
Өргөн мэдээллийн Zindaa.mn сайт уншигч та бүхэндээ 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас цувралаар тоймлон хүргэж байна.
Иргэд шаардлага тавьж “Огцрох амархан” гэж жагссан. Жагсаалыг харин шууд утгаар нь ойлгосон эрх баригчид хүний өөрийнгүй огцруулж, халж, сэлгэж эхэллээ. Хавар эхэлсэн энэ их халаа сэлгээ он дуустал үргэлжлэв одоо ч дуусаагүй байна. Гэвч эсрэгээрээ шийдвэр гаргах туйлын хэцүү бололтой. Автомашины татвар нэмнэ гэж байснаа болилоо. “Алсын хараа-2050” гэж утаа манаргаж байснаа болиод ирэх таван жил дээрээ буув. Баяр дөхөхтэй зэрэгцээд дугаар хязгаарлана, хязгаарлахгүй гэж ч нэг үзэв. Дарга болно болохгүй ч гэж үзэв. Бүр сүүлдээ 16 дэд сайдтай байна, үгүй дээ дундаа хийгээд дөрөвтэйгөө л үлдье гэж байна.
Ерөнхий сайдын хүүгийн тансаглал ард иргэдийг бухимдуулсан. Хавар ногоо цухуйх цаг дөхөж байтал Ерөнхий сайдын хүү, найз охинтойгоо брэндийн тансаглалтай хамт цухуйв. Татварт дарлуулж, бензинд дугаарлуулж байгаа иргэд бухимдахгүй байхын аргагүй үйлдэл. “Жен Зи” жагсаал гэж тодотгосон энэ жагсаал үр дүнд хүрсэн үгүй ч бай, хоёр сар гүрийсэн Л.Оюун-Эрдэнэ дөрөв илүү жилийн дараа хамгийн удаан Ерөнхий сайдын алба хашсан нэгэн гэх тодорхойлолттойгоор үүрэгт ажлаасаа буув. Түүнийг орлож Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Ингээд л халаа сэлгээ эхэлсэндээ. Өөрийнхөө томилсон хуулийн сайдыг хоёр төрд нүүртэй Б.Энхбаяраар сольсон. Батлангийн сайдаа дэвшүүлээд сул гишүүнийг томилсон. Хөдөө аж ахуйн сайдыг сэлгээд Шадар болгомогцоо Дорнодын гишүүнийг сайдаар томилсон. Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам ч сайд болсон. Сайдууд томилогдохоос гадна агентлаг, газар хэлтсийн дарга нар зуны сараас эхлээд өвлийн дунд сар хүртэл ээлжлэн солигдлоо. Одоо ч солигдсоор л байна.
Эрх баригчид сүүлийн хагас жилжингээ сандал суудал, халаа сэлгээтэй зууралдлаа.
Г.Занданшатар ч өөрийнхөндөө дэгээдүүлээд унаж ойчингоо алдсан. Хамтарсан Засгийн газар мөртлөө сөрөг хүчнийхнийг гэрээгээ зөрчсөн гэж гөрдөөд хөөв. Хөөгдчихсөн учраас Ардчилсан нам даргаа сольсон. Эрх баригчид төрийн алба данхар байна гээд төрийн албан хаагчдаа халж солихоор шийдлээ. Шийдэл нь хүнд буух нь тодорхой байсан учраас энэ шийдвэрээ эргэн харсан. Тэгэхгүй бол энэ засаг ер тэсэхгүй шүү дээ. Халаа, сэлгээ олон, огцрох, огцруулах ч амархан байлаа.
***
Огцрох амархаан, амархан. Гэхдээ шийдвэр гаргах нь л төвөгтэй аж. Шинэ Засаг “Алсын хараа-2050” хараал болж магадгүй гэж үзээд, “Таван жилийн төлөвлөгөө” болгож бууруулъя гэдгээ нийтэд зарлав. Таван жилийн гавшгайч тэмдэг зүүдэг байсан ах намд энэ ч амархан л даа. Оны сүүлд дэд сайдгүй явъя гэж байсан засаг гэнэтхэн дэд сайдуудаа хадганд боогоод гаргаад ирсэн. Намын баланс гэнэ үү, сайд нарын ачааллыг бууруулна гэнэ үү ямар ч байсан Ардын намын удирдах зөвлөл ингэж шийдлээ. Шийдвэрийг нь эрх баригчид шүүмжлээд эхэлмэгц за больё оо, дөрөв л болгочихъё гэж “буулгаж” байна. “Хулгайтай тэмцэнэ гэдэг чинь арай өөр ажил юм байна” гэж үзсэн Ерөнхий сайд хуулийн сайдаа ч дор нь өөрчлөөд Б.Энхбаярыг сайдаар томилсон. Бас л гэнэтийн шийдвэр. Төр засаг нь гэнэтийн шийдвэрээр “бэлэг барьж” байх хооронд улсын дугаарын тэгш сондгойгоор зорчуулна, зорчуулахгүй гэж хэдэн ч удаа “бэлэг барив”.
Тэртээ тэргүй зовлон ихтэй иргэддээ, эргэж буцсан хэчнээн шийдвэрээр "бэлэг барив".
Хамгийн сүүлийнх нь дөнгөж хэд хоногийн өмнө. Автомашины зам ашигласны төлбөрийг хэд дахин нэмэгдүүлж татвар оноох тухай ярьж эхэлсэн. Гэтэл УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр баахан гишүүдээр балбуулаад больсон. Хотын дарга үүнийг “секси байгаагүй” гэж үзээд түр хойшлуулсан гэж хэлнэ лээ.Боловсролын салбар нь хүртэл “поло цамц” өмсөх үү, үгүй юу гэдгийг санал хурааж шийдвэрлээд үгүй гэдэг дээр тогтсон. Томуу дэгдмэгц тав хоног цахимаар хичээллүүлснээ, улирлын амралт эхлэхээс өмнө дахин тав хоног танхимаар хичээллүүлж томуугийн вируст “бэлэг барив”. Одоо цаашид ямар бэлэг барихыг “Балхаа ах” ч таашгүй...

Сэтгэгдэл ( 0 )