Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
9 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд "Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх" төслийн хоёр дахь шатны танхимын сургалт 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Дундговь, Хэнтий, Архангай, Булган, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Тус төслийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) санхүүжилтээр Боловсролын яам (БЯ), Боловсролын ерөнхий газар (БЕГ), Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв (БХДҮТ) болон аймгуудын Боловсролын газрууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Дундговь аймгийн төвд зохион байгуулагдаж буй сургалтад тус аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 53 англи хэлний багш хамрагдаж байна. Сургалтын хөтөлбөрийг МУИС болон МУБИС-ийн мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарын бүрэлдэхүүн заан чиглүүлж, олон улсын заах арга зүйн туршлагаас хуваалцаж байна.

Сургалтын үеэр англи хэлний сургалтын менежментийг сайжруулах, орчин үеийн арга зүйг хичээлийн практикт нэвтрүүлэх, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлогын талаар БЕГ-ын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Д.Энхтулга сургуулийн удирдлага болон Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төслийн зохион байгуулагчдын зүгээс: "Энэхүү сургалт нь алслагдсан орон нутгийн багш, сурагчдын хэлний ур чадварыг бодитойгоор дээшлүүлж, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгахад чиглэсэн үр өгөөжтэй алхам болж байна" хэмээн онцоллоо.

Танхимын сургалт 01 дүгээр сарын 16-ыг дуустал үргэлжлэх бөгөөд сургалтын дараагийн шат болох арга зүйн зөвлөгөө, чиглүүлэг нь 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр үргэлжлэх юм. Ингэснээр багш нар сурсан мэдлэгээ ажлын байрандаа хэрэгжүүлэх явцдаа байнгын дэмжлэг, чиглүүлэг авах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top