
Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, лхаарамба, 30 дугаар Хамба номун хан Дуламрагчаагийн Жавзандоржтой ярилцлаа.
Эх сурвалж: "Welcome To Mongolia" сэтгүүл, №3
Эрхлэн гаргагч: "Эрхэт Монгол Медиа Холдинг" ХХК
-Гандантэгчэнлин хийд бол Монголын Бурхан шашинтны төв, эргэл мөргөлийн орон болохын зэрэгцээ соён гэгээрүүлэх, энэрэн нигүүлсэхүй түгээх, гүн ухаан, шашин соёл, эрдэм ном дэлгэрүүлэх зорилго бүхий их орон газар. Энэ талаар та юу айлдах бол?
-Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд маань аливаа хүмүүст аз жаргал, амар амгалан, оюун ухааны соён гэгээрэл өгөх зорилготой газар. Тэр утгаараа зовж зүдэрсэн, сэтгэлдээ амар амгалан, гэгээрэл, ухаарлыг эрэлхийлсэн хүмүүс зорьж ирдэг. Бид тэдний зорьсон хэргийг бүтээх, гориллыг нь хангаж биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулж байдаг. Өвдсөн, зовсон зүдэрсэн хүмүүс хийд оронд ирж ном уншуулах, засал хийлгэх, бурхдын дүрийг харж, номын дуу сонсох, хуврагт сүсэглэж, зовлон бэрхшээлээ нимгэлж, арилгаж, амар амгаланг олж авдаг. Ирсэн хүн бүхэнд хүртээх бэлэн сургалт өнөөдөр хараахан жигдрээгүй байгаа ч гэсэн ажлын бус цагаар дээдэс багш нар болон лам хуврагууд олон нийтийг хамарсан соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Жанрайсиг дацанд сард тодорхой өдрүүдэд сүсэгтэн олонд засал номыг монгол хэлээр унших ажлыг эхлүүлээд явж байгаа. Энэ нь уншуулж буй номынхоо утгыг илүү ойлгох, түүний үр дүнд сэтгэлийн амар амгаланг өгөхөөс гадна монголоор уншиж байгаа ном, түүний тайлбар нь сүсэгтэн олныг соён гэгээрүүлэх, тэдэнд бурхан шашны талаар ойлголт өгөх байдлыг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гандантэгчэнлин хийд мөн цахим сүлжээг ашиглан нийтэд чиглэсэн, яавал хүн амар амгалантай байж сэтгэлээ хэрхэн зөв удирдах вэ гэдэгт чиглэсэн тайлбар, таниулга ярилцлагыг хүргэж байгаа.
-Гандантэгчэнлин хийд хэдэн дацантай, тэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Гандантэгчэнлин хийд маань одоогийн байдлаар Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин гэсэн гүн ухааны гурван дацан, мөн Жанрайсиг дацан, Жүд дацан, Дүйнхор дацан, Бадам Ёго дацан, Манба дацан гэж сүсэгтэн олонд номын адис, жанлав хүртээдэг дацангуудтай. Монголын Бурхан шашны их сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургууль зэрэг салбартай. Эдгээр сургуульд ирээдүйн боловсон хүчин болох лам, хуврагуудын боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, сүсэгтэн олны гориллыг хангах, засал, ном уншуулах үйлд дадуулахад чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг.

-Монголоос Энэтхэгт олон шавь, лам, хувраг сурч байгаа. Гандантэгчэнлин хийд тэнд шавилж байгаа лам, хуврагуудтайгаа ямар харилцаатай байна?
-Энэтхэгийн арав гаруй хийдэд одоогоор Монголоос очсон 400 гаруй лам, хувраг сурч байгаа гэсэн тоо бий. Тэдэнд Энэтхэгийн талаас үзүүлдэг эхний боломж бол урт хугацааны оюутны визийг ямар ч хүндрэлгүй, үнэ төлбөргүй гаргаж өгдөг. Үүнд бидний зүгээс Энэтхэгийн ард түмэнд ихэд талархаж байдаг. Оюутанд олгодог амьжиргааны тэтгэлгийг өгч эхэлсэн. Гандантэгчэнлин хийдийн зүгээс тэнд сурч лхаарамбын шалгалт буюу гүн ухааны өндөр дээд цол хамгаалах шалгалтад явж байгаа лам нартаа хэрэв өөрсдөө хүсвэл тэтгэлэг эхлүүлсэн байгаа. Монголдоо ирсэн лам нарыг буцахад виз авахад нь Гандантэгчэнлин хийдийн зүгээс дэмжлэг үзүүлэх, мөн тэдэнд ямар асуудал байна, түүнд нь ойр байх ажлыг эхлүүлсэн. Тэнд байгаа үед нь хичээл сургалт, эрүүл мэндийн талд нь анхаарал тавьж, тухай тухайн дацангуудтай нягт холбоотой ажиллахыг бид хичээж байна.
-Та өөрөө Энэтхэгт олон жил сурч лхаарамба цол хамгаалсан хүн. Сурах нөхцөл байдал тэнд ямар байдаг бол?
-Газар газар адилгүй. Бидний сурч байсан Сэра, Гоман, Жүдэ, Жүмэ хийдүүд бол Далай багшийн байгуулсан номын их орон бөгөөд хүн өөрөө ном үзэхээс бусад хэрэгцээтэй бүх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Өдрийн гурван хоолтой, тодорхой хугацааны дараа хувцсыг нь шинэчилж өгдөг. Боловсролыг үнэгүй олгодог. Бид тэнд сурахын тулд мөнгө төлөх хэрэггүй. Буддын боловсролын түвшинд гүн гүнзгий мэдлэг олж авдаг. Хэдий халуун орон боловч бидний сурч байсан газарт орой их сайхан сэрүүхэн, таатай болдог. Өөрийн зүгээс ном үзэх хичээл зүтгэл гаргахаас бусад нөхцөл бүрдсэн газар. Нэг хэсэг нэг өрөөнд гурвуулаа сууж байсан бол сүүлдээ ганцаараа байх, хоол унд сайн гэх зэрэг тохь тухаар бүрэн хангагдсан.
-Хэдэн мянганы өмнөөс монголчууд Энэтхэгийг “Оюун санааны хөрш” хэмээж, Ганжуур, Данжуур их хөлгөн судар тэргүүт ном, бурхан шүтээн залж, “Бурханы орон”, “Жагарын орон” хэмээн сүсэглэж ирсэн байдаг...
-Монгол оронд Бурханы шашин гурван удаа дэлгэрсэн түүхтэй. Анхных Энэтхэгээс Монголд дэлгэрсэн. Тийм учраас бид оюун санааны ахан дүүс гэж хүндэтгэж эрт дээр үеэс ном, шашин соёлын харилцаа холбоотой явж ирсэн. Энэхүү эрт дээр үеэс уламжлалтай оюун санааны холбоог Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд, бусад сүм хийдүүд маань уламжилж, лам хуврагаа тэнд сургадаг. Шашин, соёлын энэ холбоо өнгөрсөн үеэс одоог хүртэл сайхан дэлгэрч явсаар ирлээ. Цаашид ч дэлгэрч явна гэдэгт итгэлтэй байдаг.
-Монгол Улс ардчилалд шилжих тэр заагаар Бурханы шашин дахин сэргэж эхлэх үест Энэтхэгээс Монголд Кушок Бакула Ринбүүчий гэж Элчин сайд сууж байлаа. Монголд Бурханы шашин дахин сэргэхэд Бакула багш ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байх аа?
-1990 оны нийгмийн шилжилтийн өмнө Бакула Ринбүүчий багш маань Монгол оронд Элчин сайдаар заларч, Элчин сайдын хувиар тухайн цагт доройтоод байсан шашны ном болоод Монголын уламжлалт соёлыг сэргээхэд онцгой ач тусыг үзүүлж, хэдий нас өндөр байсан ч өөрийн алжаал зүдрэлийг умартан хөдөө орон нутагт морилж, номын рашаан, айлдвар сургаал, заавар зөвлөгөөгөө хайрлаж байсан нь онцгой ач гавьяа. Түүнээс улбаалаад Энэтхэг Монголын түүхэн шашин соёлын харилцаа улам дэлгэрсэн түүхтэй.
-Өдгөө хоёр талын харилцаа хэрхэн хөгжиж байна вэ?
