
Гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтнууд урамшуулал авна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээг 2025 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай” 466 дугаар тогтоол, Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/246 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдсан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн гарч, 2025-2026 оны хичээлийн жилээс урамшуулал олгоход бэлэн болоод байна.
Энэ хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлүүд хуралдаж, сургуулийн удирдлагууд Засгийн газрын 2024 оны 466 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 9.5 дахь хэсэгт заасны дагуу саналаа танилцуулж, гүйцэтгэлийн урамшууллаа зарцуулна.
Өнөөдөр Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн удирдах зөвлөл хуралдаж, журмын дагуу гүйцэтгэлийн үр дүнгийн санхүүжилтийн 60 хувийг багш, ажилтны үр дүнгийн үнэлгээний урамшуулалд, 40 хувийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр зохих урсгал зардлын зориулалтаар зарцуулах асуудлыг хэлэлцлээ.
Дашрамд дурдахад тус коллеж улсын хэмжээнд хамгийн өндөр үнэлэгдсэн юм. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн багш, ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийлье.

Сэтгэгдэл ( 0 )