
Дэлхий дээр усны үнэ цэн эрчимтэй нэмэгдэж байна. НҮБ-ын тайлангаас үзвэл дэлхий дахин усны хямралаас дэлхийн хэмжээний “усны дампуурал” гэсэн байдалд шилжжээ. Дөрвөн тэрбум хүн дор хаяж жилд нэг сар усны хурц хомстолтой нүүр тулж байна. Гурван тэрбум хүн усны нөөц нь багасаж байгаа бүс нутгуудад амьдарч байна. Тухайлбал, Ираны ерөнхийлөгч Тегеран нийслэлээ өмнөд эрэг орчмын бүс рүү нүүлгэхийг нэг бус удаа уриалж байгаа. Үүний гол шалтгааны нэг нь усны хомстол.
Дэлхийн эдийн засгийн барометр болох Хятад улс ирэх таван жилд усны хэрэглээгээ ДНБ-ний нэгжид шилжүүлснээр 10 гаруй хувиар бууруулах зорилго тавиад байна.
Цэнгэг усны хамгийн том хэрэглэгч нь хөдөө аж ахуй /65-70 хув/, аж үйлдвэрийн салбар /20 хувь/, нийтийн ахуй /10 хувь/. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан хэмээх “цангасан” салбар гарч иржээ. Судлаачдын тооцоолсноор, 100 үгнээс бүтсэн нэг текст бүтээхэд ChatGPT 0.5-1.5 л цэвэр ус хэрэглэдэг бол түүнтэй 20-30 асуулт бүхий яриа өрнүүлэхэд 1.5 литр цэвэр ус шаардагддаг. Усыг мэдээлэл боловсруулах төвүүд төхөөрөмжөө хөргөхөд зарцуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )