Английн 20 удаагийн аварга “Манчестер Юнайтед” өнгөрсөн улиралд клубынхээ түүхэнд байгаагүй доогуур байрыг Премьер лигт эзэлсэн.
Шинэ улирал эхлээд лигийнхээ дөрвөн тоглолтод ердөө дөрвөн оноотой явна. Өнгөрсөн зун довтолгоондоо Матеуш Кунья, Бриан Мбэүмо, Беньямин Шэшко нарын зэрэг хөлбөмбөгчдийг авахдаа 200 сая паунд зарцуулсан. Харин зуны наймааны цонх хаагдахын өмнөхөн Бельгийн “Антверпен”-ээс залуу хаалгач Сенне Ламменсийг худалдан авсан. Ламменс Бельгийн нэгдүгээр шигшээд тоглож үзээгүй, залуучууд болон өсвөрийн шигшээгийн хаалгач байсан залуу. Тиймээс ч “Улаан чөтгөрүүд”-ийн домгуудын нэг Пол Скоулз Манчестерийн дербид 3:0-ээр хожигдсоны дараагаар шүүмжилжээ.
.jpg)
“Хагас хамгаалалтын чанар муу байна. Одоо байгаа Каземиро, Бруно Фернандеш, Майнү гэх мэт хөлбөмбөгчдийг хэдэн янзаар туршиж үзлээ ч зохицохгүй байгаа нь ажиглагдлаа.
Энэ бол том асуудал. Миний хувьд өнгөрсөн зунжингаа бодсон ганц наймаа бол төвийн хагас хамгаалагч авах ёстой л гэсэн бодол. Сайн гүйдэг, бөмбөг хуваарилчихдаг, тоглолтыг хяналтандаа байлгаж, хэмнэлийг тохируулж чаддаг тийм л төвийн хагас хамгаалагч аваасай гэж их харлаа.
Мөн хаалгач санаа их зовоосон. “Гримсби”-д хожигдсоны дараа л Андре Онанаг шаардлага хангахгүй гэдгийг мэдсэн хэрэг үү?
.jpg)
Жанлуижи Доннарумма зах зээл дээр авч болохоор байж байхад түүний төлөө зүтгээгүй бол “эрүүгийн хэрэг” юм. Багаа бүрдүүлэхдээ зөвхөн довтолгоог л харлаа. Тийм ээ, довтолгоонд тоглогч авах шаардлага байсан уу гэвэл байсан. Гэхдээ заавал гурвууланг нь авах хэрэг байсан уу? Үүнд би итгэлтэй биш байна” хэмээн Пол Скоулз өгүүлжээ.
Мөн Скоулзын үзэж буйгаар бол Бруно Фернандешийн байрлал буруу байгаа аж. “Бруно бол энэ багийн хамгийн бүтээлч хөлбөмбөгч гэдэг нь маргаангүй. Ийм хөлбөмбөгчийг 10 дээр тоглуулах ёстой. Гэвч өөр ажил хийхийг шаардаад байх юм. Яахав, гэмтсэн юмуу хуудасны асуудлаас болоод оролцож чадаагүй хөлбөмбөгчийг орлуулах маягаар цөөн хэдэн тоглолтод хамгаалах чиглэлийн хагас руу татаж болно. Гэвч байнга ингээд байвал өнөөх бүтээлч тоглогч чинь уйдаж эхэлнэ.

Би өөрөө яг энэ байрлалд тоглож байсан учраас мэднэ. 10 дээр тоглож байгаа хөлбөмбөгч хамгаалалтыг бодъё гэдэггүй юм. Бодлоо гэхэд өнөөх бүтээлч, гоолын боломж үүсгэгч тоглогч маань урдаас дайраад ирэх хөлбөмбөгчдийг хараад гэнэт чиглэлээ өөрчилж, зөв сэтгэж бас чаддаггүй. Би хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд гарсан удаатай ч гэсэн үнэндээ тэнд тоглож чаддаггүй байсан. Хамгаалалтын тухай бодох дургүй байлаа. Тэгээд ч тухай үед 10 дээр тоглодог хөлбөмбөгч арагшаа татах шаардлагагүй байсан. Энэ байрлалд тоглодог хөлбөмбөгч багаа хэрхэн тоглуулах, гоолын боломжууд яаж үүсгэх, хэрхэн гоол оруулахаа л бодож байх ёстой” хэмээн өгүүлсэн байна.

