Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Малайзад 2006 оны аравдугаар сард бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг хүлээн авч уулзав. Уулзалтын дараа тэрбээр хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.
С.Шарийбуу: Би Монгол Улсынхаа төрд анх удаа хандаж байна. Сайхан хүлээж авдаг юм байна. Гол нь асуудлыг маш шуурхай шийдэж өглөө. Өнгөрсөн хугацаанд засгийн газарт хандах боломжгүй байсан. Учир нь миний эсрэг Малайзын засгийн газар өргөдөл гаргаж, давж заалдаж байсан. Тэгэхээр энгийн иргэн хүн бүхэл бүтэн улсын төртэй шүүхдэлцэнэ гэдэг дааж, давшгүй хэрэг байсан. Энэ удаад би Малайзын дээд шүүхэд нь давж заалдсан. Миний ганц боломж энэ л байсан. Холбооны шүүхэд иргэн хүн давж заалдахаар Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ төлөө хамтдаа асуудлыг тавих эрх нь нээгдэж байгаа юм.
Уулзалтын үр дүнд хамгийн гол нь Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг Австрали, Малайзтай хэрхэн ажиллах, ямар гаргалаа байгаа, асуудлыг яаж шийдэх гээд ажлыг хариуцахаар боллоо.
Малайзын Холбооны шүүхэд давж заалдах зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргасан. Хэрэв зөвшөөрөл өгвөл би давж заалдана. Зөвшөөрүүлэхийн тулд би Монгол Улсынхаа Засгийн газарт хандсан юм.
Энэ 20 жилд Монгол Улсаас гадаад хэргийн яам, Хүний эрхийн комисс маш олон тооны захидал илгээсэн. Малайзын зүгээс нэг ч хариу ирүүлж байгаагүй.
Намайг мөнгөний төлөө явж байгаа гэж хүмүүс ойлгож байгаа. Би үнэний төлөө явж байна. “Уучлаарай” гэж хэлүүлэхийг хүсэж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )