
Өргөн мэдээллийн Zindaa.mn сайт уншигч та бүхэндээ 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас цувралаар тоймлон хүргэж байна.
Монгол Улс түүхэндээ де юре Ерөнхий сайдгүй, де факто УИХ-ын даргагүй, нэг ёсондоо Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүнгүй тав хоног байж үзэв. Хууль зүйн хувьд дахиж тохиохгүй ийм жишиг энэ онд тохиолоо. Нөгөөтээгүүр цахим үндэстэн боллоо гээд л хөөрцөглөөд байсан Монгол Улс оны эхэнд л эмнэлэгт үзүүлсэн иргэдийн мэдээлэл алдагдаж, оны эцэст “И-Монгол”-ын 14 мянга гаруй иргэний мэдээлэл алдагдав. Албаны хүмүүс, амбан сайд нь аюулгүй болсон гэсэн ч “И-монгол”-д бүх мэдээллээ байршуулсан монголчууд бидний мэдээлэл үнэхээр цоожтой авдарт бий юу гэдэг асуулт урган гарч ирлээ.
2025 оны аравдугаар сарын 17. Энэ өдрийг монголчууд бид санаж явах учиртай. Чухам яагаад гэвэл энэ өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэг өдөр огцорсон юм. Ардчилсан Монгол Улс түүхэндээ анх удаагаа нэг өдрийн дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн огцров. Дэлхийд байгаагүй хачин үзэгдэл энх цагийн Монгол Улсад тохиосон нь энэ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцорч, Ерөнхий сайд Г.Занданшатар нэр бүхийн гишүүдийн өргөн барьсан огцруулах бичгийн дагуу ийнхүүн огцорсон юм. Улс төрийн гортиг, өнөө маргаашийн оноо, фракцуудын зодоон ийнхүү ҮАБЗ-ийн хоёр гишүүнгүй болгож орхисон. Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, үр дүн нь түүний талд гарч УИХ-ын чуулганы шийдвэрийг хүчингүй болсонд тооцсон. Өргөн барьсан бичгийн дагуу огцорч, индэр дээрээс үг хэлчихээд Үндсэн хуулийн цэц дээр очоод суудалтайгаа үлдсэн анхын Ерөнхий сайд нь ч Г.Занданшатар болсон.
Ардчилсан Монгол Улс түүхэндээ анх удаагаа нэг өдрийн дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн огцрууллаа!
Хууль дээдэлсэн, парламентын ардчилсан Монгол Улсад ҮАБЗ-ийн хоёр гишүүнгүй болох нь маш аюултай үзэгдэл. Тав хоног ч гэсэн энэ бол аюулгүй байдалд аюул тарих хэмжээний асуудал. Гэвч улс төрийн зодоон дунд төөрсөн улстөрчид үүнийг “онц асуудал биш ээ” гээд хээв нэг хэлээд сууж байсныг уншигч та санах хэрэгтэй. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан, өнөө маргаашийн ахуйн асуудалдаа гацсан, тэгсэн атлаа 14 мега төсөл хэрэгжүүлнээ гээд шилээ маажиж зогсоо манайх шиг улсад бүр том асуудал. Цаашид ийм эмзэг байдал бий болгохгүйн тулд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудад өөрчлөлт оруулах, Цэцийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулах шаардлага бий гэдгийг энэ үйл явдал харуулсан юм.
***
2025 он эхлэхээс зүг өмнө “Интермэд” эмнэлэг цахим халдлагад өртсөн. Тус эмнэлэгт үйлчлүүлсэн 280 мянга гаруй иргэнийн овог нэр, регистрийн дугаар утас, цахим шуудан, өвчний түүх алдагдсан нь батлагдсан. Уг халдлагыг Москвад төвтэй “SpaceBears” нэртэй хакерын бүлэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд мэдээлэл задруулахгүйн тулд 50 мянган ам.доллар нэхэмжилсэн. Уншигч та анзаарсан бол халдагч этгээд нь Оросууд байсан юм.
Монгол Улсын кибер аюулгүй байдал 2025 онд томоохон сорилт, бэрхшээлтэй тулсан он байлаа. Манай улс руу чиглэсэн кибер халдлагын тоо эрс өсөн нэмэгдсэн агаад 70% нь Засгийн газар болон түүний харьяа агентлагуудад, 11% нь УИХ-ын харьяа байгууллагуудад, 14% нь эрүүл мэндийн салбарт, 1% нь хууль сахиулах байгууллагуудад чиглэгджээ. Ингэхдээ нэг тоог анзаарах хэрэгтэй. Монгол Улсад гадаад улсаас ирсэн сэжигтэй хандалтын 250 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 128 сая нь ОХУ, 65 сая нь АНУ, 50 сая орчим нь БНХАУ-аас ирсэн хандалт байна. Энэ нь төр болон иргэдийн эмзэг мэдээллийг хулгайлах зорилготой байж болзошгүй.
Монгол Улсад гадаад улсаас ирсэн сэжигтэй хандалтын 250 сая гаруй тохиолдол бүртгэгджээ.
Оксфордын их сургуулийн кибер аюулгүй байдлын үнэлгээгээр Монгол Улс 56 оноо авч, кибер аюулгүй байдлын "дунд түвшин" бүхий орны тоонд оржээ.
Үүнийг илтгэх мэт нэгэн мэдээлэл энэ сард ил болсон. Цахим үндэстний гол брэнд болсон “И-Монгол”-ын хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан явдал. Системийн шинэчлэлийн явцад хяналт сул байсан тул энэ оны аравдугаар сард 14 мянга орчим иргэний файл алдагдсан. Үүнийг нь салбарын сайд Э.Бат-Шугар баталсан. Зарим иргэдийн овог нэр, регистрийн дугаар, үйлчилгээний түүх “Bing” хайлтын системд байршсан байв. Аль хоёр сарын өмнө болсон мэдээллийг нууцалж, улмаар 12-р сард нийтэд ил болсон юм. “И-Монгол”-д төрийн ихэнх үйлчилгээг даатгасан монголчууд бид нууц үгээ шинэчилж, хувий мэдээллээ шалгаж, сэжиг бүхий холбоос дээр дарахгүй байх, харилцагч байгууллагуудтай холбогдох зэргээр өөрийгөө хамгаалах эхрэгтэй болов.
Ямар сургамж бидэнд үлдээв. Төрийн мэдээллийн систем хоорондын аюулгүй байдал хангалтгүй байгааг харууллаа. Хэрэглэгчийн хэрэглүүр болон хөтөчийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг харуулав. Ил тод байдлыг хангаж, системийн аюулгүй байдлыг засах мэргэжилтнүүдийг бэлтгэж, энэ чиглэлд “мөнгө хаях” хэрэгтэй болохыг харуулав.
Сэтгэгдэл ( 0 )