Уэйн Руни: Колин хамт байгаагүй бол би үхчихсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Английн шигшээ болон “Манчестер Юнайтед”-ын ахлагч асан Уэйн Руни бага наснаасаа найзалсан Колинтой гэрлэж, дөрвөн хүүтэй болсон.

Руни согтууруулах ундаа хэрэглэх дуртай, зугаа цэнгээнд шимтдэг ч Колин түүнийг зөв залснаар өдий зэрэгm хүргэсэн гэж хөлбөмбөгч ярьжээ.

“Колин миний амьдралд маш том нөлөөтэй хүн. Бид хоёр хоёулаа Крокстетийн хүүхдүүд. Хамтдаа өссөн. Том болоод уулзаж, учирч эхэлсэн. Дараа нь гэрлэж, хүүхэдтэй ч болсон.

17 настайгаас минь л Колин миний зан авир, алдаа дутагдлыг мэднэ. Хөлбөмбөгт донтсон, наргиж цэнгэх дуртайг минь мэддэг байлаа. Миний энэ шинж байдлыг харьцангуй эрт мэдэрч ойлгосон болохоор тусалж дэмжиж, зөв тийш залж явсаар өдийг хүрч байна. “Чи юу хийгээд байгаа юм бэ?” гэж байсхийгээд л хэлж, загнаж, яг л жаахан хүүхэд асарч тойлж байгаа юм шиг хэрэгтэй цагт тусалсаар ирсэн.

Хэрвээ Колин хамт байгаагүй бол би аль хэдийн үхчихсэн. Үүнд би эргэлзэлгүй итгэдэг. Миний төлөө хийсэн зарим зүйлс нь уур бухимдал төрүүлмээр. Гэхдээ түүний минь хийсэн бүхэн миний төлөө, намайг сайн хүн байлгахын төлөө, энэ хорвоод амьд байлгахын төлөө л байдаг.

Миний алдаа дутагдлыг олон хүн мэднэ, олон ч баримтаар батлагдана. Найзуудтайгаа наргиж цэнгэх, зодоон цохион хийх дуртай байлаа. Заримдаа ч заагийг даваад, дэндүүлчихсэн үе байдаг юм. Согтууруулах ундаанд донтчихсон үе ч бий.

Тийм үед өөр хэн нэгнээс тусламж хүсэж болно гэж би бодож байгаагүй. Ямар муу муухай яваагаа хүмүүст харуулах, мэдүүлэхийг хүсдэггүй болохоор хэлдэг ч үгүй байсан. Хоёр хоног дараалан уучихаад бэлтгэл дээр бохь зажлаад очсоноо санаж байна. Тэгээд тоглолт дээр хоёр гоол оруулчихаад эргээд хоёр хоног уугаад явчихдаг л байсан” хэмээн Руни өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top