ТАНИЛЦ I ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн ХУВИЙН СУРГУУЛИУДЫН сүүлийн 3 жилийн үзүүлэлт
Аль хувийн сургуулийн сургалт сайн бэ? Бидний бараг өдөр тутамдаа ярилцдаг сэдэв, асуудаг асуулт...
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн төлөө бодит боломж хайж, ямар нэгэн хувийн сургуулийг сонгон суралцуулах тухай нухацтай боддог цаг үеийг бид хамтдаа туулж байна.
“Хувийн сургууль л бол сайн” гэсэн ойлголт нийгэмд түгээмэл сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч бодит байдал дээр энэхүү нийтлэг бодол хамгийн том асуудлыг дагуулсаар байна. Тэр бүхэн явсаар “Аль сургууль үнэхээр чанартай вэ?” гэсэн эргэлзээ төрүүлсэн хэвээр... Бид амнаас ам дамжсан яриа, эсвэл сошиал медиа дээрх асран хамгаалагчдын групп, нэгдэл дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүүхдийнхүү сургуулийг сонгох явдал нийтлэг төрх болжээ.
Нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсүүдийн хяналт, зөвлөн дэмжих тогтолцоо суларч, мэргэжлийн хяналтын бүтэц татан буугдсанаар сургалтын чанарын стандарт хэрхэн мөрдөгдөж, ямар хэмжээнд үнэлэгдэж байгаа нь тодорхой бус болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдал эцэг, эхчүүдийг төөрөгдөлд оруулж байхыг үгүйсгэхгүй.
Хувийн сургуулиудын сурталчилгаа өдөр ирэх тусам өнгөлөг, итгэл төрүүлэм төрхтэй болж, “Аз жаргалтай орчин”, “Олон улсын хөтөлбөр”, “Онцгой арга зүй” гэх мэт үгс хаа сайгүй сонсогдож, сургуулийн хамгийн чухал үйлчилгээ болох сургалтын үр өгөөж, чанарын талаарх баталгаа, нотолгоо илт үгүйлэгдэж байгаа нь нууц биш. Гэтэл өнөөдөр зөвхөн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг л Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) болон Боловсроын үнэлгээний төв (БҮТ)-өөс л нэгдсэн байдлаар зохион байгуулахаас өөр итгэл үнэмшил бүхий шалгалт байхгүй хэвээр байгаа нь үнэн.
Сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын дүнг албан ёсоор буюу нээлттэй зарлахгүй байгааг ашиглан зарим сургуулиуд бодит байдлаас зөрсөн, шалгагдах боломжгүй сурталчилгаа хийх нь эрс нэмэгдсээр байгааг бид бүгдээрээ л харж байна. Уучлаарай, улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байж, "Манай сургууль шилдэг” хэмээн нийтэд ойлгуулах оролдлого ч цөөнгүй гарч байна. Эцсийн дүндээ бодит өгөгдөл ил тод биш учраас ийм мэдээллийг няцаах, хянах механизм бараг үгүй болсон нь эцэг, эхчүүдийг төөрөгдөлд оруулах нэг том шалтгаан болж байгаа гэдэгтэй олон хүн нийлэх биз ээ. Үүний үр дүнд олон нийтийн итгэл буурч, “Ямар сургууль сайн бэ?” гэсэн асуулт улам бүр тодорхой бус болж байна. Энэ тодорхойгүй байдал хамгийн түрүүнд хүүхдийн ирээдүйд нөлөөлдөг нь харамсалтай.
Олон улсын боловсролын туршлагаас харахад, ил тод байдал бол сургалтын чанарыг сайжруулах хамгийн хүчтэй хөшүүрэг байдаг. Сургуулийн түвшний шалгалтын үр дүн нээлттэй байвал сул тал нь тодорхой болж, бодит сайжруулалт хийх боломж бүрддэг. Мөн эцэг, эхчүүд сурталчилгаанд бус, баримтад тулгуурлан сонголт хийх нөхцөл бүрддэг. Ил тод байдал байхгүй үед харин эсрэгээрээ, гоё үг, өнгөлөг танилцуулга, бодит чанарыг орлож эхэлдэг.
Нийтлэг хандлагаас харахад, "Сургалтын чанар" гэдэг ойлголтыг олон хүн буруу ойлгодог. Энэ нь гоё барилга, тохилог анги танхим, эсвэл “Аз жаргалтай сургууль” гэсэн хоосон уриа байж болохгүй. Жинхэнэ чанар гэдэг нь "Мэдлэг, ойлголт, хэрэглээний чадварыг олгож байна уу", "Хүүхдэд суралцах чадварыг бий болгож байна уу" гэдгээр хэмжигддэг. Чанартай сургалттай хүүхэд дараагийн шатны боловсролд дасан зохицож чаддаг, бие даан сэтгэж, шүүн тунгаах чадвартай болдог. Харин сургалтын чанар сул орчинд өссөн хүүхэд өөртөө итгэлтэй мэт харагдав ч суурь мэдлэг дутмаг байдлаас болж дараагийн шатанд гэнэт “Би чадваргүй юм байна” гэсэн мэдрэмж авч, сэтгэл зүйн уналтад орох эрсдэлтэй тулгардаг. Тиймээс хүүхдээ хувийн сургуульд өгөх гэж буй эцэг, эхчүүд бодит өгөгдөл шаардах нь хамгийн зөв алхам болох нь илүү үнэнд нийцнэ.
Энэ утгаараа, олон нийтэд нээлттэй танилцуулагдах нь зүйд нийцэх ёстой ч, яагаад ч юм олон нийт, эцэг, эхчүүдэд танилцуулагддаггүй зарим мэдээллийг бид эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн, нэгтгэн хүргэж байна.
Энэхүү мэдээлэл нь сүүлийн гурван жилийн буюу 2023, 2024, 2025 оны ЭЕШ-ын үр дүнг харьцуулсан үр дүнгийн үзүүлэлт бөгөөд сурталчилгаанаас илүү баримтад итгэх нь хүүхдийн ирээдүйд хийж буй хамгийн ухаалаг шийдвэр гэдгийг эцэг, эхчүүдэд нээлттэй мэдээлж, таниулах зорилгын үүднээс нийтэлж байгаа эмхэтгэл болно.
"Боловсрол"-ын гэсэн малгайтай байгууллагууд цаашид төлбөрийн хэмжээ өндөр, нам ямар байхаас үл хамааран, төлбөр төлж сургадаг хувийн сургуулиудын сургалтын мэдээллийг ил тод нийтэлж, олон нийтэд үнэн зөвөөр зарлах нь боловсролын үнэлэмжийг бүх шатанд дээшлүүлж, зөвхөн "Төлбөртэй сургууль" гэдэг хаяган дор нуугдаж байдаг алдаа, оноог засаж, залруулахад түлхэц болох хамгийн том хаалга болно.
Цаашлаад, боловсролын асуудал зөвхөн төрийн үүрэг биш, эцэг, эхчүүдийн хамтын шаардлагаар бий болдог үнэт зүйл гэдгийг ойлгох цаг ч бидэнд ирснийг ойлгож, ухамсарлах хэрэгтэй.
Боловсрол бол хоосон мөрөөдөл зардаг бизнес биш, хүүхдийн ирээдүйг бүтээдэг бодит систем. Эцэг, эх бүр хүүхдийнхээ өмнөөс сэтгэл хөдлөлөөр бус, баримтад суурилсан шийдвэр гаргах үүрэгтэйг сануулахын сацуу хүүхдийнхээ сурч байгаа сургууль, сургалтын орчны талаар мэдээлэл авах бодит эрхийг хангаж өгөх ёстойг энэхүү мэдээллээр дамжуулан Боловсролын байгууллагуудаас хүсэх нь хойш тавих асуудал биш болсныг сануулж байна.
Сургуулиудын ерөнхий сургалтын чанар, төлөв байдлыг зөвхөн хувийн сургуульд хамаарах дараах үнэлгээний ангиллаас харахыг зөвлөе.
Тодруулж хэлэх зүйлс:
650-аас дээш бол - "Шилдэг сайн сургууль"
600-649 оноотой бол - "Сайн сургууль"
550-599 оноотой бол - "Дундаж төвшний сургууль"
500-549 оноотой бол - "Тааруухан төвшний сургууль"
500-аас доош оноотой бол - "Эрсдэл өндөр сургууль" гэж үнэлэгддэгийг тооцоолж бодох боломжтой.
Энэхүү мэдээлэл нь Боловсролын яам, БҮТ-өөс аймаг, нийслэл, дүүрэг болон сургууль тус бүрд илгээгдсэн шалгалтын үндсэн мэдээлэлд тулгуурлан, ерөнхий дундаж онооны үзүүлэлтээр тооцон, харуулсан үр дүн, эрэмбийн үзүүлэлт болохыг сануулъя.
Хүснэгт 1: Элсэлтийн ерөнхий шалгалтын 2023, 2024, 2025 оны эрэмбэ


Хүснэгт 2: Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл бүрийн 2023, 2024, 2025 оны нэгдсэн дундаж
.png)
.png)
Сэтгэгдэл ( 0 )