ТОЙМ-2025 | Тамгатай төрийн тамгагүй зодоон

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 29

Өргөн мэдээллийн Zindaa.mn сайт өнгөрч буй 2025 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг цувралаар тоймлон хүргэж байна. 


Ардын намынхан л намын зовлон төрийн зовлон боллоо гээд байсан болохоос угтаа МАН-ын өөрийнх нь зовлон байсан юм л даа. “МАН бол төр нийгмийн удирдан чиглүүлэх хүч мөн” гэх заалт 1990-ээд онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр алга болсон гэдгийг мэдэхгүй л байгаа улсууд. За тэр яахав. Өнгөрсөн жилийн намрын улс төр бол яг л “нохой зодоон” шиг байсан. Зодоон бол он гарахтай зэрэгцээд эхэлсэн. Дараа нь явсаар Л.Оюун-Эрдэнийн ар гэрийн тансаглалаар эрчээ авч, зуны дунд сар эхлэхэд шинэ засгийн гортиг зурагдчихсан юм.

Ардын намынхан л намын зовлон төрийн зовлон боллоо гээд байсан болохоос угтаа МАН-ын өөрийнх нь зовлон байсан юм л даа.

Ингээд гортиг доторх хийгээд гортигийн гаднах бүлэг этгээдүүд байлдаж гарав. Байлдахдаа ёс суртахуун хийгээд хүн ёсны этик байсангүй. Эхлээд  МАН-ын бага хурал цагаан байшиндаа есдүгээр сарын 27-28-ны өдөр болов. Уг хурлаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаар сонгогдсон. Үндсэндээ хоёр шатны санал хураалт явагдахад эхний шатанд Д.Амарбаясгалан 58 хувь, Г.Занданшатар 42 хувийн санал авсан. Нэр дэвшигчдийн аль нь гуравны хоёрын босго даваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулж хуралд оролцсон 321 гишүүний 275 хүний саналаар Д.Амарбаясгалан сонгогдсон билээ. Өөрийг нь дэмжигч гишүүдийг санал хураалтад оролцуулагүй гэх шалтгаанаар Г.Занданшатар хоёр дахь шатны санал хураалтыг бойкотлосон. За ингээд нэг нь “алуурчин” бөгөөд “нүүрсчин”. Нөгөө нь засаг атгах заяагүй субъект болж нийгэмд харагдсан. Харагдсан ч гэж харагдуулсан. Жагсаалтаар орж ирсэн хэд нь нэг талд Ерөнхий сайдыг огцруулах гэж, нөгөө талд намын дарга л юм шүү дээ гэж итгэсэн хэд нь сандалтайгаа үлдэх гэж хичээж эхлэв. Зодоон яв, явсаар “Буянт-Ухаа”-д хүрч, 80-аад оны төлөөлөл дарга болж тодроод УИХ-д даргаар суучихсан. Зодоон одоохондоо л намжлаа. Одоо цаана нь бүтэн хоёр сонгууль байна.

***   

 

“Тамгагүй төр”. Зохиолч Б.Лхагвасүрэн УИХ-ын гишүүн байхдаа санаагаа олсон гэх энэ жүжиг тэртээ 90-ээд оны дундуур тайзнаа тавигдсан. Сүүлд хэд, хэдэн удаа шинэчлэгдсэн ч үндсэн агуулгаасаа гажаагүй. Хожим түүнийг тэнгэрт одсоноос хойш “Тамгагүй төр” жүжгийг шинэчилнэ гэж Херо Б.Баатар нэг бус удаа ярьж байв. Тэр нь ч биелэлээ олсон. Гэхдээ нэр нь өөрчлөгдөөд “Монгол хаан” болчихсон. Дээрээс нь дуулалт жүжиг болж бүр өөрчлөгдсөн гэж байгаа.

Соёлын бодлого гэдэг нь “соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэсэн маанаг ойлголтоос арай өмнөө зүйл юм шүү...

“Тамгагүй төр” жүжиг эх зохиолоороо Монгол хүний этикет байгаагүй. Эртний грекийн сонгодог жүжгийн зохиолыг, Шекспирийн хэдтэй нийлүүлж гаргасан энэ жүжиг яав ч “Монгол хаан” байж таарахгүй. Монголдоо баахан гэрэл цохиулж, яриулдаг хэдээрээ магтуулж аваад Британийг дараа нь Сингапурыг зорьсон. Хожим нь улс төрийн зодоонд улсын төсвөөр пи ар-аа хийсэн гэж шүүмжлүүлэх шалтгаан нь ингэж тавигдсан юм. Бүтээгчид нь л үүнийг тэнгэрт тултал шагшин магтаад байгаа болохоос гаднынхан биднийг өхөөрдөн хүлээж авсан. Английн “Guardian” үүнийг “Симба” шиг гэж  өхөөрдсөн. Дээрээс нь баахан чухал царай гаргаад нийтийн гудамжинд, хонгилын метронд муухай орилж хөмсөг зангидаад, амьтан хүн айж ичээлгээд байсан нь нэмэр дээр нэрмээс болов. Бүр байгаад 2025 оын элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний шалгалтад “Тамгагүй төр” жүжгийн харилцан яриа, “Монгол хаан” жүжгийн талаар орсон нь нийтийн дургүйцлийг төрүүлсэн.

Жүжгийн менежмент сайн байсантай ярих юм байхгүй. Гаднын тайзан дээр гарсан. Гаднын продакшнтай хамтран ажилласан, гадаад жүжигчдийг составтаа багтаасан. Сайшаалтай. Гэхдээ байна аа, энд байдаг шигээ санаад, энд байдаг муйхар, хэт хүчилсэн маркетингтайгаа хүний нутгийг зорьсон нь л гол алдаа байлаа. Пологдтол рекламдсан энэ жүжиг одоо Британид, Сингапурт хэдэн хүний цээжинд үлдсэн бол. Манайд уг нь соёлын бодлого байсан бол өнөөдөр арай ондоо зүйл яриад сууж байх байлаа. Соёлын бодлого гэдэг нь “соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэсэн маанаг ойлголтоос арай өмнөө зүйл юм шүү.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(116.50.244.119) 2025 оны 12 сарын 31

Данх,Гамбир Номин херо Баатар 3 г шоронд хийж төрөөс гаргасан мөнгийг төлүүл

0  |  0
Top