
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ хамтран суралцагчийн унших чадварыг дэмжих, тэдний хөгжил төлөвшилд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулийн нийтийн эзэмшлийн талбайд ном унших орчныг тохижуулах, хэрэглэгдэхүүнээр хангах, багш нарт зориулсан арга зүйн “Багш бүхэн сэтгэл зүйч”, “Ангиараа багштайгаа уншъя”, “Динзагийн олон талт оюун ухаан” зэрэг хөтөлбөрүүдийг 2026 онд нийслэлийн ерөнхий боловсролын 100 сургуульд 3 үе шаттайгаар боловсролд хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургуулиудад үнэ төлбөргүй хэрэгжүүлнэ.
Тус үйл ажиллагааны нээлт өнөөдөр зохион байгуулагдаж, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир оролцож, “Унших чадвар Улсын чадвар: Литерасиг эрхэмлэх соёлыг сургууль бүрд хэрхэн төлөвшүүлэх вэ?” илтгэл танилцуулж, “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ын захирал, номын зохиолч А.Дэлгэржаргал “Хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн онцлог, хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өгч, сургуулийн захирлуудтай хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Уг төсөл нь хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгож номын агуулгаар дамжуулан хүнлэг энэрэнгүй, цэвэр ариун сэтгэлтэй, билиг оюун төгөлдөр, монгол үндэстнийхээ хэл, соёл, өв уламжлал, ёс суртахууныг эзэмшсэн, бахархаж хэрэглэдэг, хүндэлж дээдэлдэг, байгаль, эх дэлхийгээ эрхэмлэн хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах ирээдүйн монгол иргэнийг өсгөх, хүмүүжүүлэх”-д чиглэж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )