“Реал Мадрид”-ыг хожвол “Кайрат”-ын тоглогч болгонд машин бэлэглэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 30

Өнөө шөнө Европын Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ. Казахстаны “Кайрат” клуб талбайдаа Аваргуудын лигийн цомыг 15 удаа гардсан Испанийн “Реал Мадрид”-ыг хүлээн авах тоглолт Улаанбаатарын цагаар 00:45-аас эхлэх болно.

Казахстаны хөлбөмбөгийн түүхэн дэх шинэ хуудсыг нээх энэхүү тоглолтын тасалбар цагийн дотор борлогдож дууссан юм. Алматы хот дахь “Кайрат”-ын стадион 23 800 үзэгчийн багтаамжтай. Гэтэл цагийн дотор 150 000 тасалбар захиалах хүсэлт зэрэг орж ирж, бужигнаан үүсчээ. Тасалбарын үнэ 46.75 еврогоос 400 евро хүрнэ. Казахстаны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 155 евро орчим байдаг тул тасалбарын үнэ авахад бас чанга тусна.  Гэхдээ л хотоороо энэ тоглолтыг үзэхээр тэмүүлцгээжээ.

 

 

“Реал Мадрид”-тай талбайдаа тоглоно гэдэг өөрөө ялалт гэж үзэж байгаа юм билээ. За тэгээд жинхэнээсээ оччихвол маш том дуулиан дэгдэнэ. Казахстаны Хөлбөмбөгийн Холбоо энэ чухал үйл явдлыг бодолцон үзэж, “Кайрат”-ын нэг тоглолтыг хойшлуулж, бэлтгэлээ маш сайн хийх боломж олгосон. Харин “Реал Мадрид” саяхан Мадридын дербид 2:5-аар хожигдчихоод 8000 километрийн алсад очоод байна.

“Кайрат” Аваргуудын лигийн хэсгийн эхний тойрогт Португалын “Спортинг Лиссабон”-д 1:4-өөр хожигдсон. Дасгалжуулагч Рафаэль Уразбахтин өгүүлэхдээ Мадридын клубын шинэ дасгалжуулагч Шаби Алонсогийн Германы “Байер Леверкузен”-ий ажлыг сайн мэднэ, байнга ажиглаж байсан гэсэн.

 

 

Казахстаны бизнесмэн Турсен Алагузов хэрвээ энэ тоглолтод “Кайрат” хожвол багийн хөлбөмбөгч болгон автомашин бэлэглэнэ гэж ам гарсан юм. Ямар машин бэлэглэхээ ч харуулсан. Hyunday Sonata бэлдсэн байгаа юм билээ.

Алагузовын энэхүү том амлалт зарим хүний эгдүүцлийг төрүүллээ. Тухайлбал, MMA-гийн тулаанч Максат Есболатов “Кайрат”-ынханд машин бэлэглэх юм бол ДАШТ-д найман тамирчин түрүүлсэн боксынхонд мөн автомашин бэлэглэх хэрэгтэй гэж мэдэгдлээ.

 

 

“Яагаад та ингэж амласан бэ гэвэл “Кайрат”-ыг хожиж чадахгүй гэдгийг мэдэж байгаа болохоор л тэр шүү дээ. Тэрний оронд Дэлхийд түрүүлсэн боксчдодоо машин бэлэглээч” хэмээн Есболатов өгүүлжээ.

Өнөө шөнө энэ тоглолтоос гадна Аваргуудын лигийн өөр найман тоглолт болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top