна. Энэ долоо хоногт бид их ажилласан. Тоглолт дээр ч гэсэн их ажиллалаа. Ингэж ажиллаад байвал аяндаа сайжирна. Бруногийн хувьд бол пенальти алдсандаа тэр үү, тайван чөлөөтэй биш харагдсан. Бруно тэгж хурдан бухимдсан нь сонин санагдлаа” хэмээн өгүүлжээ.

Английн Премьер лигийн энэ улиралд торгуулийн талбайд болж буй үйл явдлуудад их анхаарал тавьж, зууралдах, түлхэх зэрэг үйлдлийг илүү сайн нягтлах чиг үүрэг өгсөн тухай мэдээ бий. Үүний ч дагуу пенальти заасан ч Бруно Фернандеш алдлаа.

Сэтгэгдэл ( 0 )