Хонда компани 70 жилийн дараа алдагдал хүлээлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани 70 жилийн дараа анх удаагаа алдагдал хүлээлээ. Хятадын цахилгаан автомашины эрэлтийг хангах, зах зээлд байр сууриа хадгалахын тулд цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарал хандуулах болсон нь ийнхүү сөрөг үр дагавар авчирлаа.

Хонда компанийн санхүүгийн жилийн алдагдал 423 тэрбум йен болжээ. Нэгэнт зорилт нь амжилтгүй болсон тул үйлдвэрлэлийн зарим зорилтыг цуцалж, зардлаа танахын тулд Хятадаас сэлбэг хэрэгсэл худалдан авахаар болсон байна.

АНУ-ын засаг захиргаа цахилгаан автомашин авбал 7500 хүртэлх ам.долларын хөнгөлөлт эдэлдэг байсан ч Доналд Трампын засаг захиргаа 2025 оны есдүгээр сард үүнийг цуцалсан юм. Энэ нь Хонда компанид сөргөөр нөлөөлсөн байна.

Хонда компани 1957 онд Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлж, улмаар Японы хоёр дахь томоохон автомашин үйлдвэрлэгч болсон юм. Тус компани ирэх жилүүдэд мотоцикль, хос хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, автомашины санхүүгийн үйлчилгээнд анхаарна гэдгээ албан ёсоор зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top