-Өнөөдөр бол дээр хэлсэн оюун санааны ахан дүүс гэдэг утгаар, тухайлбал, монгол Ганжуур, Данжуурыг соёлын харилцааны хүрээнд Энэтхэгт хэвлэж, Монгол Улсад үнэ төлбөргүй өгч байгаа. Бурхан багшийн ринсрэлийг Монгол оронд хоёр удаа залж ирэх боломжийг энэтхэгчүүд бидэнд олгосон. Энэ 2025 оны Бурхан багшийн их дүйчин өдрөөр Бурхан багшийн хоёр шавийн ринсрэлийг Монгол оронд залж сүсэгтэн олон түмэнд залбирч сүсэглэх боломжийг олгож байгаа. Энэ бол шашин, соёлын харилцаа их сайхан арвидан дэлгэрч байгаагийн илрэл гэж харж байна.
-Бурханы шашинт бусад улс орнуудаас ирэх жуулчид гийчдэд Монголын Бурханы шашны өөрийн онцлог гэж таниулах зүйл юу байдаг вэ?
-Монголын Бурханы шашны онцлог гэвэл гурван удаа дэлгэрсний сүүлийн дэлгэрэлт нь Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар гэж манай алтан ургийн эрхэм дээдэстэй холбоотой. Түүний ач ивээлээр өнөөгийн манай Бурханы шашны дүр төрх тогтсон байдаг. Манай өөрийн онцлог бол Өндөр гэгээн Занабазар Бурханы шашны арван ухааны урлахуйн ухаан, дотоод ухаан гэх зэргийг хослуулан дэлгэрүүлсэн, уламжлалт сургалт тэр дотроо нэр орчуулга, Өндөр гэгээний дэглэсэн лам, хуврагуудын өмсдөг хувцас, түүний илэрхийлэх бэлгэдэл, дуган сүм, хурал номын ая дан зэргээрээ бусдаас ялгаатай өөр байдаг. Тэр дундаа Дээд хөлгөний судар, тарнийн номыг хоёуланг дэлгэрүүлсэн онцлогтой. Өөр нэг онцлог бол дөрвөн улиралтай Монгол газар нутагт монголчуудын амьдрал, соёлд шингэж чадсан шашин гэдгээрээ бусад газраас ялгаатай болж хөгжсөн. Мөн монголчууд олон зуун жилээр Бурханы шашныг дэлгэрүүлэх явцдаа өөрсдийнхөө амьдралд чиглэсэн, түүнд таарсан олон ном зохиол туурвиж бүтээн үлдээсэн. Тэр ном зохиол нь ганц Монгол гэлтгүй Энэтхэг, Төвөдийн оронд хүртэл нэр алдар нь цуурайтсан байдаг онцлогтой. Монголд Бурханы шашин гурван удаа дэлгэрч эхнийх нь Энэтхэгээс, дараагийн хоёр удаад Төвөдөөс дэлгэрсэн онцлогтой. Мөн Бурхан багшийн Ганжуур, түүнийг Энэтхэгийн мэргэдийн тайлбарласан Данжуурыг өөрийн эх хэл дээрээ бүтэн буулгаж чадсан цөөн орны нэг нь Монгол юм.

-Аравдугаар Богдыг тодруулсан талаар цөөн зүйл хэлнэ үү?
-Монголын Бурханы шашны тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд маань тодорч, лам хувраг, сүсэгтэн, олон түмний баяр хөөр, итгэл сүсгийн орон болж чадлаа. Ингээд зогсохгүй ном эрдэмдээ хичээж, Монголдоо номоо үзэж байгаа ийм үе бол бидний хувьд түүхэн, ховор цаг үе юм. Ирээдүйд Аравдугаар Богд гэгээн маань ном эрдмээ дүүргэж, Бурханы шашныг улам онцгой их дэлгэрүүлнэ гэж бид бүгд итгэж хүлээж байдаг даа.
-Гандантэгчэнлин хийдээс шинээр хийж хэрэгжүүлж ажлуудаас танилцуулна уу?
-“Буддизм ба шинжлэх ухаан” гэдэг төслийг МҮОНРТ, ШУА, Гандантэгчэнлин хийд хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Буддизм, Бурхан багшийн айлдвар, Бурханы шашин гэдэг нь шинжлэх ухаанч зүйл юм. Бурхан багшийн айлдвар Ганжуур, түүний тайлбар болох Данжуурт байгаа эдгээр айлдвар шинжлэх ухааны өнөөгийн баримталж буй үзэлтэй адилхан байна. Зарим нь тэдгээрээс илүү судлагдсан байна гэдгийг эрдэмтэдтэй хамтарч судалж, баталж байгаа. Олон улсын түвшинд Далай багш маань энэ талаар олон үйл хэргийг эхлүүлж, дэлгэрүүлсэн байдаг. Бид ч үүнд хувь нэмэр оруулж хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран Буддын судлал, тэр дотроо “Сэтгэл судлал”-ыг улам хөгжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.
Мөн “Өв соёл, голомт” хэмээх төсөл байна. Гандантэгчэнлин хийдийн Эрдэм, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Голомт банк хамтраад Монголд Бурханы шашин анх хэддүгээр зуунд дэлгэрч байсан гэдэг тэр түүхийг бүр урагшлуулж, долоодугаар зуун гэж байсан бол бүр дөрөвдүгээр зуунд хүртэл дэлгэрч байсан гэдгийг археологийн олдвороос олж тогтоож, Монголын түүх үнэн бодит болох замд чухал ажил болж байна.
Мөн бид нийгмийн сайн сайхны төлөө, соён гэгээрэх үйлийн хүрээнд хотын дүүргүүд, орон нутагт бясалгалын сургалтуудыг явуулж эхлээд байна. Маш онцгой үр дүнтэй ажил болж байгаа. Лам хуврагууддаа дэмжлэг болох үүднээс лам нартаа сургалтыг мөн зохион байгуулж байна.
-Эзэн Чингис хааны эш хөргийг саяхан Гандантэгчэнлин хийдэд залсан шүү дээ...
-Монголчууд эрт дээр үеэс Эзэн Чингис хаанаа бурхны хувилсан дүр гэж хүндэтгэдэг, тахиж шүтэж ирсэн байдаг. Ийм учраас Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдэд Эзэн Богдын бурханчилсан дүрийг олон эх сурвалжийг нэгтгэн, тахилгын судруудад нь байдаг шинжүүдийг бүрдүүлэн бүтээж залсан. Монгол Улсыг дэлхийд таниулсан Эзэн Чингис хааныг монголчууд бурхны хувилсан дүр хэмээн хүндэтгэн байдгийг олон хүн ойлгож мэдэх, холоос зорьж ирсэн аялагч, жуулчид, гадны эрхэм хүмүүс Гандан хийдээр зочлох үеэрээ харж ойлгоосой гэдэг үүднээс эш хөргийг залсан.
-Хийдийн гадаад харилцаа хэрхэн өргөжиж байна вэ?
-Манай хийдийн гадаад харилцаа өмнө нь ч сайн явж байсан, одоо ч улам эрчимжиж байна. Энэ 2025 оны нэгдүгээр сард бид Италийг зорьж Ромын пап Францис эрхэм дээдэс агсантай хүндэтгэн уулзаж шашин хоорондын харилцан хүндлэл, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамтран хийж болох ажлуудыг ярилцсан. Мөн Европын долоон сургуулиар очиж лекц, яриа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сая дөрөвдүгээр сард Европын хоёр сургуультай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Ингэж харилцаагаа улам өргөжүүлэхийг бид зорьж байна. Түүнээс гадна Азийн Буддистуудын энх тайвны бага хурал гэж Монголд төвтэй, НҮБ-д бүртгэлтэй олон улсын Бурхан шашны байгууллага байдаг. Даян дэлхийн амар амгалан, энх тайван, олон түмний сайн сайхны төлөө гол үйл ажиллагаагаа зориулдаг энэ байгууллага маань үйл ажиллагаагаа явуулж байна. Бид дэлхийн шашны тэргүүнүүдтэй хамтран нийгмийн сайн сайхны төлөөх үйлд зорьж байгаа. Бас гадаадын Их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд, Шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч Буддын судалгааг, тэр тусмаа Монгол лам хуврагуудын зохиож судлан үлдээсэн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулахын төлөө ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )