ТОЙМ-2025 | Аяндаа тодорсон алдар

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өргөн мэдээллийн Zindaa.mn сайт уншигч та бүхэндээ 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас цувралаар тоймлон хүргэж байна. 

Улсын алдар гэдэг аяндаа тодордог болохоос албаар хүчилж сурталчлаад нэмэр байдаггүй гэдгийг өнгөрч буй он бидэнд харууллаа.

Аялал жуулчлалын яамнаас Английн хөлбөмбөгийн клуб, гаднын “алдартнууд”-ыг урьж авчраад, мөнгө цацаад, дүлж рекламдав. Төр мөнгө цацаж байх хооронд монголчууд и-спортоор, 3х3 сагсан бөмбөгийн багийн төрлөөр дэлхийн цомд аман хүзүүдэж, “Physical Asia” шоунд оролцсон монгол баг азийн үзэгчдийг байлдан дагуулж, холимог тулаанаар дэлхийн аваргын бүс зүүж, мэргэжлийн боксоор өрсөлдөгчөө буулган авч улсынхаа нэрийг цуурайтууллаа. Төсвийн нэг ч төгрөгийн оролцоогүйгээр шүү дээ.


“Go Mongolia”.  Гоё ч гарчиг. Англи гарчгийн дор “Өөдөө тэмүүлэх Монгол” гэж. Гоё ч лоозон. Олон ч жил, олон ч гоё гарчиг бодож олсон манай төр энэ удаад олсон гарчиг нь нэг ийм. Нэг ийм гарчгийн дор нэг бус алдаа завхрал бидэнд байна. Английн Фулхэм клубтэй 500 мянган ам.долларын гэрээ байгуулжээ. Үүнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Одоогийн ханшаар 500 мянган ам.доллар нь 1.7 тэрбум ам.доллартой дүйнэ. Английн Лондон хотын баруун хэсэгт Фулхэм клуб байрладаг.

Нийгмийн сүлжээний дагагчдын тоо 3.5 сая. Улирлын дундаж үзэгчдийн тоо 26.9 мянга. Тус клубийн хөгжөөн дэмжигчид Английн өмнөд хэсэгт голчлон төвлөрсөн байдаг. Цагаан арьстнууд голчлон төвлөрсөн, чинээлэг дундаж давхаргынхан олонтой. Монголын тухай мэдээлэл түглээ гэхэд үүнээс олж хараад, тогтож аялах боломж тун хомс. Гишүүд дэмжигчдийн хүрээллээрээ англидаа дундаж энэ багийн бэлтгэлийн өмсгөл дээр л “Go Mongolia” харагдана. Цэнгэлдэхийн реклам, тоглолтын өмсгөл дээр харагдахгүй. Дээрээс нь манай улс үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа учраас Фулхэм клубтэй арбитрын шүүхийн маргаантай байгаа. Үүнээс гадна Фулхэм клубт санхүүгийн тайлан, сурталчилгааны бодит үр дүн болох судалгаа танилцуулаагүй гэх үндэслэлээр арбитрын шүүхэд дуудагдсан. Юун тэр “Go Mongolia” Англид л лав “Bye Mongolia” боллоо.

Английн Фулхэм клубтэй арбитрын маргаантай байгаа Монгол Улс юун тэр “Go Mongolia” Англид л лав “Bye Mongolia” боллоо.

Дэлхийн “социал” оддыг урьсан гэж сайрхаад байгаа. Эштон Холл, IShowSpeed, Өмнөд Солонгосын дуучин Хваса гээд олон л нөлөөлөгчид ирлээ. Үр дүн нь шууд жуулчдыг нэмсэн үү гэдэг өрөөсгөл. Нөлөөлөгч гаднын одуудыг чухам ямар шалтгаанаар урьж, ямар төрлийн контент бэлтгүүлсэн нь тодорхойгүй. Тухайн нөлөөлөгчийн сегмент гаднын жуулчдыг монголд авчирсан уу гэдэг эргэлзээтэй. Маркетингийн хэт өндөр зардалтай. Дээр дурдсан Фулхэм клуб ердөө нэг жишээ. Үр өгөөжийн хэмжилт тодорхойгүй. Монголд ирсэн гаднын жуулчдын тоо 2025 оны 11-р сарын байдлаар 800 мянгад хүрсэн. Гэхдээ энэ нь “Go Mongolia” хөтөлбөртэй шууд холбоотой эсэх нь эргэлзээтэй. Хамгийн гол нь төсвийн зарцуулалт ил тод бус. Хэдэн төгрөгөөр хэн гэдэг хүнийг, хэдий хэр хугацаанд авчраад ямар ажил хийсэн гэдэг мэдээлэлд хяналт тавих боломжгүй. Бидэнд ил нэг тоо байгаа нь аялал жуулчлалын салбарт 2025 онд 12.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөнгө цацчихаад үйлчилгээ тааруу, дэд бүтэц сул, нүцгэн жорлонтой байгаа нь далд бус ил үнэн.

***  

Төр нь мөнгө цацаад, цацсан мөнгөнийхөө үр дүнд 800 мянган жуулчин авчирсан гэж гөрдөж байтал залуучууд бор зүрхээрээ Монголоо сурталчилсаар байлаа. Аяндаа тодорсон алдар гэдэг энэ. Аяндаа тодорчихно гээд зүгээр суулгүй, эх орныхоо төлөө асах зүрхтэй байсан залуусын гавьяагаар Монгол Улсын алдар тодорсон юм. Цахим спортын төрлөөр” “The MongolZ” баг дэлхийд нэрээ тамгалав. Тэд 2025 оны эхний хагаст оролцсон бүх тэмцээнийхээ плей-офф шатанд шалгарч байлаа. Тэд 2025 оны тавдугаар сар гэхэд HLTV чансааны эхний тавд эрэмбэлэгдэж эхлэв. Зуны амралт эхлэхээс өмнө “The MongolZ” багийнхаа төдийгүй, улсынхаа и-спортын түүхийг шинээр бичих бахдам амжилтаа үзүүлсэн билээ. Тэд 2025 оны зургаадугаар сард BLAST.tv Остин мейжор тэмцээний хэсгийн шатнаас 3-2 амжилтаар шалгарав. Шөвгийн наймд Faze Clan багийг 13:9, 13:11 харьцаагаар, хожиж хагас шигшээд өрсөлдөхөөр болсон. Хагас шигшээд тэд Өмнөд Америкийн “paiN Gaming” багийг 13:5, 13:5-аар итгэл төгс ялалт байгуулав. Ингээд тэд Остин Мейжорын шигшээ тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч “Vitality” багтай учраа таарч эхний раундыг гайхалтай авсан. Гэсэн ч дараалан хоёр раунд алдсанаар мейжорын цомоос атгаад алдсан билээ. Хоёр сарын дараа дэлхийн цомд түрүүлж Монголын төдийгүй Азийн и-спортын түүхийг шинээр бичсэн юм.

Монголчууд багийн спортоор амжилт гаргахгүй. Энэ үгэнд монгол охид цэг тавьсан. Тавихдаа эх орондоо, нийслэл хотынхоо зүрхэнд тавьсан. Тэд бол сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг. Энэ оны зургаадугаар сард болсон 3х3 төрлийн дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм. Тэд Хэсгийн эхний тоглолтдоо хүчирхэг Бразилыг хожоод, дараа нь Олимпын наадмын мөнгөн медальт Испанид нэг хожигдсоноос хойш Герман, Украин, БНХАУ, АНУ, Польшийг дараалан хожсоор финалд шалгарсан. Олимпын аварга, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга багуудыг ээлж дараалан хожсоор финалд Нидерландын шигшээд яалт ч үгүй нуруу дутан хожигдож, Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн билээ. Монгол Улсын спортын түүхэнд багийн спортын төрлөөр анх удаа шигшээ тоглолтод шалгарч, мөнгөн медаль хүртсэн нь энэ юм.

Төр нь мөнгө цацаад, цацсан мөнгөнийхөө үр дүнд 800 мянган жуулчин авчирсан гэж гөрдөж байтал залуучууд бор зүрхээрээ Монголоо сурталчилсаар байлаа. Аяндаа тодорсон алдар гэдэг энэ.

Physical Asia. Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй реалити шоунуудын нэг болох Physical 100-гийн спин-офф цувралд Монголын баг Улсын арслан Б.Орхонбаяр, Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Сагсан бөмбөгч Э.Дөлгөөн, Волейболын шигшээн тамирчин Г.Хандсүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцсон. Тэд Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппинийн багтай өрсөлдөн, аваргын төлөө Өмнөд Солонгосын багтай өрсөлдөж, хоёрдугаарт шалгарсан билээ. Хэдийгээр ялагч Солонгосчууд байсан ч жинхэнэ ялагч нь манай баг байлаа. Монгол руу чиглэх жуулчлалын урсгалыг Солонгос төдийгүй азийн улс орнуудад нэмэгдүүлж, шоу дууссаны дараа оролцогч бүрийг эх орондоо урьсан нь гадаад сурталчилгааны маш том хэлбэр болсон.

Ингээд дурдаад байвал олон алдар гавьяа бий. Холимог тулааны азийн хамгийн том тулаан болох “One Championship” холбооны аваргын бүсийн төлөө Б.Энх-Оргил Бразилын тулаанчтай тулалдаж аваргалав. Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар энэ онд гурав дараалсан ялалт байгуулж, мэргэжлийн замналынхаа ялалтыг 14 болгож нэмэгдүүлсэн. Мэргэжлийн сүмод Монгол Улсаас дахин нэг аварга төрсөн ийм л алдар гавьяатай жил байлаа. Оюуны спорт, бүжгийн спорт бүх л спортод Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан олон гайхалтай үйл явдал өрнөснийг мартаж болохгүй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чулуун(104.238.222.119) 3 секундын өмнө

Монголчуудаараа бахархаж байна

0  |  0
Top