“Манчестер Сити”-д хожигдсон тоглолтын дараагаар Рубен Аморимоос 3-4-3 гэсэн хувилбараа өөрчлөхгүй юм уу? гэж асуухад “Спортинг Лиссабон”-д байхдаа энэ янзаараа тоглоод “Манчестер Сити”-г олон гоолоор хожиж байснаа сануулаад “Тэгэхээр энэ бол хувилбар буруугийнх биш” гэж хэлсэн юм. Мөн дуртай хувилбараа өөрчил гэвэл дасгалжуулагчаа өөрчлөх шаардлага гарна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, өөрчлөхгүй, өөрчилбөл явна гэсэн утгатай үгс хэлсэн нь шуугиан болоод өнгөрлөө.
Пол Скоулзын адил Уэйн Руни ч Манчестерийн дербигийн дараагаар бодлоо хэлсэн байна. “Би чадлаараа л дасгалжуулагч болон хөлбөмбөгчдийг дэмжихийг зорьдог. Гэвч ядаж ойрын хугацаанд сайжрах төлөв харагдахгүй болохоор дэмжих хэцүү байна. Сайжирч буй юу ч харагдахгүй юм. Тоглолтын төгсгөлд фанатууд стадионыг орхин гарч буйг харуулж байна лээ. Тоглолтын үеэр фанатууд Аморимыг дэмжин дуулж хашхирсан байж болно. Харин стадионыг орхиод гарна гэдэг илүү том дохио.
.jpg)
Тэд яаж тоглож байна? Ямар хувилбар руу шилжиж байна? Хэзээ өөрчлөгдөж сайжрах юм бэ? гэсэн асуултууд ар араасаа гарч ирнэ. Тэн Хагийг халаад Рубен Аморим ирсэнээр их юм өөрчлөгдөнө гэсэн. Гэвч дасгалжуулагч үнэнийг хэлж чаддаг бол багийн тоглолт улам муу болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж Руни өгүүлжээ.
Хэдийгээр нөхцөл байдал улирлын өмнө ийм байгаа ч клубын удирдлага яаран дасгалжуулагчийг халах, солих бодолгүй байгаа гэнэ.
.jpg)
“Улаан чөтгөрүүд”-ийн өөр нэгэн омголон домог Рой Кин ч байр сууриа илэрхийлээд амжлаа. “Энэ багт ур чадвар, хамгаалалтын чадвар дутмаг байна. “Манчестер Юнайтед” лигийнхээ дундаж багуудын нэг болжээ. Шилдэг 6-даа бол өрсөлдөгч биш болсон. Тэд 45 юмуу 60 минут сайн тоглож магадгүй. Харин дараа нь үгүй. “Арсенал”-ын эсрэг дажгүй тоглосон ч хожигдсон. Хождог багийг л “Манчестер Юнайтед” гэдэг байх ёстой.
Доогуурх багуудыг хожих нэг их сайн юм биш. Сайн багуудыг хожих л сайн. Гэвч тэгж чадахгүй юм. Тоглолт эхлээд л түгшүүрт автана. Гайгүй багуудын эсрэг тогловол бүр түгшээд салахгүй. “Дасгалжуулагчид өөрийнх нь шилсэн тоглогчид, улирлын өмнөх бэлтгэл хэрэгтэй” гэсэн. Тэгээд 200 саяыг зарцуулсан. Гэвч одоо ч зөвтгөл хайсаар байна. Хүмүүс хэлж байна л даа, “Дасгалжуулагчид хугацаа өг” гэж. Мэдээж. Гэхдээ бас хүмүүс харж байгаа байлгүй дээ, Слот “Ливерпүүл”-д ирээд яав гэдгийг. Ирмэгцээ л аварга болгочихлоо. Энэ тоглолтоос оноо авах болов уу гэж харзнаж хичнээн удаан та нар хүлээх гэсэн юм бэ?” хэмээн Кин өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )