
Өргөн мэдээллийн Zindaa.mn цахим хуудас уншигч та бүхэндээ 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас цувралаар онцлон хүргэж байна.
Улс төрийн тавцанд, төрийн наадмын дэвжээнд Баянхонгорын хоёрыг хавсайдаад унагах хүн байсангүй. Наадмын өмнө суудалдаа суугаад наадам дуусангуут намынхандаа тонгоруулах дөхсөн Г.Занданшатар сайдын суудлаа хадгалж үлдээд одоо засаглаж байна. Харин төрийн наадмын дэвжээнд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай ес даван түрүүлж, улсын арслан цол хүртлээ. Хонгор нутгаас ийнхүү 76 жилийн дараа төрийн наадмын түрүү бөх тодорсон нь энэ юм.
Хүүхдийн баярын дараахан хүүхдийнхээ асуудлаас болж Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Дөрөв илүү жил засаг атгасны дараа Ерөнхий сайд хэн бэ гэх асуултын эрэлд Ардын намынхан мордоцгоосон. Угтаа намын зовлон нь ингэж эхэлсэн юм. Болох хүсэлтэй дарга нар олон байгаад хэвлэлээр өөрийнхөө нэрийг цухалзуулж нэг үзсэн ч Ардын намынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг намын кадрууд нь засаг атгах “бяртай” гэж үзсэн нь энэ. Ердөө ес хоногийн дараа УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаанаар Г.Занданшатарыг томилох эсэхийг шийдсэн. Хэмнэж чаддаггүй атлаа төсвийн хэмнэлт. Бодлого тодорхойлж чадаагүй мөртлөө бодлогын өөрчлөлт. Нийтээрээ хөгжилд хүрч чадаагүй мөртлөө нийтийн хөгжил ярисаар түүнийг томилсон. Томилохдоо дараа нь тонгорохоо мэдэхгүй намын нөхөд нь дарга, дарга гэж пялдагдаад сөрөг хүчнийнхэнд “балбуулж” гарсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Та нар намдаа дарга гэдэг юм байгаа биз. УИХ-ын чуулган дээр бол Ерөнхий сайдад нэр дэвшигч шүү” гэж байж “дарга, дарга” гэж зассан үгээ больсон юм. Ингээд 92.3% саналаар Ерөнхий сайд болсон юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүд нь өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж, улмаар Цэц дээр очиж, дараа нь суудалтайгаа үлдсэн анхны тохиолдол нь Г.Занданшатар.
Засгийн газар Ерөнхий сайдтай болсон ч эрх баригч нам даргагүй хэвээр үлдсэн нь асуултын тэмдэг байлаа. Ерөнхий сайд болсныг нь харахаар Г.Занданшатар ч юм шиг. Гурван сонгууль дараалан ялалт байгуулсныг нь бодохоор Д.Амарбаясгалан ч юм шиг. Хал балгүйг нь бодохоор 80-аад оны төлөөлөл ч юм шиг тэр гэхийн тэмдэггүй дүрс Ардын намыг тойрон эргэлдэх болов. Есдүгээр сартай золгоход зодоон дээд цэгтээ хүрч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар үзэж гарав. Г.Занданшатарын талаас “Админерал”-ыг гэрэл цохиулсан нь Д.Амарбаясгалангийн дургүйг хүргэсэн. Тэгээд Д.Амарбаясгалан жагсаалтын хэдийг гэрэл цохиулсан. Цохиулахдаа Ерөнхий сайдын суудалтай нь ярихаар больж П.Сайнзориг тэргүүтэй хэдээр огцрох бичиг боловсруулав. Гурван сарын өмнөхөн л “дарга” гэж засдаг үгээр инээж байснаа ийнхүү хавсайдаж тонгорох дээрээ тулсан юм. Улмаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганыг даргалахдаа “Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүйг дэмжье” гэх саналын томъёоллоор санал хураасан. Хураахдаа шөнөдүүлсэн. Шөнөдүүлэхдээ Үндсэн хуулийн дөрвөн зүйл заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар дүгнэсэн. Монгол Улсын хууль зүйн практикт өмнө нь ийм зүйл болж байгаагүй юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүд нь өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж, улмаар Цэц дээр очиж, дараа нь суудалтайгаа үлдсэн анхны тохиолдол нь Г.Занданшатар. Хоржоонтой нь Цэц дээр хууль зөрчсөн нь тодорхой болсон ч хариуцлага тооцож чадахгүй байгаа нь бас л анхны тохиолдол.
***
Ардын хувьсгалын 104 жил Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан эхлэхээс өмнө Баянхонгор аймаг төрийн наадмын ганцхан түрүүтэй байлаа. Олноо “Нисэх”-ийн гэж алдаршсан улсын заан П.Аюуш 1949 оны Үндэсний их баяр наадамд түрүүлсэн юм. Улс төрийн шалтгаанаар дэгсдэн, хэлмэгдэж явсан түүнд 1956 онд арслан цолыг нь нөхөж олгосон түүхтэй.
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай начин цолтой болсноос хойш бөх сонирхогчдын хараанд өртөж, төрийн наадмын түрүү хүртэнэ гэж таамаглах болсон. Ардын хувьсгалын 104 жилийн ой Үндэсний их баяр наадмын нэгийн даваанд Э.Батмагнай нутгийн сумын заан Г.Отгонбатаар, хоёрын даваанд нутгийн бөх аймгийн арслан Б.Бат-Оршихоор давж гурван даваатай золгосон. Гурвын даваанд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Д.Цэрэнтогтох Э.Батмагнайг амалж, улмаар Э.Батмагнай давав. Дөрвийн даваанд Увсын Ц.Мөнхбаяр харцагад амлуулан хаясан. Тавын даваанд Төв аймгийн Өндөр-Ширээт сумын харьяат улсын заан Д.Хүдэрбулга түүнийг амласан. Тавын даваа хүртлээ сайн байсан түүнийг наадмын өнгөнд барилдана гэж таамаглаж байсан ч Э.Батмагнай төвөггүй давав. Одоо тэрээр зургаагаас найман даваа хүртэл тунан барилдана. Зургаагийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатартай тунаж, долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзийтэй тунаж, наймын даваанд аварга П.Бүрэнтөгстэй тунаж учраануудаа өвдөг шороодуулснаар төрийн наадмын үзүүр, түрүүнд гарсан юм.
Төрийн наадмын түрүүг 76 жилийн дараа авчирснаас хойш Э.Батмагнай томоохон барилдаанд унаагүй байна.
Улсын начин Э.Батмагнай үзүүр, түрүүнд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяртай үлдэж, улмаар давснаар Улсын арслан хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ. Гурван даваанаас үзүүр, түрүүний барилдаан хүртэл Э.Батмагнай 23.8 минутыг зарцуулсан нь удаан барилдаж наадамчин түмнээ залхаагаагүй илтгэнэ. Тэрбээр улсын наадамд түрүүлснээсээ хойш Өндөр гэгээний даншиг, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын барилдаанд түрүүлж, ямархан цараатай бөх вэ гэдгээ харуулаад байна.
Э.Батмагнай нь 2001 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр төрсөн. Үндэсний болон чөлөөт бөхөөр 11 наснаас эхлэн хичээллэж эхэлсэн тэрээр 2019 онд 18 насандаа аймгийн начин, дараа жил нь аймгийн заан, 2022 онд улсын начин цол хүртэл, тухайн үедээ хамгийн залуу начин болж даага хөтөлж байв.
Сэтгэгдэл ( 0 )