Дэлхий дахинд төдийгүй Монголд хурдацтай хөгжиж буй дартсын спортыг монголчуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс фестиваль” эхэллээ.
Монголын сонгодог дартсын холбооноос “Их наяд” худалдааны төвийн “Трипл эвент холл”-д зохион байгуулж буй энэхүү фестиваль 10 орны 2000 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд оролцогчдын тоогоороо өмнөх тэмцээнүүдийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Гадаадаас дэлхийн хоёр удаагийн аварга, Японы тамирчин Микүрү Сүзүки, Азийн аварга Морамацү, Сингапурын домогт тамирчин Пол Лим тэргүүтэн иржээ.
Түүнчлэн Герман, Филиппин зэрэг орноосоо чансааны оноо цуглуулахаар тамирчид ирсэн байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү фестивалийн нийт шагналын сан 97.3 сая төгрөг аж. Фестивалийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”-ыг найм, “Ulaanbaatar Open Darts” тэмцээнийг дөрөв, “Professional Darts Corporation”-ын Азийн цуврал тэмцээн Монгол Улсад гурав дахь удаагаа болж байна.

Монголын сонгодог дартсын холбооны ерөнхийлөгч Б.Биндэръяа ярихдаа “Энэ жил манай фестиваль хэд хэдэн онцлогтой болж байна. Тамирчдын тоо нэмэгдлээ. 2000 орчим тамирчин оролцож байна. Зургаадугаар сард PDC-гийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай хоёр тамирчин оролцохоор болсон нь хамгийн том онцлог юм. Оролцогчдын чадвар жилээс жилд өсөж байгааг тэмцээнээс харж болно. Бид “Elite one” хөтөлбөрөө эхлүүлж, шинээр гурван тамирчин нэмэгдлээ.
Төв аймгийн Түвшинбаяр, Говь-Алтайн Энхцэцэг, мөн Санчир гэсэн нар хөтөлбөрт элссэн. Өсвөрийнхөн маань үнэхээр сайжирчээ. Насанд хүрэгчдийн ангилалд оролцож, эн тэнцүү өрсөлдөж байна” гэв.
Тэгвэл Монгол Улсаас анх удаа "Дэлхийн цом"-д оролцох эрхээ авсан олон улсын хэмжээний мастер Л.Ганзориг “Зургаадугаар сард 11-15-нд Германы Франкфурт хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсандаа маш их баяртай байна. Сэтгэл хөдлөхгүй байхын арга алга. Үгээр илэрхийлэмгүй гоё мэдрэмж авсан. Миний хувьд 2019 оноос Ш.Эрдэнэтуяа багшийн удирдлагад дартсын спортыг сонирхож, 2021 оноос мэргэжлийн тамирчин болох замналаа эхлүүлсэн юм. Тамирчдын ур чадвар сайжирсныг тэмцээнээс харж болно. Ялангуяа өсвөрийн тамирчдаа магтан сайшаамаар байна. Тэд үнэхээр сайжирчээ. Бидэнтэй ана мана өрсөлдөж байгааг хараад бахархаж байна. Улам сайжирч, мундаг амжилтыг үзүүлээрэй гэж өсвөрийнхөндөө хэлье дээ. Дартс бол зөвхөн өөртэйгээ тоглодог спорт. Таны хамгийн том өрсөлдөгч бол та өөрөө. Өрсөлдөгч хэн байх сонин биш. Өөрийгөө ялж чадвал та амжилтад хүрнэ. Товчхондоо бол цэвэр сэтгэл зүйн спорт юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэхүү тэмцээнд оролцож буй манай тамирчид дэлхийн чансааны оноог эх орондоо авах боломжтой. Энэ нь тамирчдын хувьд эдийн засгийн дарамтыг бууруулж, илүү боломжийг нээж өгснөөрөө ач холбогдолтой юм.
Өнөөдөр эхэлсэн тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилж, ирэх ням гарагт өндөрлөнө.







Сэтгэгдэл ( 0 )